Украины Ерөнхийлөгч П.Порошенко болон тус улсын Гадаад хэргийн сайд П.Климкин нар Брюссель хотноо болж буй Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Энэ үеэр Европын холбоо Украинтай хамтран ажиллах тухай гэрээний нэг хэсэг болох эдийн засгийн хамтын ажиллагааны тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Гэрээг үзэглэсний дараа П.Порошенко хэлэхдээ “Энэ бол тогтвортой болон аюулгүй байдал өнөөдөр юунаас ч илүү чухал байгаа Украины хувьд түүхэн мөч” хэмээн онцлон дурджээ. Украины шинэ эрх баригчид Европын холбоотой нягт хамтран ажиллаж ирээдүйд түүний гишүүн болох бодлогыг баримтлан ажиллаж байгаа билээ.
Гэтэл Украины зүүн нутагт байдал ээдрээтэй хэвээр байна. Тус улсын Ерөнхийлөгч салан тусгаарлах үзлийг баримтлагчидтай хэлэлцээ хийсний эцэст түр гал зогсоохоор тохиролцсон юм. Энэ хугацаа нь өчигдөр буюу баасан гаригийн 10.00 цагт дууссан боловч хоёр тал одоо болтол тодорхой тохиролцоонд хүрээгүй байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зуучилж өчигдөр Украины эрх баригчид болон салан тусгаалах үзлийг баримтлагчидтай дахин уулзахаар болсон. Гэвч энэ нь ямар үр дүнтэй болсон нь тодорхойгүй байна.