Тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг гэсэн гомдлын дагуу тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ. Уг журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.
Журмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна. Замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр энгээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ гэж заажээ.
Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагтбагтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ. Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм. Тээврийн хэрэгслийн дугуйг дугуй түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна.