Categories
мэдээ цаг-үе

Өгий нууранд загасчилсан нь

Хотоос оройхон гарч давхисаар шөнө хагаслан Өгий нуур дээр ирлээ. Лүнгээс шивэрч эхэлсэн зөөлөн бороо энд ирэхэд зогсоогүй л байв. Саргүй шөнө ч гэлээ Өгий нуур мэлтэлзээд, ногооны үнэр хамар цоргиод тансагхан ажээ. Нуурын эргээс холгүй­хэн жуулчны баазууд байх ч амрахаар ирсэн хүмүүс майхан барин төвхнөжээ. Загасчид өдийд нуур руу дэгээ шидэн сууж байх цаг. Баруун эрэг дагуу түүдэг гал асаан суугаа хэсэг хүн ангийн хишгээ хүлээж буй бололтой дуу аялсан шигээ зугаацах юм. Инээд хөөр болох тэднийг эс тооцвол анир чимээгүй ноёлж байв. Бушуухан шиг майхнаа босгож аваад унт­лаа. Нэг мэдсэн усны чимээ, хүмүүсийн чангаар ярих дуу хадаад явчихав. Загасчдыг сурвалжлах гэсэн биш нам унтчихаж гэж бодоод ухасхийтэл дөнгөж үүр хаяарч байлаа. Бороо зогсоод нууран дээгүүр битүү манан татчихаж. Манан дунд завьтай улс загасчилж буй нь тодхон харагдах юм. Эрэг бараадан хоносон хүмүүс уурга, дэгээгээ барин нуур руу орж байлаа. Зарим нь завьтай, зарим нь уртаа гээчийн усны гутал өмсчээ. Санасныг бодвол загасчид цөөн байв. Эргээс тавиад метрийн гүнд зогсоо залуус аль эрт орсон бололтой загас баригдахыг хүлээн тэвчээртэй зогсоно. Удалгүй нар мандаж нуурын дээгүүр татсан манан арилж эхэлсэн юм. Энэ үеэр архи сэнгэнүүлсэн настай хөгшин хүрч ирлээ. Өгий нуурын байгаль хамгаалагч гэнэ. “Өглөө эрт гарсан гурван завины нэг танайх уу. Төлбөрөө төл” гэж байна. Юу юугүй тасалбар гаргаж ирээд өөдөөс сарвайв.

Завьгүй, бас загас барих гэж ирээгүй гэдгээ хэлтэл итгэдэггүй. Тэгвэл хар шөнөөр энд яах гэж ирсэн юм бэ гээд загнаж гарав. Загас барих гэж байгаа бол орон нутагт нь татвараа төл гэж байна. 10 мянган төгрөг гэнэ. Загас барихгүй, салхинд гарч явна гэтэл уурга, дэгээ хайн майхан саваар өнгийдөг байгаа. Ингээд сая нэг итгэсэн бололтой, хог тарьж болохгүй шүү гэчихээд яваад өгөв. Байгаль хамгаалагч гартаа жижигхэн дуран барь­чихсан нуур руу орж байгаа хүмүүсийг дурандаад сууж байдаг ажээ. “Тэр яагаад надаас зөвшөөрөл авалгүй нуур руу яваад орчихов” гэж ганцаараа ярьсаар цааш явлаа. Ингэж зогстол гурван залуу завиа түрэн нуур руу орж байхтай таарав. Байгаль хамгаалагч өвөө бид хоёр тал талаас нь гүйн очиж тэдэнтэй уулзав. Би ч яахав завинд нь дайгдаж нуур руу орох санаатай. Өвөө харин тэдний завийг шалгахаар яаран иржээ. Тор авч орж буй эсэхийг шалгадаг юм байна. Шалгалт дууссаны дараа өнөө гуравтайгаа нуурын гүн рүү орохоор завинд суулаа. Өглөө эрт болохоор ямар ч салхигүй. Өнөө гурав маань сэлүүрдсээр нэлээн гүн рүү ороод зогслоо. Ус ерөнхийдөө цэнгэг ажээ. Дороо элстэй нь тодхон харагдаж байв. Томоо гээчийн цүнхэнд янз бүрийн өнгө, хэлбэр дүрстэй өгөөш хийчихэж. “Хулгана зүгээр юм биш үү” гэх нэгийнхээ зөвлөгөөг нөгөө нь дагаж буй бололтой. Амьд хулгана юм байх даа, нуурын эргээр дүүрэн хулгана байсан даа гэж санатал бодол таасан мэт ийм хулгана гээд хиймэл өгөөшөө үзүүлэв. Ногоон, шар судалтай хулгана ажээ. Түүнийгээ уургандаа гогдоод шидчихлээ. Бас нэг нь урт бариултай шүүрээр загас шүүрдэхээр болов. Дэгээгээ хаяад удаагүй байтал цурхай загас орчихож. За сайхан шүү гэж дуу алдан орилолдоод гаргаад ирэв. Тохой хэрийн урттай цурхай дэгээнд оржээ. Мань гурав загасны хорио тавигдахыг хүлээж байгаад энэ жилийнхээ анхны анд явж байгаа юм байна. Дэгээ хаяад арван минут ч болоогүй байхад загас баригдсанд баярлаад сүйд. “Өнгөрсөн жилийн яг өдийд энд ирж байлаа. Бас л улирлынхаа нээлтийг хийж байсан. Томоо цурхай барьсан. Өнөөдөр ганзагаа сайхан мялаалаа” гэж байна. Нөгөө хоёр нь ч нэгийнхээ барьсан загасанд сэтгэл ханаад хөөрчихөж. Баяр хөөртэй зэрэгцээд гэнэт салхилж эхлэв. Тогтуухан байсан нуур салхины эрчээр давалгаалаад жижигхэн муу завийг хөмрүүлэх нь үү дээ гэмээр болоод явчихлаа. Завины­хаа өнцгөөс тас зуу­раад буцъя, эрэг рүү гаръя гэтэл гурван загасчин маань тоож байгаа шинж алга. Ангийн олз омог ихтэй байна, дахиад нэг дэгээ хаяъя гэж байна шүү. Мөн л удаагүй байтал дахиад л цурхай баригджээ. Завьжнаас нь дэгээдсэн болохоор сүрхий булгиж байна. Өмнөхийг бодвол жижигхэн юм. Завин дээрээ гаргаж зургийг нь авчихаад буцаагаад тавив. “Өгий нуурын загас хоёр гурван жилийн өмнөхөө бодвол ховордож байгаа. Хоёр хоноод хоосон ирлээ гэх хүмүүс ч байдаг. Байгаль дэлхий өгөөмөр загнаж байхад бид ч бас тийм л байх ёстой” гэлээ. Ингээд эхэлж барьсан цурхайгаа аваад эрэг рүү буцав. Сайхан шөл хийж ууя гэсээр эрэг дээр ирлээ. Цурхайн хайрс зузаан учир өвчдөг ажээ. Загасаа өвчиж, цэвэрлээд шөл хийнэ. Тэр үед ирж загасны шөл уугаарай гэж байна. Өдийд загас тарган байдаг, намар тийшээ тураад мах багатай болчихсон байдаг гэнэ.

Эрэг дээр гарч ирэхэд нар уулын оройгоос алд хэрийн өндөрт манджээ. Үүр хаяарах үеэр нуур руу орсон загасчдын ихэнх нь буцаж байв. Эртээ асаасан түүдэг галынхаа цучилд загасаа булах, утах, гэдэс дотрыг нь цэвэрлээд шөл хийх зэрэг ажил энэ үед өрнөнө. Уурга, дэгээ бариад нуур руу орсон хэнд ч байгаль дэлхий хишгээ харамгүй хайрладаг бололтой юм. Өгий нуур ерөнхийдөө цурхай, алгана, хайруус ихтэй. Гэхдээ өнгөрсөн жилээс ховордож байгаа талаар загасчид ярьсан.

Үүр шөнөөр загасчилсан хүмүүс нар хөөрөхтэй зэрэгцээд хэсэг унтдаг ажээ. Шинэхэн загасаараа хоол хийх үүрэг хүлээсэн ганц нэг хүн л үлдэв. Өглөөний цэнгэг агаар амьсгалан эрэг дээр хэсэг суулаа. Өнөө жил зуншлага сайхан байгааг хотоос гараад л мэдсэн. Энд ч мөн хөх униар татжээ. Ойрхон байх айлууд утсан загас, будаатай хуурга, цуйван зэрэг хоол хийгээд мотоцикльтой явж амрагчдад зардаг юм байна. Утсан загас том жижгээсээ хамаарч 5000-7500 төгрөгийн үнэтэй юм. “Удаагүй, байгалиас нь барьсан загас шүү” гэв. Харин цуйван, будаатай хуурга 4500 төгрөг. Хоолны халуун саванд хийж авчраад аягалаад өгдөг ажээ. Порц тухайн хүний аяганы хэмжээнээс шууд хамаардаг. Том аягатай бол хамаагүй дүүртэл нь хийгээд өгнө. Жижигхэн аягатай бол тэгээд хохь нь болох жишээтэй. Өөх мах ихтэй, элдэв төрлийн амтлагчгүй сайхан хоолтой ажээ. Хоол зарж яваа бүсгүй хэд хонохыг асууж байна. Бас үдээс хойш ямар хоол идмээр байна, хийгээд ирнэ шүү гэх ажээ. Хоолоо дагалдуулаад сүүтэй цай өгсөн. Аяга нь 250 төгрөг. Тараг бүрүүлж болно, нэг литр нь 1500. Жинхэнэ ориг тараг, юун дэлгүүрийн тараг гэж ирээд л байгаа бүхнээ рекламдчихаад явлаа. 

Энэ үед “Ланд круйзер-80”, “Лексус-470”-тай хэ­дэн солонгос хүрч ирэв. Машинаа­саа бууж ирэн чанга чанга инээлдээд л. Майхан сав барихын оронд чийг татдаггүй дэвс­гэр гаргаж ирээд тух­лав. Машиныхаа дээр ачсан завиа буулгаж эхэлтэл байгаль хамгаалагч өвөө хүрээд ирлээ. Нөгөө хэд байнга ирээд танилууд болсон бололтой. Гар барьж мэндлээд хуруугаа гозолзуулж байгаад ойлголцсон бололтой байв. Өвгөнийг явсны дараа солонгосчууд завиа түрээд нуур руу оров. Өглөөнөөс хойш нуур руу орж байгаа болгон дээр очиж шалгалт хийн дүвчигнээд байсан хэрнээ инээд хөөр болсон солонгосуудын завийг шалгасан ч үгүй яваад өгдөг байгаа. Өнөө хэд нь ч яахав эрх дураараа нуур руу орж хэсэг байж байгаад гараад ирэв. Хараад байтал загас бариагүй бололтой. Хотоос авчирсан гахайн махаа шарж идээд буцчихлаа. Хамт загасчилсан гурав дээрээ очоод сая хэдэн солонгос ирж нуур руу ороод буцаад явчихлаа гэж хэлтэл “Мөнгөлөг өнгөтэй 470-тай хэдэн хүн байна уу. Өмхий сүгнүүд дахиад иржээ” гэж байна. Учрыг асуутал хэдэн солонгос долоо хоног бүр Өгий дээр ирэх болсон гэнэ. Энд ирж тор тавиад байгаа ажээ. Амьтны тухай хуулийн 10.1.7-д ахуйн хэрэгцээнд загас барихад тор хэрэглэхийг хориглоно гэсэн заалттай. Энэ заалт аль ч гол, нууранд хамаатай. Гэтэл солонгосууд ийн ирээд тор тороор нь загас бариад байгаа юм байна. “Шөл удахгүй боллоо, хоолоо идчихээд дахиад нуур руу оръё. Аягүй бол тор тавьсан л байгаа” гэж байна. Хоол болохыг хүлээнгээ загасчдын тухай хууч хөөрөв. Хүйтрэх үед ичээндээ орж байгаа амьтан адил ажлаа хийдэг ажээ. Ихэнх загасчин хүйт орсон үед ёстой зогсоо чөлөөгүй ажилладаг юм байна. Бүр хагас, бүтэн сайн гэж байдаг билүү гэж бодтол ажлаа хийдэг гэсэн. Толгой өндийх завгүй их ажлынхаа ард сая нэг гарахад загасны хорио яг тавигдаж таардаг гэж байгаа. Хорио тавигдах өдрийг загасчид харин ч нэг хүлээнэ дээ. “Ангийн улирал” хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг л. Хорио тавигдахын өмнөх шөнө гол, нуурын эрэг дагуу дэгээ, уургаа бариад хононо. Маргааш өглөө нь хориг тавигдахтай зэрэгцээд хорхойссон нөхдүүд гол руу ордог гэсэн. Гэхдээ сүүлийн үед загасчид маш ухаалгаар байгаль дэлхийтэйгээ харьцдаг болжээ. Улирлын эхэнд барьсан загасаар ганзагаа мялааж байна гээд шөл хийгээд юмуу утаад идчихнэ. Тэрний дараа дэгээнд орсныг усанд нь буцаагаад тавьчихна. Загасчилна гэдэг загасны мах идэхдээ огт биш. Дэгээгээ хаяад загас баригдахыг хүлээн хэдэн цагаар зогсоход стресс тайлагддаг. Гол усны чимээ сонсон анир чимээгүйд зогсох хамгийн сайхан амралт болдог байна. Барьсан загасныхаа зургийг авч хорхойгоо дарчихаад ихэнхдээ буцаагаад тавьдаг болжээ. Ер нь барьсан загас болгоноо үгүй хийнэ гэх ойлголт жинхэнэ загасчдын дунд байхгүй. Нэг жилд зуун загас барилаа гэхэд дөрвөөс тавыг нь л иддэг. Бусдыг нь усанд буцаан тавьдаг ажээ. Мөн загасчлах спорт гэж бий. Дэгээгээ яаж шидэх вэ, яаж тоглуулах вэ гэдгээс авахуулаад бүх зүйл техниктэй. Шидэх ур чадвараа дээшлүүлэх, шинэ хэрэгсэл туршиж үзэх гээд олон зүйл бий. Тэр бүхнээ дадлагажуулан, жинхэнэ спорт гэдэг утгаар загасчилдаг ажээ. Харин дөнгөж загас барих гэж оролдож буй хүмүүс л барьсан болгоноо алж байгааг мэргэжлийнхэн шүүмжилдэг юм байна. 

Загасчилж яваа хүмүүст хөгтэй зүйл зөндөө л таарна. Дэгээгээ шидчихээд зогсож байхдаа үүрэглээд ус руу унах энүүхэнд. Өт, чийгийн улаан зэрэг өгөөш шидчихээр өнөөхийг нь идчихээд явчихсан байх тохиолдол ч гардаг гэсэн. Харин загасчилж явахын бахархалтай нь “Улаан ном”-д бүртгэгдсэн, эсвэл нэн ховорт тооцогдож буй загас барих. Метр гаруй урттай том тул барьчихаад зогсож байх хийморьлог шүү гэж байна. Мэдээж хэрэг ийм үед загасаа эргүүлээд тавина. Ямар ч хүн идье гэж бодохгүй, бас үржлийн насны жижиг биетэй загас баривал хоосон хонох байсан ч буцаагаад тавьдаг хэмээн ярилаа. Энэ хооронд загасны шөл бэлэн болжээ. Тогооны таг авав уу, үгүй юу загасны шөл хамар сэнхийж байна. Ядаргаа тайлдаг шидтэй гэнэ. Нээрээ л шөлнөөс уухад хөлс гарах шинжтэй. Бүгдээрээ галаа тойрч суугаад хоёр, хоёр аяга шөл уусны дараа солонгосчуудыг тор тавьсан эсэхийг шалгахаар боллоо. Завьтайгаа яваад очтол бодож байсанчлан тор тавиад буцжээ. Торонд орсон загасыг тоолтол 23 байна. Цурхай, хайрс, алгана оржээ. “Хотод байдаг солонгос хоолны рестораныхан ирээд байх шиг байгаа юм. Даварсан юмнууд. Байгаль хамгаалагчид хэдэн цаас атгуулдаг бололтой. Ингэж тор тавих хаана ч хориотой. Нутгийн залуус бид загасаа хайрладаг байтал гадныхан ирээд далайтай газар шиг санан тор тороор нь шүүрдэж байхдаа яахав дээ” хэмээн бухимдав. Тэгснээ торонд орсон загасыг суллаж тавиад торыг нь хэдэн хэсэг болгон тасдаад буцлаа. “Манайхан арай дэндүү. Эзгүй улс шиг байгаа нь загасан дээр хүртэл мэдэгдэх юм. Тэгээд гол, нуурын эрэг дээр байгаа хогийг хар. Бид нар ирэх бүртээ хавь ойрынхоо хогийг түүгээд буцдаг. Машиныхаа багаажаар дүүрэн хог түүгээд хотод аваачиж хаядаг. Ер нь олон жил загасанд явж буй хүмүүс байгаль дэлхийгээ яаж хайрлах вэ гэдэг дээр хамгийн их санаа зовж, сэтгэл гаргадаг” гэв.

Нээрээ л хот руу буцахын­хаа өмнө нуурын эрэг дагуу явж байхад хог түүн машиныхаа багааж руу хийж байгаа залуус тааралдаж байсан юм. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *