Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1, долдугаар зүйлийн 7.1.9, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийг тус тус үндэслэн Засгийн газрын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагвын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Улсын даян аварга А.Сүхбат, Улсын даян аварга Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олголоо.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Улсын дархан аварга цолны болзол хангасан Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Шонхор-Олимп” дээд сургууль, “Дүнжингарав” дэвжээний бөх, Улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нар өнөөдөр Дархан аварга цол, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авав.
Цол гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Удахгүй улсын баяр наадам болох гэж байна. Улсын баяр наадмын хийморь нь бяр хүчтэй бөхчүүддээ байдаг. Хурдан морьдоо уралдуулж, эрхий мэргэн харваачдаараа харвуулж нааддаг сайхан уламжлалтай.
Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр өмнө нь чимэг байсан, нэг хэсэг бөхийн цол болж явсан Далай аварга цолыг чимгээр нь үлдээхээр болсон. Мөн Дархан аваргын болзол хангасан хүмүүст энэ цолыг нөхөж өгөх тухай хууль гарсны дагуу энэ цолыг олгож байна.
Манай хэвлэлийнхэн, олон нийт нэг буруу ойлголттой байгаа. Ноднин их олон янзын цолонд өөрчлөлт оруулж, түрүүлээгүй бөхөд аварга цол олгох зэрэг тиймэрхүү өөрчлөлт оруулах төсөл орж ирж байсан. Түүн дээр би хориг тавьсан. Тэр хууль батлагдаагүй. Ганцхан Далай аварга гэдэг цолыг хуучин явж байсан чимгээр нь үлдээхээр болсон. Тэгээд ХХ зуунд явж байсан уламжлалаараа Дархан аварга гэдэг цолыг Даян аварга цолтой бөхөд олгож байгаа юм гэдгийг хуулийнх нь дагуу зөв ойлгох хэрэгтэй юм.
Ингээд өнөөдөр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн Агваансамдангийн Сүхбат, Гэлэгжамцын Өсөхбаяр нартаа Монгол түмнийхээ нэрийн өмнөөс, бөхөө хайрладаг , шүтдэг, үздэг Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдынх нь үйлсэд улам их амжилт хүсэн ерөөе.
Монгол түмэн минь сайхан наадаарай. Наадам сайхан болно гэдэгт итгэж байна. Баярлалаа” гэлээ.