Монголд орчин цагийн музей үүсч хөгжсөний 90, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, Дундговь аймгийн музейтэй хамтран “Монгол адууны соёл” үзэсгэлэнг энэ сарын 18-ны өдрөөс ирэх долдугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Дуу хуурын өлгий Дундговь нутгийг адуу, айраггүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэхүү үзэсгэлэнд аймгийн ард түмний зан заншил, өв уламжлал, нутгийн брэнд болсон адуу, айрагны сэдэвт үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдэж байгаа юм.
“Монгол адууны соёл” үзэсгэлэнд Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс эртний Монгол цэргийн иж бүрэн өмсгөл бүхий морьтон баатар, 1930-аад оны дарга болон цэрэг эмээл зэрэг эд өлгийн зүйлс, Дундговь аймгийн музейн сан хөмрөгөөс Төв Халхын дархчуудын урласан 12 цагаантай эмээл, мөнгөн хазаар хударга, морины эрт эдүгээгийн тамганууд, дархан н.Галсангийн урласан амгай, тэнхлэг мөн айрагны үндсэн хул, янгирын эврээр хийсэн айрагны халбага, агар зандан саалийн хувин, айрагны ширэн хөхүүр, сийлбэрч Ө.Анхбаярын морины сийлбэрүүд, зураач Х.Цэрэндоржийн “Морин жилийн цагаан морьтонгууд”, П.Цээсүрэнгийн хурдан хүлэг, ажнай шаргын уран зураг, ширэн цартай боржигин морин хуур, морины хусуур, цацал зэрэг адуутай холбоотой 100-аад үзмэр, эд өлгийн зүйлсийг үзэгч олонд дэлгэжээ.
Монгол цэргийн музей, Дундговь аймгийн музей хамтран гаргаж буй уг үзэсгэлэн нь Монгол адууны эдлэл хэрэглэл тэр дундаа Монгол адууны тамганы үүсэл хөгжил, хэлбэр дүрслэл, төрөл зүйлийн талаар илүүтэй тодотгож, Дундговь аймагт голчлон хэрэглэгддэг тамганууд дэлгэгдэж байгаагаараа онцлогтой болж байгаа төдийгүй Дундговь аймгийн музейгээс адууны тамганы талаар ном бэлтгэн гаргаж олны хүртээл болгож байна.