Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэмээний вирусийн халдвар газар аваад байна

-ТЭМЭЭТЭЙ ХАРИЛЦДАГ ХҮМҮҮС ГАРАА ТОГТМОЛ УГААХЫГ
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗӨВЛӨВ-

Тэмээний вирус гэх MERS-CoV-ийн халдвар газар аваад буй талаар ДЭМБ-аас
анхааруулж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр уг өвчний 699 тохиолдол бүртгэгдсэнээс
283 хүн нас баржээ. Саудын Арабын нэгэн тэмээ­­чин MERS-CoV-ийн халдвар авсныг хоёр
жилийн өмнө тогтоосон юм байна.  Өдгөө уг
өвчин олон оронд тархаад байна. Тухайлбал, Ойрхи-Дорнод, Африк, Европ, Ази мөн АНУ-д
өвчний тохиолдол бүртгэгджээ. Амьсгалын замын цочмог үрэвслийн шинэ тэмдгээр илрэх
бөгөөд үхэлд хүргэх аюултай аж. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар халдвар амьтнаас
хүнд дамжихаас гадна хүнээс хүнд дамжих тохиолдол илрээд буй. Тий­мээс ДЭМБ-гаас
уг өвч­нөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхан аялал жуулч­лалын цаг ирсэнтэй
холбогдуулан сэрэмжлүүлэг гаргажээ. Дэлхийд ши­нээр бүртгэгдээд буй MERS-CoV халд­вар
манайхны аялах дуртай Ойрхи Дорнодод голч­лон бүртгэгдсэн аж. Тод­руулбал Иран,
Йордан, Кувейт, Ливан, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Улс болон Йемен
зэрэг улсуудад энэ халдварын өвчлөл бүртгэгджээ. Аф­рикт гэхэд Алжир, Египет, Тунис,  Европт Франц, Герман, Грек, Итали, Нидерланд,
Англи, Азид Малайз, Филиппин,  АНУ зэрэг оронд
энэ халд­вар бүртгэгдсэн байна.  

MERS-CoV-ийн халдвар­тай өвчтөн бүрийг эрт ил­рүү­лэх боломжгүй гэнэ.
Учир нь уг халдвар зарим хүнд хөнгөн эсвэл хэвийн бус шинж тэмдэгтэй илэрч байгаа
аж.

Өндөр эрсдэлтэй хү­мүүст чихрийн шижин, бөөрний дутагдал, уушгины
архаг өвчин, дархлал дарангуйлагдсан улс багтаж байна. Тэмээний ферм болон захаар
зорчихдоо тэмээнд хүрэхээс зайлсхийх, тэмээний түүхий сүү болон шээс уухгүй байх,  бүрэн болгоогүй мах идэхгүй бай­хыг ч мэргэжлийн
байгуул­лага сэрэмжлүүлж байгаа юм.

Катарт хийсэн судал­гаануудын урьдчилсан дүг­нэлтээр, тэмээтэй ажилладаг
эсвэл хүрэлцдэг хү­мүүсийг тэмээтэй хүрэлц­дэггүй хүмүүстэй харьцуулахад
MERS-CoV-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Илүү нотолгоо цугларах хүртэл тэмээний фермийн ажилчид, нядалгааны
ажил­чид, захын ажилчид, малын эмч, тэмээний урал­дааны үед болон тэмээтэй хүрэлцдэг
бусад хүмүүс хувийн эрүүл ахуй, түүн дотор амьтадтай хүрэлцсэний дараа гараа тогтмол
угаахыг ХӨСҮТ-өөс зөвлөжээ. Эдгээр ажилчид, бохирлогдсон ажлын хувцас, гутал эсвэл
бусад зүйлсийн хамт гэр бүлийн гишүүдтэй хүрэлцэхээс зайлсхийх хэрэгтэйг эмч нар
анхааруулж байгаа аж.

Халдварт өвчин суд­лалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн мэр­­гэжилтэн
Ч.Урт­насангаас энэ талаар зарим зүйлийг тодруул­лаа.

-Дэлхийн
олон оронд тархаад байгаа шинэ вирусийн талаар танайхаас сэрэмжлүүлэг гаргасан байна.
Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллагаас гар­гасан анхааруулга, сэ­рэмж­лүүлгийг
бид иргэ­дэд сэрэмжлүүлэг болгож мэдээлж байна. 2013 оноос эхлэн Дундад Азийн орнуудад
өмнө нь байгаагүй шинэ вирусийн халдвар гарсан. Одоо дэлхийн 20-иод улсад бүртгэгдсэн
байна. Үүсгэгч нь корона вирус байна гэж тогтоосон. Яг ямар замаар халдварлаад байгааг
нь бүрэн тогтоож чадаагүй. Судалгааны ажил үргэлжилж байна. Тогтоож чадсан зүйл
нь, өмнө нь байгаагүй шинэ халдвар, олон хүнийг хамарч халддаг, олон улсын худалдаа
аялал жуулчлалд аюул учруулахгүй. Халдварлах зам нь амьсгалын замаар болон өвчтэй
хүнтэй харьц­сан тохиолдолд гэж байгаа. Сүү­лийн үеийн судалгаагаар тог­тоогдсон
шинэ зүйл нь мал аж ахуйгаас тэр дундаа тэмээтэй харьцаж ажилладаг хүмүүс энэ вирусээр
халдварлаж байна гэсэн мэдээлэл гарсан байна. Яг юугаар халдварлаж, тархаад бай­гааг
эцсийн байдлаар тогтоогоогүй байна.

-Халдвар
маш хурдан үхэлд хүргэдэг гэсэн. Гол аюул нь юу вэ?

 -Үхэл өндөртэй учраас
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Нийт халдвар авсан
хүмүүсийн 30 орчим хувь нь нас баржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *