Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн бүлгийн мэдэгдсэнээр, Баруун Африкт “Эбола” вирусын тархалт хяналтаас гарлаа. Энэ өвчнөөр хэдийн 300 гаруй хүн нас баржээ.
Үхэлд хүргэдэг энэ вирусын тархалттай тэмцэхэд бидний хийж чадах бүхэн хязгаартаа тулсан гэж “Хил хязгааргүй эмч нар” ТББ мэдэгдсэн юм.
Энэ өвчин анх өнгөрсөн гуравдугаар сард Гвинейн өмнөд нутагт гарч, тэр цагаас хойш хөрш Сьерра-Леон болон Либерид тархжээ.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, тус гурван улсад энэ өвчний вирусын халдвар авсан, авсан байж магадгүй 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн аж. 338 хүн нас баржээ.
“Эбола” вирусын халдвар авсан тохиолдолд эрхтнүүд болон арьснаас цус гоожиж, тамирдуулдаг бөгөөд амь насаа алдах эрсдэл 90 хувьтай байдаг. Одоогоор эмчлэх үр дүнтэй ямар ч арга байхгүй байна.