-УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ ЧУХЛЫГ МӨН САНУУЛЖ БАЙНА-
Эдийн засгийн өсөлт сайн ч сөрөг үр дагавартайг Дэлхийн банкны эдийн засагчид сануулж байна. “Хэт халсан хөдөлгүүр яадаг билээ, үүнтэй адил сөрөг нөлөөтэй” хэмээн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тэхюн Ли зүйрлэв. Тэд жилд хоёр удаа Монгол Улсын эдийн засгийн тоймыг мэдээлдэг бөгөөд MCS плазагийн дөрөвдүгээр давхарт ээлжит мэдээллээ хийлээ. Түүнтэй хамт эдийн засагч Ш.Алтанцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эдийн засгийн хэт өсөлт нь эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож байна гэж ахлах эдийн засагч Тэхюн Ли тодорхойлсон юм. Энэхүү эмзэг байдал нь олон улсын санхүүгийн зах зээлээс зээл авахад сөргөөр нөлөөлдөг үзүүлэлт. Зээл авсан ч хүү өндөр байхад хүргэдэг аж. Сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа. Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлснээс төгрөгийн ханш суларсан, инфляци тогтмол өссөн. Засгийн газраас зээлийг нэмэгдүүлэхгүй мөнгөний нийлүүлэлтээ барьсан тохиолдолд инфляци тогтворжих учиртай. Цэвэр экспорт бага зэрэг өссөн нь Оюу толгойгоос экспортолж байгаа зэс ДНБ-ий өсөлтөд эерэгээр нөлөөлж эхэлсэнтэй холбоотой. Тавдугаар сард инфляци 13.7 хувьд хүрэв.
Гурван жилийн турш эдийн засгийн өсөлт өндөр байсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалт багассанаар урсгал дансны алдагдал ихэссэн. Урсгал дансны алдагдал 2011-2013 онд ДНБ-ий 30 гаруй хувьд хүрч огцом өсчээ. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалтаар төсвийн алдагдлыг нөхдөг байсан. Өдгөө гадаадын хөрөнгө оруу¬лалт төсвийн алдагдлыг нөхөх хэмжээнд орж ирэхгүй байгаа учраас хүндхэн байдалд оржээ. Дэлхийн банкны эдийн засагчид санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох нь чухал гэж үзэж байна. “Эдийн засгийн тогтвортой байдал гэдэг нь эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд барих гэсэн үг биш. Үнийг тогтворжуулж, төлбөрийн тэнц¬лийн алдагдлыг бууруулна гэсэн үг. Хүмүүсийн хэрэглээнд эерэгээр тусч байвал эдийн засаг тогтвортой байна гэж үзэх хэрэгтэй” гэж ахлах эдийн засагч Тэхюн Ли тайлбарлав. Мөнгөний ханшийн уналтаас болоод манай иргэд хэрэглээгээ танаж эхэлсэн. “Мөнгөний бодлогоо чангатгах хэрэгтэй” гэж тэд зөвлөж байгаа юм. Инфляци өндөр хэвээр үргэлжилбэл хэрэглээ дарамтанд орно. Зээл өсөөд байвал инфляци өсөөд байдаг учраас зээлийн өсөлтийг сааруулах хэрэгтэй гэнэ. Валютын ханшийг уян хатан байлгах Төв банкнаас авч байгаа арга хэмжээ зөв гэж үзэж буйгаа ахлах эдийн засагч хэллээ. 2011 онд импорт ихээхэн өссөн дүн гарсан нь зөвхөн Оюу толгойн үйлдвэрлэлтэй холбоотой тоног төхөөрөмж, бараа мате¬риал хилээр орж ирж байсантай холбоотой. Энэ нь урсгал дансны алдагдлыг тэлж орхижээ. Сүүлийн гурван жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар урсгал дансны алдагд¬лаа санхүүжүүлж ирсэн ч гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд 50 хувиар буурсан. Оны эхний таван сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 64 хувиар буурсан дүн гарчээ. Тиймээс Засгийн газар урсгал дансны алдагдлынхаа хагасыг бонд босгож хаасан байна. 2013 онд валютын нөөцөөсөө урсгал дансны алдагдлаа хаахад зарцуулж эхэлжээ. Урсгал дансны алдагдал өндөр, түүнийг хаах хөрөнгө оруулалт байхгүй нөхцөлд валютын нөөц буурна. Гадаад валютын нөөц тавдугаар сард 1.6 тэрбум ам.доллар болж, 2012 оны эцсээр хамгийн өндөр байсан үзүүлэлтээсээ 61 хувиар буурчээ. Энэ нь эргээд төгрөгийн ханшийг бууруулж, үнэ цэнийг нь унага¬хад хүргэдэг байна. Жил хагасын хугацаанд төгрөгийн ханш 25 хувиар суларчээ.
Импорт буурч, зэсийн экспорт сайжирснаар 2014 онд урсгал дансны алдагдал багахан хэмжээгээр буурах төлөв гарчээ. Гэхдээ энэ нь засгийн бодлогын сайных бус. Зах зээл өөрөө өөрийгөө тохи¬руулсан хэрэг гэж Дэлхийн банк¬ны эдийн засагчид тайл¬барлав. Уул уурхайн бус салбар хумигдсантай холбоотойгоор эдийн засаг идэвхгүй байдалд шилжиж импорт буурсан аж. Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 20 хувь нэмэгдэх учраас ашигт малтмалын салбарын өсөлт хэвээр үргэлжилнэ хэмээн эдийн засагчид тооцов.
Инфляци өндөр байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлжээ. Үнийн өсөлтийн хурд, өрхийн орлогыг гүйцэж түрүүлжээ. Хүмүүс хэтэвчиндээ зохицуулан хэрэглээгээ танах болсон. Айл өрхийн өрийн хэмжээ нэмэгдэж байгаад анхаарах шаардлагатайг Дэлхийн банк сануулав.
Орон сууцны моргейжийн зээлийн өсөлтийн улмаас өрхийн өр зээлийн хэмжээ 50 гаруй хувиар нэмэгджээ. 2013 оны байдлаар өрхийн жилийн орлого дахь дундаж өр 60 орчим хувь болж өсчээ. Хэрэв хүмүүс өрийн дарамтанд орж, банкны зээлээ хойшлуулах, хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэж эхэлбэл яах вэ. 2013 оноос эхлээд хүмүүс авсан зээлээ төлж чадахгүйд хүрч, найдваргүй зээл хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсч, банкны тогтолцоонд сөргөөр нөлөө¬лөх хандлагатайг Дэлхийн банк сэрэмжлүүлсэн. Орон сууцны зах зээлийн халалтын талаар тэд нэг бус удаа дурдав. Орон сууцны инфляци огцом өсөх нь маш хэцүү гэлээ. Орон сууцны зах зээл хэт халах нь улмаар банкны салбарт нөлөөлдөг. Төв банкнаас хоёр их наяд төгрөгийг моргейжийн зээл болон барилгын компаниудын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулжээ. Энэ нь барилгын салбарыг халаахад хүргэсэн гэв. Орон сууцны нийлүүлэлт хэтрэх хандлага бий. Ний¬лүүлэлт хэтэрвэл нөхцөл байдал хэцүү болно хэмээн анхааруулав. Орон сууцны зах зээлд нарийн нягт мониторинг хийх ёстой хэмээн тэд сануулж байна.
-Моргейжийн зээлийг сааруулах, багасгах бодлого бари¬вал нэгэнт баригдсан барил¬гууд борлогдохгүйд хүрч, барилгын салбар унал¬тад орж болох уу хэмээн лавлахад “Орон сууцны зах зээл зөвхөн моргейжийн зээл дээр тулгуурлаагүй. Тэгнэ үгүй гэсэн шууд хариулт алга. Мор¬гейжийн зээл барилгын салбарын эрэлтэд нөлөөлж болно. Моргейжийн зээлийг орон сууцны эрэлт хэрэгцээтэй зорилтот бүлэгт хүргэх хэрэгтэй” гэж ахлах эдийн засагч хариулав. Эдийн засагч Ш.Алтанцэцэг “Өнгөрсөн хугацаанд банкны салбарын нийт зээлийн 33 хувь нь моргейжийн зээл, барилгын компаниудад барилга барихад зориулж өгсөн зээл байна. Нийт зээлийн гуравны нэг нь ганц салбарт хандсан нь зээлийн багцыг төвлөрүүлжээ. Эдийн засаг сайжрах төлөв харагдахгүй бол энэ бүхэн хүндрэл үүсгэнэ. Эрсдэл нэмэгдэж байгаа гэдэг үүднээс илүү хяналт тавихыг зөвлөж байгаа юм. Бид моргейжийн зээлийг шууд зогсоо гэж хэлээгүй” гэж хариуллаа. Мөнгөний бодлогыг чангатгахад сөрөг үр дагавар байдаг ч эдийн засгийн тогтвортой нөхцөл байдал үүсгэхэд ач холбогдолтой гэв.
“Хятадын банкны салбар Монголд нээгдэх талаар яригдаж байна. Дэлхийн том банк Монголд орж ирэх нь ямар эерэг, сөрөг талтай вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад ахлах эдийн засагч Тэхюн Ли “Гадаадын том банкны салбар орж ирэх нь давуу болон сул талтай. Хөрөнгийн зах зээл хязгаарлагдмал, хадга¬ламжийн хүү бага, хөрөнгө оруулалтын хэмжээ хязгаарлагдмал нөхцөлтэй Монгол Улсад гадаадын банк мөнгөтэйгээ орж ирсэнээр эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай. Хөгжиж байгаа улс орнууд банкны салбараа нээлттэй болгох нь дотоодын арилжааны банкуудад сөргөөр нөлөөлөх талтай. Гэхдээ дотоодын банкуудын өрсөлдөх чадварыг нэмэх бодлого баримталж, сөрөг нөлөөг давуу тал болгон хувиргаж, үр шимийг нь хүртэж болно” гэсэн юм.
“Улс төрийн харилцан ойлгол¬цол чухал” гэж Дэлхийн банкны эдийн засагчид мөн онцолсон юм. Хэт их зардлыг танаж, Төсвийн тогтвортой байдлын хуулийг дагаж мөрдөх талаар улс төрийн харилцан ойлголцолд хүрэх нь чухал гэсэн л дээ. Ашигт малтмалаас орж ирэх орлогыг үр дүнтэй захиран зарцуулж удирдах талаар бодох цаг болжээ. Баялагийн сангийн сайн тогтолцоо бий болгох нь хожим “бороотой өдөр” зарцуулах, хойч үедаа хадгалж үлдэх боломж олгоно гэв. Эдийн засгийн өсөлт буурахад санаа зовох хэрэггүй. Төсөв санхүүгийн тогтвортой байдал бий болгоход анхаар гэж давтан сануулж байна лээ.
Б.ЯНЖМАА
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН