Categories
мэдээ цаг-үе

Дотуур байранд амьдарч байгаа хүүхэд гэр бүлийн харилцаа, үнэт зүйлсийг мэдэхгүй өсдөг

“Дотуур байран дахь хүүхэд хамгаалал” гэсэн сэдвийн хүрээнд өчигдөр зөвлөлдөх уулзалт боллоо. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Нээлттэй нийгэм форумтай хамтарч “Дотуур байран дахь хүүхэд хамгаалал, стратегийн өмгөөлөл” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Ерөнхий боловсролын  сургуулийн 16 дотуур байранд очиж судалгаа явуулжээ.  Энэхүү судалгаагаа өчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүдэд танилцуулсан юм.  Энэ талаар  Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зөвлөх С.Баасанбатаас тодрууллаа.

-Дотуур байруудаар явж Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхэд судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүнг танилцуулахгүй юу?

-Нийтдээ 16 дотуур байранд очлоо.  Хоёр чиглэлээр судалгаа хийсэн. Дотуур байрны нөхцөл байдал ямар байгаатай танилцахаас гадна хүүхэд  дотуур байранд байхдаа хамгаалагдах эрхээ эдэлж байна уу гэдгийг онцгойлон анхаарч судаллаа. 

Өөрөөр хэлбэл, хүүхэд хүчирхийлэлд өртөж байна уу, үе тэнгийн дарамт байна уу, үл хайхрах, ялгаварлан гадуурхагдах, магадгүй мөлжлөгт өртө ж болзошгүй гэдэг үүднээс судалгааг явууллаа. Байрны нөхцөл байдлын хувьд, бидний очсон нийт 16 байрны зургаа нь мэргэжлийн хяналтын дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ. Өөр сонголт байхгүй учраас тухайн байранд өнөөдрийг хүртэл хүүхдүүд байрлаж байна. Уг нь дэлхийн жишгээр сургууль, цэцэрлэгийн байр стандартын хувьд хамгийн дээд  хэмжээнд байх шаардлагатай. Найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй стандартууд байдаг. Гэтэл манай улсад эсрэгээрээ малчдын хүүхдүүд хамгийн муу, нурж унах шахсан байранд байрлаж байна. Байрнуудын дулаан 14-15 градус. Стандартаар 20 градусаас доошгүй байх ёстой. Хүйтэн зэврүүн нөхцөлд хүүхдүүд гадуур хувцастайгаа суудаг. Бие засах газар нь дотуур байрнаас 30-50 метрийн зайтай. Тэр нь тээр тэнд ёлтойсон гэрэлтэй байх жишээтэй. 23.00 цагт дотуур байр гэрлээ унтраадаг. Тэгэхээр бага ангийнхан бие засах  газар руу явах замдаа айхаас эхлээд халдлагад өртөх эрсдэл өндөр байна.  Бие засах газар хол, гэрэлтүүлэггүй байгаа нь асуудал юм. Шөнө оройн цагаар 30 метрийн зайд хүүхэд гараад бие засах ямар байх вэ? Үнэхээр дотуур байрны нөхцөл хүнд байсан.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын дотуур байр  үнэхээр хүнд нөхцөлтэй. Орны хүрэлцээгүйгээс болоод хүүхдүүд өвөртөө унтдаг. Ах, эгч дүүс холилдож байдаг. Магадгүй өсвөр насны эрэгтэй хүүхэд эмэгтэй дүүтэйгээ байвал бид эрсдэлтэй гэж үзнэ.

-Хүүхдүүд хүчирхийлэлд өртөх, дарамтад орох, сэтгэл санаагаар гутрах ийм байдал хэр элбэг байдаг вэ?

-Хүүхдүүд үе тэнгийн дарамтад их өртдөг юм билээ.  Үүнийг хэвийн юм шиг ойлгодог. Хүүхдүүд байдаг л юм гэж  хүлээж авч байна лээ. Том  хүүхдүүд нь багачуудаасаа мөнгө татах, айлгаж зодох, хөвгүүд нь охидоо шоглох, өөр хоорондоо бүлэг болж тэмцэлдэж нэгнийгээ дарамталдаг.  Үе тэнгийн дарамтаас ангид байна гэдэг бол хүүхдийн хамгаалагдах  нэг эрх юм.  Хамгийн ноцтой нь дотуур байранд  хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг. Бие биенийгээ зодож, ялгаварлах, бэлгийн халдлагад өртөх тохиолдол гарсан байна. Жирэмсэн болсон охидууд байна. Энэ зүйлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бараг хийдэггүй. Багш нь өөрөө бэлтгэгдээгүй.  Ийм зүйл боллоо гэхэд ямар арга хэмжээ авч, ямар хариу үйлдэл хийх вэ гэдэг зааварчилгаа дутмаг. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол яаж асуудлыг шийдэх вэ, яаж нууцлалыг хадгалах вэ гэдэг журам байх ёстой. Ийм зүйл байхгүйгээс болоод нууц задарч хүүхэд  сургуульдаа байтугай сумандаа байх боломжгүй болж, өөр сум руу нүүх, эсвэл сургууль завсардах тохиолдлууд гарсан байна. Бид тоон судалгаа хийсэнгүй. Чанарын судалгаа хийлээ.  Ихэнх дотуур байранд ийм байдал түгээмэл ажиглагдсан. 

-Хүүхэд гэр бүлтэйгээ байх нь хамгийн чухал зүйл. Хар нялхаараа гэрээсээ хол хуарангийн маягаар дотуур байранд байрлаж байгаа нь хүүхдийн хүмүүжилд маш сөргөөр нөлөөлж байна гэдэг. Энэ тухайд?

-Зургаан настай хүүхэд сургуульд явдаг болсон, дотуур байрны нөхцөлд үнэхээр тохиромжгүй байна.  Тэднийг асран хамгаалах багшийн хүрэлцээ байхгүй.  Нялхаараа байгаа  хүүхдүүд гэрээсээ хол хямарна. Сургуулийн амьдралд дасах гэж  хэсэг хямарна. Ээжийнхээ  мөөмнөөс гараагүй хүүхдүүдийг гэрээс нь хол дотуур байранд байлгаж байгаад их санаа зовж байна. Нөгөө талаас  зургаан настай  хүүхдээ сургуульд явуулах гээд зарим залуу гэр бүл хоёр тусдаа амьдарч эхэлж байна. Аав нь малаа хараад үлддэг. Ээж нь төвд хүүхдээ эргэж тойрч тусдаа байдаг. Энэ нь эргээд гэр бүл салах шалтгаан болж байгаа юм билээ.  Ер нь Хүүхдийн эрхийн хорооноос сануулга ирсэн. Дотуур байранд хуарангийн нөхцөлд хүүхдийг амьдруулна гэдэг бол хүүхдийн амьдралд гэм хор учруулсан зохимжгүй орчин гэж. Дотуур байранд амьдарсан хүүхэд гэр бүлийн ариун нандин харилцаа, гэр бүлийн үнэт зүйлс, харилцан хамааралтай байх, бие биедээ өгч авалцах,  гэр бүлээ гэсэн сэтгэлтэй байх, гэртээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ийм харилцаанаас ангид тусдаа өсч  байна. Өөрөөр хэлбэл, дотуур байранд бүлэг фракцаар амьдардаг.  Хоорондоо өрсөлддөг,  ямар нэг зүйлийг булааж,  бусдыг дарамталж эзэмшихэд суралцдаг.  Хэт хувиа бодсон ийм  хүн болж өсдөг. Тиймээс Хүүхдийн эрхийн хорооноос дотуур байрны хүүхдийг эцэг, эхтэй нь ойр байлга. Дотуур байрны нөхцөл байдлыг гэр орны нөхцөлд дүйцүүлэх хэмжээнд тусгай  хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн санал тавьсан. Нөгөө талаас эцэг, эх хүүхэдтэйгээ долоо хоногт биш юмаа гэхэд сар бүр ирж уулздаг болох ёстой. Эцэг, эхээсээ хөндий өссөн хүүхэд амьдрах чадвараасаа хөндийрч бэлэнчлэх сэтгэлгээтэй, хүмүүжил нь ч гэсэн доголдолтой болдог. Гэр бүлийн харилцааг хэзээ ч юугаар ч орлох боломжгүй зүйл. Үүнээс  ангид өссөн, хүнд өгөх, авах, хайрлуулах, хайрлах хэрэгцээ нь хангагдаж чадахгүйгээсээ болоод хожим  нь гэр бүлийн амьдрал зохиох юм уу, нийгмийн амьдралд нь бэрхшээл учирдаг эрсдлүүд байгаа юм. 

-Манайхаас өөр улсад хүүхдийг хуарангаар нь байлгадаггүй гэсэн ?

-Үнэхээр хүүхэд гэртээ л өсч, торнимоор байгаа юм. Нүүдэлчин ахуйтай малчид учраас яалтай билээ.  Үүнээс гарах гарц хайх хэрэгтэй байна.  Энэ маягаар 90  жил явлаа. Ядаж дотуур байрыг гэр бүл шиг нь дүйцүүлсэн маягаар орлуулж болох гарц байна уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй байна. Хүүхдийн эрхийг зөрчихгүй тийм орчин хэрэгтэй байна. Гадныхан бол гайхаад байдаг. Ямар хүмүүжилтэй ямар хүн болж өсөх бол гээд.  Манайхан л болж байна  гээд байгаа. Эргэж харах зайлшгүй асуудлын нэг юм.  Цаашдаа дотуур байранд өссөн хүүхэд гэр бүлийн амьдралаа хэрхэн зохиож байна,  нийгмийн амьдралд ямар байр суурьтай оролцож байна гэдгийг нарийвчилж судалж үзмээр байгаа. 

-Дотуур байрны хүүхдүүд та нартай хэр чөлөөтэй ярьж байсан бэ. Юу ярьж байна?

-Биднийг очиход хүүхдүүд шалгуулж байна гэж ойлгоод нууцлах маягтай байна лээ.  Гэхдээ бид сөргүүлээд нэг асуултыг нь нөгөөгөөр нь нөхөөд нэлээд сайн яриуллаа. Тэгэхэд хүүхдүүд хоолондоо цадна гэж байхгүй. Бэлэн гоймон иддэг гэж байна. Мөнгө хамгийн их хэрэгтэй зүйлийг нэг. Эцэг, эхээс  мобайл банкаар мөнгө авна. Авахгүй нэг нь байнгын өлсгөлөн байдаг гэж байсан.  Хоол нь амтгүй. Дотуур байр нь сургуулийн үдийн цайг бэлтгэдэг учраас бүүр ч асуудалтай юм билээ. Багш үнэхээр хүрэлцээгүй. Тэр олон хүүхэдтэй багш хагас цэрэгжилтийн байдалтай ажиллахгүй бол бодит байдалд хүчрэхгүй нь тодорхой. 70-аад хүүхдэд нэг багш оногддог гэхээр хүүхэдтэй тулж ажиллах ямар ч боломжгүй. Тиймээс дотуур байранд ядаж сэтгэлзүйч хүн маш чухал байгаа юм. 

Х.ЦЭНД-АЮУШ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *