Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт “1Q84” цуврал роман орчуулагджээ. Тус номыг япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхан орчуулж уншигчдад хүргэж буй юм. Тэрбээр, “Амар хялбар үгээр төвөгтэй зохиол бичих нь Мураками Харуки зохиолчийн гол онцлог бөгөөд хэллэг болоод зохиомж дүрслэл нь өвөрмөц, уншигчаас оюуны чадал ихээр шаардсан бүтээл юм. Зохиолд орчин үеийн залуусын амьдралын хэв маяг, дотоод ертөнцийн хүсэл, хайр сэтгэлийг тусган харуулсан. Монголын хүүхэд залууст маань өөрсдийн оюун санаа болоод дотоод сэтгэлээ чагнаж, ойлгоход энэ зохиол туслана” хэмээв.
Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэжээ. Тус романы Q буюу японоор күй гэдэг нь 9-ийн тоог хэлдэг бөгөөд Мүракамигийн нэгэн үгэн тоглоом аж. Мөн Жорж Оруэллийн 1984 бүтээлтэй ч холбоотой. Жорж Оруэлл “1984” зохиолоо 1949 онд бичихдээ алс ирээдүй цагийг тоталитор үзэлд дарлагдсан харанхуй нийгэм болгож дүрсэлсэн бол Мүраками 2009 онд туурвисан “1Q84” бүтээлээрээ өнгөрсөн цагийн тухай одоо цагаас харж бичжээ.
Уг ном 2009 оноос хойш 30 гаруй оронд орчуулагдаж, олон сая уншигчдын хүртээл болсон юм. Энэ удаа Монсудар компани албан ёсны эрхтэйгээр номын I, II ботийг орчуулж худалдаанд гаргаж байна. Тун удахгүй III ботийг орчуулж хэвлэх аж.
Л.Самбуу