Монгол төрийн их баяр наадмаар есөн хөлт цагаан туг залах торгон
цэргүүд бэлтгэлдээ гарчээ. Богд уулын энгэр Шажин хурахын аман дахь бэлтгэл эхлээд
долоо хонож байгаа юм байна. Төрд данстай адуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд
байдаг бөгөөд наадам эхлэхээс нэг сарын өмнө энд авчирдаг. Төрийн их сүлдийг өмнө
нь есөн шарга мориор залж, урд нь яваа хонжин (хөтөчлөн яваа хүн) ганцаараа цагаан
морь унадаг байсан. Тэгвэл өнөө жилээс их тугийг цагаан мориор залах болжээ. Учир
нь 1992 онд баяр наадмаар төрийн есөн хөлт цагаан тугийг залахдаа найман шарга,
хоёр цагаан морь байна гэж заасан байдаг гэнэ. Чингэсийн эр хоёр загалыг бэлгэдэж
хоёр цагаан байхаар хуульчилж. Уг хуулийг өнөө жилээс хэрэгжүүлж буй ажээ. Тиймээс
шарга морьдын сүрэгт цагаан морь шинээр орж байгаа гэнэ. Төрийн наадмын хамгийн
хүндтэй энэхүү ёслолыг зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхан гүйцэтгэдэг. Тэд бэлтгэлдээ
гараад удаагүй байгаа ч туг залах, мориндоо мордох гээд бүх гүйцэтгэл ерөнхийдөө
жигдэрчээ. Өмнө нь уг ажилд шинэхэн цэргүүд голдуу дайчлагддаг байсан бол энэ жилээс
тус ангид ажиллаж байгаа офицерууд түлхүү байна. Сонгож авахдаа хамт олноо манлайлдаг,
үлгэр жишээч алба хаагчийг сонгож авдаг гэсэн. Энэ жилийн тухайд тус ангиас энхийг
сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн офицеруудаар туг бариулахаар болжээ.
Биднийг очих үед цэргүүд хоёр эгнээ болон жагсаад гар дээрээ суниаж
байсан юм. Удалгүй морьтой бэлтгэлээ эхлэхээр боллоо. Туг залах морьдоос гадна морин
салааны нийт бүрэлдэхүүн хамт бэлтгэл хийнэ. Яг л Төв цэнгэлдэх хүрээлэнд байгаа
мэтээр туг залж орж ирэх, нэг эгнээнд жагсан мориноосоо буух, эргээд мордох, есөн
хөлт цагаан тугийг залах зэрэг бэлтгэл хийнэ. Морьтой бэлтгэлээ өдөрт гурван удаа
хийдэг гэсэн. Бусад үед морьтой байна гэж бодоод ажиллана. Мориндоо гэвэл нэг хөлөө
дөрөөн дээрээ тавилаа, өндийлөө, мордлоо гэж төсөөлөөд дотроо тоолоод л хийчих юм.
Торгон цэргүүд өглөө 06 цагт босно. Эхлээд өглөөний гүйлттэй. Дөрвөөс
таван км гүйгээд анги дээрээ ирж өглөөний цайгаа ууна. Үргэлжлээд биеийн хүчний
бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө бие хааг ингэж бэлдсэний дараа морьтой бэлтгэлдээ гарна.
Хоёроос гурван цаг морьдоо дасган бэлтгэл хийсний дараа өдрийн хоолтой. Тогооч нар
хээрийн бэлтгэлд хамт гардаг учраас нэг, хоёрдугаар хоол хийж өгнө. Дараа нь бас
л бэлтгэлээ хийнэ. Морьтой бэлтгэлийг өдөржин хийгээд байж болохгүй. Адуу хэт удаан
бэлтгэл хийвэл залхуураад байдаг гэсэн. Ер нь энд байгаа адуу өвөлдөө Хэнтийд байх
цэргийн ангийн адуун сүрэгтэй нийлдэг учраас хүн амьтан барьж унаад байхгүй. Тиймээс
энд ирэхдээ нэлээн эмнэгшчихсэн ирдэг ажээ. Түүнийг нь цэргүүд унаж номхруулах ажилтай
болдог юм байна. Гэхдээ олон жил туг залж яваа морьд үүргээ сайн мэддэг болчихдог
гэнэ. Бэлтгэлийн үеэр ийш тийшээ өвс зулгаагаад явчихгүй. Яг л уяан дээрээ байж
байна. Харин наадам дөхөөд ирэх үед буюу долдугаар сарын 9, 10-ны үед Туул гол дээр
аваачин усанд оруулж өнгө зүсийг нь сэргээдэг гэж байлаа. Мал угаадаг тусгай шампунь
гарчихсан учраас түүгээр угаана. Өнгө ороод л явчихдаг гэсэн. Харин хоол тэжээлийн
тухайд тусгай идэш тэжээл хэрэглэхгүй. Бэлчээрлэнэ. Яг наадмын өдөр харин гэдсээ
татчихдаг гэсэн. Цэнгэлдэх дотор ороод учиргүй бааж шээгээд байхгүй. Ялангуяа олон
жил болж байгаа хөгшин морьд ийм асуудал гаргахгүй. Ганц нэг жил болсон шинэ морьд
л цэнгэлдэх дотор “асуудал” гаргадаг юм байна. Морьтой цэргүүдийг 032 дугаар ангийн
захирагч, хурандаа Л.Батболд командлахаас гадна цэргүүдийн бэлтгэлийг ахмад Д.Хашхүү
удирдан явуулдаг ажээ. Д.Хашхүү их тугч бөгөөд зургаа дахь жилийнхээ бэлтгэлийг
хийж байгаа юм байна.
Хүндэт харуулын гэгддэг зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 90 жилийн
ой өнөө жил болж байгаа ажээ. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн гэсэн. Бас
алба хаагчид ангийнхаа ойн жилд зориулан олон бэлэг барьж байгаа. Тэдний нэг нь
Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр. Бас оны мэргэжлийн аварга
салаа, рот, бательоны захирагч шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Өнгөрсөн
жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилсан
“Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт. Энэ мэтчилэн
салбарынхаа хүрээнд зохион байгуулагдсан бүхий л уралдаан тэмцээнд тэргүүлдэг нь
тус ангийн жагсаалтай холбоотой. Тэд жагсаалын бэлэн байдалд байнга байдаг. Шаардлагатай
тохиолдолд жагсаалын бэлтгэлийг өдөрт 4-6 цагаар хийнэ. Жирийн үед өдөрт гурван
цагаас доошгүй хугацаагаар бэлтгэл хийдэг ажээ. 90 жилийн түүхтэй тус ангиас 10
генерал төрөн гарсан. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, далай даян дархан аварга
Дарийн Дамдин, Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, гарамгай баатар
Л.Дандар, гавьяат багш, хурандаа Б.Түмэн зэрэг алдартнууд 032 дугаар ангид алба
хааж байжээ.
С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН