Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2014 оны энэ сарын 12-17-нд айлчилж, “Евросатори 2014” олон улсын батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцов.
Айлчлах хугацаандаа Дэд сайд А.Баттөр БНФУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Кадер Арифтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар ярилцаж, уулзалтын төгсгөлд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хоёр талын техникийн тохиролцоонд гарын үсэг зурав. Тус тохиролцоо нь Монгол Улс, БНФУ-ын хоорондын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны анхны баримт бичиг болов.
Түүнчлэн дэд сайд А.Баттөр БНФУ-ын БХЯ-ны ЗЕГ-ын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга генерал С.Рэбтай уулзаж хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааны талаар санал солилцов. Мөн тэрээр Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг хариуцсан газрын дэд дарга адмирал П.Осёр, Японы Батлан хамгаалахын дэд сайд Рёто Такета нартай тус тус уулзав.