УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонголоо. С.Оюун НҮБ-ын хүндэт индрээс хэлэхдээ “Ойрын хоёр жил бол тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны тулгамдсан бусад олон асуудлаар ахиц дэвшил гаргахад чухал үе байх болно. Ус, бусад ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч эх дэлхий маань цорын ганц учир Байгаль орчны Ассамблейн үйл ажиллагааг үр дүнтэй, эрч хүчтэй удирдан явуулахад хүч чармайлтаа дайчилж ажиллах болно” гэж мэдэгдэв. С.Оюуныг, Монголыг маань дэлхий үнэлж байна.
С.Оюунд улстөрчийн замыг хувь заяа нь ногдуулж орхисон. Ардчиллын алтан хараацай С.Зориг ахыгаа залгамжилж, 1998 онд УИХ-ын гишүүн болсон тэрбээр төрийн түшээгийн үүргээ нэр төртэй биелүүлж, хат суусан улс төрч болжээ. Улстөрчдийг залгамжлан эхнэр нь, хүү нь УИХ-д сонгогдож л байсан. С.Оюун харин өөрийн гэсэн байр суурьтай, том улстөрч болж, ард түмний дэмжлэгийг алдаагүй өнөөг хүрч ирэв. Цус, нулимсан дунд төрийн түшээ болсон энэ эмэгтэй сүүн замтай эх хүн. Гурван хүүхдийн ээж С.Оюун Монголын Дауны холбооны тэргүүн. Хүмүүнлэгийн салбарт хийсэн ажил, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөөх зүтгэлийг нь ч дурдахгүй өнгөрч боломгүй.
Дэлхийн түвшинд гарч ирсэн монгол эмэгтэй хэмээн өмнө нь бид С.Удвал ахайтнаар бахархдаг байлаа. Төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал хатагтай Ази, Африкийн зохиолчдын байгууллагыг байгуулах цагаас нь идэвхтэй хамтран зүтгэж, тус байгууллагын уран зохиолын “Лотос” (лянхуа) сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж байсан билээ. С.Удвал Монголын Эмэгтэйчүүдийн байгууллага, Зохиолчдын хороог удирдаж, арван удаа АИХ-ын депутатаар сонгогдсон түүхтэй. Харин өдгөө С.Оюуны нэр энэхүү гайхамшигт эмэгтэйгээс илүү өндөрт мандаж, домогт монгол эмэгтэйн түүхийг нэмэв. С.Оюун Чехословак улсын Карлын Их сургуулийг геохимич мэргэжлээр төгссөн. Англи улсын Кембрижийн Их сургуулийн аспирантурыг төгссөн геологийн ухааны доктор хүн. 1998 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдсон энэ эмэгтэй сайдын албыг хоёр дахь удаагаа хашиж буй. Орос, англи, чех хэлтэй. Түүний өвөө нь шар Дамдинсүрэн хэмээн алдаршсан монголч эрдэмтэн Андрей Дмитриевич Симуков билээ. Хамгийн ихээр монголжсон монголч эрдэмтэн гэж түүнийг хэлдэг юм билээ. Ийм нэгэн эмэгтэй дэлхийд алдартай байгууллагыг тэргүүлэх болов. Санжаасүрэнгийн Оюун танаар монголчууд бахархаж байна.
Б.ЯНЖМАА