“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” зүгээр л шоу байсан юм биш байгаа. УИХ долдугаар сарын 1-нээс завсарлана гэхээр ийм бодол төрөв. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг хэр түргэн батлахаас эрчимжүүлэлтийн ажил шалтгаална гэдгийг Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан. Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр 20-иод хуулийн төсөл УИХ-д хүргэгдсэн гэсэн тоо бий. Гэтэл УИХ бизнес эрхлэгчдийн тэгтлээ их хүсэн хүлээгээд байгаа Эдийн засгийн өршөөлийн хууль, татварын шинэчлэлийг багцаар нь хийгээгүй, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийг олгож эхлэх шийдвэрийн алийг нь ч гаргаагүй мөртлөө наадах тухай бодож эхлэв.
Үнэхээр 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлэхээр шийдсэн бол УИХ, Засгийн газрын гишүүд орондоо орох завгүй л баймаар юм. Гэтэл эдийн засгийг эрчимжүүлэх бодлогуудыг хурдан шийдвэрлэхийг хэн шаардаж байна вэ. Сөрөг хүчнийхэн ч гэж таарсан таар шуудайнууд байх юм. МАН-ын дарга М.Энхболд хүртэл жижигхэн юм ярьж байна лээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүйгээр чуулган завсарлачих гээд байгаа юм байх. Наана чинь эдийн засаг хямраад ард түмний авдаг цалин мах гуриланд нь хүрэхгүй байхад ядаж санаа зовсон дүр үзүүлээч, улс төрчдөө. Үнэндээ сайдын суудлаас хэн бууж, хэн суух нь ард түмэнд бол тийм ч сонирхолтой сэдэв биш. Яахав сайд солигдоод эдийн засаг сэв хийтэл босоод ирдэг бол сонирхож болох юм. Түүнээс биш та бүхний дандаа дандаа яриад байгаа сандал суудлын тухай хэрүүл чинь Солонгосын савангийн дуурийн дайтай эд.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн 50 нь өнгөрч байгааг Ё.Отгонбаяр гишүүн твитертээ сануулжээ. Улс төрчид зөвхөн хугацаа тоологчийн үүрэг гүйцэтгэвэл хэн шийдвэр гаргах юм, хэн эдийн засгийг эрчимжүүлэх юм. Хэнтэй хариуцлага тооцох вэ?
50 хоногийн дараа ямар драм өрнөхийг таамаглахад мэргэн түргэн байхын ч хэрэг алга. Сөрдөг хүчнийхэн болохоор Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлж чадсангүй гээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар гүйлдэнэ. Н.Алтанхуяг нь болохоор УИХ эдийн засгийг эрчимжүүлэхэд шаардлагатай хуулиудыг батлаж өгөөгүй гээд гүрийнэ. УИХ, Засгийн газар хэн нь томоо үзэх гээд ард түмэн баахан үнэгүй шоу үзнэ. Үнэн хэрэгтээ эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног шоу төдий зүйл байсныг ухаарсан олон нийт бухимдана. Наадмын дараа намар болохоор өвлийн бэлтгэл, хүүхдийн сургууль цэцэрлэг, халаалт дулаан, хотын утаа, махны үнэ яригдаж, хэтэвч нь хоосорсон иргэд бухимдаж бослого тэмцэлдээ хүрэх биз. Хямралын үед олон нийтийн бухимдлыг хуримтлуулж, тэслэмээргүй л байгаа юм даа. Шийдвэр гаргагчид ажиллаж байна, хичээж байна гэсэн мессеж нийгэмд очиж байгаа цагт ирээдүйдээ итгэх массын итгэл алдрахгүй. Төр сайн засаглаж чадахгүй бол өөрсдөө тэд нийгмийн бухимдлын том шалтгаан нь болно. Цөс нь хөөрсөн олон Засгийн газраа, УИХ-аа байтугай улс орноо тараачихаад байгаа ойрын жишээнүүд бэлээхэн байна. Олон түмний бухимдал дээр дөрөөлөн ашиг хонжоо олдог мэргэжлийн тэмцэгчид, жагсаал удирдагч баатрууд тодорч ядах юмгүй!
Наадам дөхлөө. Монголчууд баярлах эрхтэй. Учир нь жирийн хүмүүс улстөрчдийг бодвол маш их ажил хийдэг юм шүү. Харин С.Дэмбэрэл гишүүний хэлсэнчлэн УИХ ажил хийдэггүй мөртлөө амрах тухай яриа байж таарахгүй. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног талдаа орлоо. УИХ юу хийв, Засгийн газар юу хийв. Шаардлагатай хууль, шийдвэрүүдээ хэдийг нь батлав, батлаагүй бол юу саад болсон, яах учиртайг улстөрчид тайлагнах ёстой. Хэн нь хаанаа гацаагаад байгаа юм шийдлээ хэлж, шийдвэрээ гаргах учиртай. “Уул шугамандаа бол” Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт шийдвэр гаргагчид хагас цэрэгжсэн байдалтай л ажилламаар байгаа юм даа.
Б.Янжмаа