Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Өнгө будаг нь цацарсан ҮЗЭСГЭЛЭНТ БРАЗИЛ

Дэлхийн сая сая хүн  тэр аяараа хөл бөмбөгөөр давалгаалах сэтгэл хөдөлгөсөн ховорхон өдрүүдэд уншигч олондоо Бразил орноор аялсан аян замын тэмдэглэлээ хуваалцахыг ихэд хүслээ.  

Ингээд нуршилгүйхэн тэмдэглэлээ хүргэе. Манай гэр бүл аяллынхаа анхны алхмыг Вашигтон дахь Бразилийн элчин сайдын яамаас виз авахаар эхэллээ. Хамгаалалтын албаны хар хөх өнгийн формтой өндөр, бахь биетэй бразил залуу биднийг харан  инээмсэглэсээр элчингийн шилэн хүнд хаалгыг түлхэн онгойлгов. Тэрээр  богино ханцуйтай  форм өмсчээ. Хоёр гар нь бугуйгаа хүртэл битүү шивээстэй. Зүүн нүднийхээ өтгөн хар хөмсгийн дундуур ташуу зураас гарган  зориуд гурван хэсэг болгон тасалжээ. Элчингээр орж гарах хүмүүс  “панк” эрийг  зэрвэсхэн хараад л өнгөрцгөөнө. Гаднах байдлаараа этгээд харагдах ч бразил хүний найрсаг зангаар жижиг зүйлс дээр ч төвөгшөөлгүй сэтгэлээсээ тусалсны ачаар бидний виз хурдан  шуурхай гарчихав. Ажилдаа хариуцлагатай залуу маань үүд хүртэл биднийг гарган өгч аян замын дөрөөг бэлгэ дэмбэрэлтэй сайхан үгээр мялаасанд бид гурав ч сэтгэлээсээ талархсаар саллаа. Майамигаар дамжин Рио-де- Жанейро ороход найман цаг гаруй болдог аж. “Рио-де- Жанейро”  буюу “Нэг сарын гол” хэмээх их хотын гудамжинд хөл тавьмагц л  зургаан сая гаруй хүн амын шигүү бөгөөд бужигнасан амьдралыг  ”арьсаараа”  л мэдэрч билээ.( Бразилийн нийт хүн ам 202, 694, 000, дэлхийд дээрээсээ тавд орно)

Суусан таксины жолооч бүлтгэр хар нүдтэй, гялтганасан бор залуу. Онгорхой цонхоороо салхи шуугиулан давхингаа, урд  толио үе үе харна.  Бидэнтэй харц тулгармагцаа томоос том цагаан шүд гарган инээмсэглэж нэлээд аялгатай англи хэлээр нөхөртэй маань яриа эхэлж хотоо танилцуулж гарлаа. Замын хажуугаар харагдах хямд төсөр барилгуудын  өнгө төрх, хэлбэр үзэмж нь цаашлах тутмаа аажим сайжирсаар нэг л мэдэхэд амьдралын өртөг ихтэй  Атлантын далайн хөвөө даган унасан дэлхийн  сайхны нэгэнд  тооцогдох  үзэсгэлэнт Copacabana-Копакабана эрэгт ирцгээлээ. Гадаа сүүдрэвч доор сууцгаан хүйтэн шар айраг шимэх царай тунгалаг,  дэгжин хүмүүс толгой дохин инээмсэглэх нь зан сайтайг илэрхийлэх ажуу. 

Халууцсаныг хэлэх юм биш. Сэрүүхэн тохилог буудлынхаа өрөөнд орж  цүнх саваасаа салж, гутлаа тайлахад ядарсан хөлийн улыг хүйтэн гантиг шал сэрүүн татуулан жигнэх нь  хичнээн таатай. Цонхны  зузаан хөшгийг яран дэлгэмэгц гэв гэнэт  нүдний өмнө гайхамшигт зурагтай номны хуудас дэлгэгдэх  мэтээ…  Нэг л итгэмээргүй гоё… Хараа үл салгам үнэхээр сайхан харагдах аж. Байгаль эх энэ нутгийнханд юу ч харамлаагүй мэт. Мянга мянган жилийг элээсэн, геологийн цаг тооллоор маш эртнийд тооцогдох мөлийж мохоо болсон оройтой помбогор бөөрөнхий хэлбэрт аварга уулс нь нууцлаг бөгөөд сүрлэг.  Яг л үлгэрийн мэт энэхүү өндөр уулсын ёроолоор Атлантын далайн номин цэнхэр ус  түрэн орж, эрэг хормойгоороо цав цагаан торгон элсээр эх газраас өөрийгөө таслан  тусгаарлажээ. Байгалийн энэхүү гайхамшгийг  цааш үргэлжлүүлэгч нь гадаа талбайн нэрт  архитектор  Роберто Маркс. Түүний уран сэтгэмжээр 1970 онд бүтээсэн далайн үелзсэн давалгааг дүрслэн хар цагаан чулуугаар хослуулан шигтгэсэн, дөрвөн км үргэлжлэх явган хүний зам  үнэхээр гайхам. Гүн цэнхэр далайнхаа дундуур шугам шиг зурайтал татсан 14 км орчим урт  гүүр барьжээ. Харц татам урлагийн бүтээл болсон энэ гоёмсог гүүр  Рио хот хуучин нийслэл Нитерой хоёрыг холбодог. Өдөрт дунджаар 140 мянга гаруй машин зорчдог байна. Хамгийн сонирхолтой нь гүүрийг  бүр  анх 1875 онд барихаар төлөвлөж байсан байх юм. Үеэс үе дамжсан энэхүү мөрөөдлийг  1974 онд буюу бараг 100 жилийн дараа  биелүүлсэн хүн бол Бразилийн архитекторуудын  “сор” гэгддэг Оскар Нимейер юм. Энэ эрхэм  Нью-Йорк дахь НҮБ-ын барилгыг барихад хүртэл гар бие оролцож явжээ. 

Өдрийн наранд далайд  сэлж, биеэ шарж,  эргээр нь хоол унд эргүүлсэн, дуулж хуурдсан хүмүүс байсан бол харин үдэш чийдэнгийн гэрэлд нүцгэн хөлөөрөө элс бужигнатал гар, хөл бөмбөг тоглох хүмүүс олон юм. Заримдаа нэгэн төрлийн бүжиг хийгээд ч байгаа мэт сонин санагдана. Далай дагасан амьдрал үеийн  үед л ийм байж дээ гэхчилэн элдвийг бодсоор сонирхон явж байтал  нөхөр, хүү хоёр маань өлсөж байна хэмээн дуу дуугаа авалцан сүйд болцгоов.

Шөнийн амьдрал ч ид цэцэглэж хоол зоогийн газар чөлөө завгүй. Бид хэд ч Бразилийн үндэсний зоогийн газарт зориуд орцгоов. Манай барилгын дэлгүүрт тэнгэрт хадсан үнэтэй байдаг бразил чулуугаар эндэхийн зоогийн газар ханаа битүү доторлочихож.  Арай л  тайзаа бүрээгүй юм уу даа. Бразилчууд гоёмсог сайхан гантиг чулуугаар хана туургаа ёстой л чимэглэе гэж чимэглэжээ.  Дашрамд хэлэхэд байгалийн нөөц баялагтай  энэ орон манайд нүдний гэм байдаг халтар мана, гартаам гээд гуч гаруй төрлийн үнэт чулуутай. Түүгээрээ нутгийнхаа шувуу загасыг  амьд мэт хийсэн нь тун гоёмсог.  Гял цал ресторанд ороод суумагц эргэн тойрон дандаа эрэгтэй зөөгчид үйлчилж байгааг хараад   нэг  л хачин  санагдаад явчихав.  Лалын шашинт Пакистанд амьдарч байсан дурсамжууд сэтгэлд сэр хийх нь тэр. Удаж төдөлгүй бидний ширээ амт сайтай шинэхэн ногоо, анхилам үнэрт жимс, шинэхэн талхаар дүүрэв. Хоёр залуу  метр гаруй, хальт харвал сэлэм гэж харахаар төмөр шоронд сүлбэсэн,  атгасан гарын дайтай шарсан хэдэн хэсэг махыг том балиус хутгаар шүүс дуслуулан хүн болгоны  тавган дээр зүсэж өглөө. Алдарт бразил үхрийн мах аргагүй л амттай зөөлөн байна хэмээсээр бид амтархав. Бразил үхрийнхээ тоогоор Энэтхэгийн дараа ордог улс.  Дэлхийн уушги хэмээдэг Амазоны үржил шимт өвс ургамлыг  хоол тэжээлээ болгосон эрүүл чийрэг бразил үхэр сүргийн ашиг шим, ялангуяа  мах экспортлолт сүүлийн таван жил дэлхийд рекорд тогтоожээ.  Америк болон хөрш орнуудад махаа экспортолдог төдийгүй орон нутгуудад мянга мянган ажлын байруудыг гаргадаг улс. Зөвхөн үхрийн мах нь улсынхаа  эдийн засагт хоёр тэрбум ам.доллар оруулж чаддаг. Биднийг орж ирэхэд л байсан  португал хэлээрээ шуугилдан шулагнаж байсан хүмүүсийн хоол өндөрлөх шинж огтхон ч алга. Тэгсхийж байгаад бид гурав ч буудлынхаа зүг хөдөлцгөөв.

Маргааш өглөө эрт  буржгар шар үст Марта аль хэдийнээ ирчихсэн  задгай  цагаан жип машины жолооч эртэй хөөрөлдөн биднийг хүлээн буудлын гадаа   зогсч байв. Төлөвлөгөө ёсоор Рио хотын нэрт цэцэгт хүрээлэнг зорилоо, замдаа  дөрвөн франц,  аргентин хосуудыг  аваад “Тижука” үзэсгэлэнт ойг зорилоо.

Анх 1808 онд Португалийн хаан Жон VI, Бразилд байдаггүй мод ургамлыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан энэхүү ойд тарьж байсан нь бидний очих газар. Тэрээр Энэтхэгийн баруун хэсгээс задь, чинжүү зэрэг ховор нандин бүхнийг авчирч  нутагтаа тарьж чаджээ. Тэгээд1822 онд зул сарын баяраар нээлтээ хийж ард түмнээ оруулж байсан тухай түүхэнд тэмдэглэгджээ. Үзэсгэлэнт ойн усан цөөрөмд хөөрхөн яст мэлхийнүүд амар амирлангуй хөвж зарим нь наранд биеэ ээн тухлах аж. Нийт 540 мянган хавтгай дөрвөлжин  километр  газарт дэлхийд ховордсон ургамал модноос эхлэн ойролцоогоор 6500 төрлийн чамин ховор цэцэг, навч, кактус, зуу гаруй төрлийн үзэсгэлэнт шувуудтай үзэсгэлэнтэй ой юм. За тэгээд байгалийн музей, хоол зуушны газрууд, уран баримал, усан оргилуур, эртний чулуун шигтгээт баннёс гээд  бүгдийг нэг дор цогцлоожээ. Өндөр хадан хавцлаас солонго татуулан унах хүрхрээний ойролцоо сууцгааж,  ус уун зураг авцгааж түрхэн амарч  амжив.  Угийн яриа хөөрөө сайтай Марта халуун орны хамгийн сайхан гэсэн бүхнийг тайлбарласаар хүчирхэг аварга хүрэн улаан моддыг зааж “бразил мод” гэв. Хүчирхэг энэ сайхан модноос өнөө улаан будаг гаргадаг алдарт бразил самар ургадаг аж. Португалийн язгууртан, армийн командлагч  Педро Алварес Кабрал 1500 онд энд газардсанаар  колончлол эхэлжээ. Шинэ орныг нэрлэхдээ  хамгийн эртний хуучны модны нэрээр “Бразил” хэмээсэн байна. Аялагч бид  нилээн хугацаанд их ч юм үзсэн тул ойгоос гарцгаан машиндаа сууж, элдвийг хуучилсаар 700 гаруй метр өндөр үзэсгэлэнт Корковадо ууланд очицгоов.

Тэртээ дээр уулын оргил оройд дэлхийн гайхамшгийн нэгэнд зүй ёсоор ордог гараа алдлан дэлгэсэн 40 орчим метр өндөр, нүсэр том харагдах Исус Христосийн хөшөөний зүг өгсөцгөөв. Тэртээ өндөрт толгой дээгүүр нь хөвөн цагаан үүлс нүүж, тэртээ доор далайн ус цэнхэртэн өтгөн нов ногоохон модод дундаас хашийн  цагаан барилгууд наранд гялтагнасан  их хотоо харан зогсох “эзэн Исус” нь сүрдэм.  Хамгийн анх 1850 онд хөшөөг энд босгох саналыг хамба лам Винсентайн гаргасан түүхтэй. Хотынхоо хамгийн өндөрлөг, байгалийн “эрхэм тансаг” оройн дээд газартаа шүтээнээ  залж чаджээ. Бразилчуудын дунд шүтлэг бишрэлтэй нь холбогдсон  нэн сонирхолтой судалгааг хэлэхэд хүн амынх нь 97 хувь бурханд итгэдэг харин нэг хувь нь  огт итгэдэггүй байна. Шүтлэг ихтэй энэ орон уран хийц чамин загвартай олон арван сайхан сүм дугантай. Шашныхаа зан үйлийг  далайн эрэг гудамж  талбайд  гүйцэтгэж байх нь олонтаа тааралдана.

Өдөржингөө  уул усаар явсан бид Мартагаас салж, усанд орж, хувцсаа солиод,  шинэхэн ногоотой хөнгөхөн хоол идэж биеэ сэргээж  аваад сэрүү унамагц Лапа гэдэг урлаг соёл, шөнийн дуу хөгжмөөрөө алдартай газрыг зорилоо. Жолооч биднийг бужигнасан улсын дунд буулгачихаад л давхиад явчихав. Эргэн тойрон дуу хөгжим  хангинаж, энд тэндгүй бүжиглэсэн хүмүүс.  Замаар дүүрэн хөгжилдөн инээсэн улс хөлхөлдөнө. Анх хараад юунд ороод ирчихэв ээ хэмээн өөрийн эрхгүй  цочин дуу алдаж билээ. Халуун цуст бразилчууд ёстой л  бужигнан  буцалдаг юм билээ, тэнд. Бөмбөрийн эрч хүчтэй жавхаат аялгуу, хийморь золбоо сэргээх бүжгийн увидаст  хүч  зүрх сэтгэл дэх зовиур гунигийг элдэн хөөх мэт нэг л сайхан санагдсан шүү. Хөгшин залуу, эр эм, хар шар гэлтгүй  ичих зовж биеэ барих зүйл энд алга. Бүгд л  өөрөө өөрийнхөөрөө байх нь хичнээн сайхан, нэг л эрх чөлөөтэй. Ийн бужигнаж явахад өргөн замын голд дунд бүжиглэх  цав  цагаан үс,  хөмсөгтэй, саарал өмдтэй,  туранхай өвгөн миний анхаарлыг ихээр татаж билээ. Тэрээр цагаан цамцныхаа ханцуйг шууж судас шөрмөс гүрийсэн туранхай  гараа дээш  нь шидлэн гав ганцаараа бүжнэ. Өнгөрөн зөрөх охид залуус хэсэгхэн зуур өвгөнтэй зэргэцэн бүжиж байгаад орхиод л явна. Тэгж байтал  нэгэн хижээл эмэгтэй ирээд бас л хамт хөл нийлүүлэн бүжиж байгаад  яваад өгөх жишээтэй. Урсан өнгөрөх олон мянган хүнээс хэн нь ч  өвгөнийг гадуурхаж, дооглож шоолохгүй нь үнэхээр гайхам сайхан. Одоогоос  500 жилийн тэртээд африк, европ, америкийн индианчуудын өв уламжлал дээр хөгжсөн Бразилийн дуу бүжиг олон ястан үндэстэн сая сая ард түмнээ хооронд нь сэтгэл зүрхээр нь  холбон зангидсан мэт санагдаж билээ. 

Д. АЗЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *