ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайерийн манай
улсад хийж буй айлчлал өчигдөр эхэлсэн билээ. Тэрээр Улаанбаатарт ирэхээсээ өмнөхөн манай сонинд өгсөн
ярилцлагыг толилуулъя.
-Ноён
Штайнмайер, та Монголд хийх айлчлалаасаа ямар үр дүн хүлээж байна вэ?
-Манай хоёр улс 40 жилийн өмнөөс дипломат харилцаа тогтоосноос хойш
хамгийн үнэт зүйлээсээ хуваалцан, нягт хамтран ажилладаг сайн түншүүд болсон. Бид
маш амжилттай хамтран ажилласан ойгоо бүтэн жилийн турш тэмдэглэх бөгөөд янз бүрийн
арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Танай Гадаад хэргийн сайд Лу.Болд өнгөрсөн зургадугаар сард манайд айлчилсан. Би
ч Монголд айлчлах болсондоо маш их баяртай
байна.
Бид зөвхөн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх төдийгүй
ирээдүйд хэрхэн хамтран ажиллахаа төлөвлөнө. Айлчлалын үеэр энэ асуудал дээр шаргуу
ажиллаж, улам нягт, өргөн хүрээг хамруулан амжилттай ажиллах талаар ярилцах юм.
Ингэхийн тулд эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тодорхой
алхам хийх хэрэгтэй. Намайг дагалдан Германы томоохон компаниудын төлөөлөгчид явах
бөгөөд тэд Монголтой хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Тиймээс ч танай
компаниудын албан ёсны төлөөлөгчидтэй тээвэр, тээврийн дэд бүтэц, барилга, эрчим
хүчний салбарт хэрхэн хамтран ажиллах талаар ярилцана.
-ХБНГУ-ын
канцлер 2011 оны аравдугаар сард манай улсад
айлчилсан. Энэ үеэр уул уурхай, үйлдвэрлэл, техник технологийн салбарт хамтран ажиллах
гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Эдгээр гэрээнүүдийн хэрэгжилт ямар байгаа вэ?
-Монгол бол ашигт малтмалын орд газраараа дэлхийд тэргүүлдэг орон.
Тиймээс ч байгаль орчныг хамгаалахад олон улсын стандартыг баримтлахыг хичээж байгаа
танай оронтой энэ чиглэлээр хамтрахад бидэнд хамгийн тохиромжтой.
Манай хоёр улс энэ талаарх яриа хэлэлцээгээ байнга гүнзгийрүүлж ирсэн
бөгөөд эхний төслүүд хэрэгжилтийн шатандаа явж байгаа. Үүний нэг жишээ нь Герман-Монголын
ашигт малтмал, технологийн их сургуулийг байгуулсан явдал. Одоо бол таатай нөхцөлийг
бүрдүүлж өгснөөр хувийн компаниудын үр дүнтэй хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх
хэрэгтэй. Учир нь уул уурхайн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа нь бизнесменүүдийн
хүсэл эрмэлзлээс ихэд хамаарна.
-Таныхаар
манай хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх ямар боломжууд байна?
-Соёл, шинжлэх ухаан тэр дундаа эрдэмтдийн солилцоо, оюутнуудад тэтгэлэг
олгох зэрэг нь бидэнд маш чухал. Ялангуяа тэтгэлэгт хамрагдсад нь хоёр улсыг холбогч
нь болдог.
Герман, Монголын хамтын ажиллагааны бас нэгэн салбар бол археологи.
Үүний бас нэгэн том үр дүн бол Улаанбаатар хотын Үндэсний түүхийн музейд “Талын
дайчдын өв соёл” үзэсгэлэнг нээсэн явдал бөгөөд түүнийгээ цаашид улам өргөжүүлэх
болно. Тиймээс ч Хархоринд хэрэгжүүлж буй
археологийн төслийн харилцан ойлголцлын тунхаг бичигт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Германы
Археологийн хүрээлэнгийн захирал профессор Флесс нар гарын үсэг зурах юм.
Ю.ДЭЛГЭРМАА