Нэн тэргүүнд улсын Улсын баяр наадмын өмнөх “Өдрийн сонин”-ны дугаар уншигчдын гарт хүрлээ. Танд энэ өдрийн хийгээд Тулгар төрийн 2223, Их Монгол улс 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлте.
Энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрээс олимп, дэлхийн хошой аварга, буудлагын спортын олон улсын мастер Д.Мөнхбаярын ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр Герман улсад ажиллаж, амьдарч буй бөгөөд эх орон, Монголынхоо иргэншлийг солих хүсэлтэй байгаа юм. Харамсалтай нь хуулийн хатуу заалтаас үүдэн түүний иргэншлийг одоогоор сэргээх боломжгүй. Түүнтэй хийсэн ярилцлагаас энэ талаар хийгээд өөр бусад асуудлыг сонирхоорой. Тэрчлэн тэргүүн нүүрээс баяр наадмыг тохиолдуулан өчигдөр Ерөнхийлөгч төрийн дээд одон гардуулсныг сурвалжилснаа хүргэж байна. Монгол улсын гавъяат зүтгэлтэн цолоор дасгалжуулагч Л.Сандагдорж, гавъяат нисгэгч цолоор Д.Баатар, соёлын гавъяат зүтгэлтэн цолоор МН-25 дугаар суваг телевизийн ерөнхий редактор, хөгжмийн зохиолч П.Энхбазар тус тус энгэрээ мялаалаа. Мөн гавъяат дасгалжуулагч А.Басхүү Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх Ж.Нямсүрэн нар Монгол Улсын Ардын багш цолоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач, гавъяат жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин цолоор Хурд хамтлагийн хөгжимчин Д.Отгонбат гавъяат жүжигчин болсон талаарх сурвалжлага нийтлэгдсэн.
Харин улс төрийн мэдээллийн нүүрт УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Г.Баярсайханы ярилцлага нийлэгдсэн. Тэрээр өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэгдсэн асуудлын талаар болон чуулганы үр дүнг тайлбарлан ярьсан байна. Тэгвэл “Өдрийн сонин”-ны бодлогын өнгө аясыг илэрхийлдэг гутгаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо энэ удаа бичжээ. Тэрээр “Илгээлтийн эзэд” гэсэн сэдвээр өгүүлжээ. “Илгээлтийн эзэд” нийтлэлээс цухас дурьдахад “Бид ч гэсэн тийм баатруудтай. Чингэс хаан, Богд хаан, Жалханз, Данзан, Бодоо, бас Сүхбаатарыг бид мэднэ. Бидний түүхийг эргүүлж, залж шинэ шинэ үеийг оройлон эргүүлэх тавилан эдэнд ноогдож байж. Харин тэднийг тойрон хүрээлж, дагаж ирсэн, мянган сайн гавьяа байгуулахаас эхлээд ганцхан зөв алхам хийгээд дууссан баатруудыг харин бид нэрлэж мэдэхгүй. Ямар ч л байсан аль аль нь бидний хувь заяаг өөрчлөх илгээлтийг өвөрлөж төрсөн улс гэдгийг бол мэднэ.
Өдгөө 1990 оны ардчилсан хувьсгалын 24 жилийн ой тохиож байна. Энэ хувьсгалыг оройлсон, түүчээ нь болсон хүмүүсээр би бахархдаг. Өнгөрсөн хойно янз янзаар ярих хүн ч зөндөө л байдаг, угаасаа ч тэгдэг л жамтай хойно.
Энгүүнээр бодоод үзье л дээ. Юу ч хийсэн өөрийгөө зөвтгөх дархан эрхээр хамгаалагдсан тогтоцын өмнөөс босох, ялангуяа улаан хувьсгалд дургүй байсан гэх шалтгаанаар, цаашдаа дургүй хүн гаргахгүй гэсэн бодлогоор Монголын насанд хүрсэн таван эр хүн тутмын нэгийг буудан хороосон туршлагатай байгууллагыг сөрөн зогсох амархан юм гэж үү?” гэх мэтээр сэдвийн хүрээнд эргэцүүлжээ.
Тэрчлэн энэ өдрийн дугаарт хэвлэл мэдээллийн байгууллагын судалгааны талаарх нийтлэл, хуванцар савыг зодоор нь таньж хэрэглэх талаар танд тустай ярилцлага ч хэвлэгдлээ. Хүүхдийн амь аварсан цагдаагийн албан хаагчийн ярилцлага ч багтлаа.