Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг боловсруулсан юм.
Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл аюулгүй тав тухтай амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн эхний үе шат нь Улаанбаатар хотын хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал болон Баянхошуу орчмыг Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгон хөгжүүлж эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим хүн оршин суух боломжтой, нийгмийн үйлчилгээ, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэх хөтөлбөр бөгөөд эхний ээлж 2014-2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тус хөтөлбөрийг 2014 оны 5-р сарын 23-ны өдөр Монгол Улсын их хурлаас Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг соёрхон баталсан бол Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 28-ны хуралдаанаар “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зарчмын хувьд зөвшөөрч, зээлийн хэлэлцээрүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олголоо.
Энэхүү зээлийн эх үүсвэр нь:
• Азийн хөгжлийн банкны ердийн эх үүсвэр,
• Азийн хөгжлийн сангийн хөрөнгө,
• Буцалтгүй тусламж
• Европын хөрөнгө оруулалтын банкны хамтарсан санхүүжилтээс бүтэж байна.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 26-нд болсон ээлжит хуралдаанаар уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулахаар шийдвэрлэсэн.
Баянхошуу дэд төв нь СХД-ийн 7,8,9,10, 28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн хөгжүүлж, сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, соёлын төв зэргийг цогцоор нь барихаас гадна, автозам, явган зам, тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг барихаар тусгасан байна. Харин Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 14,18 Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж, хотын дэд төв болгон хөгжүүлнэ.
Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжийн 104,5 сая доллартай тэнцэх санхүүгийн эх үүсвэрийг авах эрхийг шийдвэрлэж өгснөөр энэ жилийн 7-р сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлж 2016 онд Улаанбаатар хот 2 дэд төвтэй болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.