Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн хөгжлийн яаманд хууль хяналтын байгууллагаас чагнах төхөөрөмж тавьсан бололтой


Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн  гэх мэдээлэл багагүй дуулиан дэгдээж байна. Хэн, хаанаас  чагнах төхөөрөмж тавив. Прокурор, шүүхээс  зөвшөөрөл авч  байж чагнах төхөөрөмж тавив уу эсвэл хууль бусаар уу. Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр огцрох асуудлыг нь ярихаар өөр дээрээ анхаарал хандуулж шоу хийж байна уу гэх  эргэлзээ, тээнэгэлзэл дагуулсан мэдээллүүд чагнах төхөөрөмж илэрсэн дуулиантай зэрэгцэн амралтын өдрүүдэд өрнөв. Энэ дуулианы эргэн тойронд юу болов, хэн юу хэлэв гэдгийг бид нэхэн сурвалжиллаа. Чагнах төхөөрөмж илэрсэн хэргийг одоогоор Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба шалгаж байгаа гэнэ. Холбогдох хуулийн байгууллагуудаас зөвшөөрөл авч чагнах төхөөрөмж тавьсан  эсэхийг  даваа гаригт тодруулна гэж эх сурвалж мэдээлэв. Хууль хяналтын нэгэн эх сурвалжаас энэ  талаар тодрууллаа.

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Илэрсэн гэж байгаа. Тэр төхөөрөмжийг нь хараагүй байна. Албан ёсны мэдээлэл удахгүй хийх байлгүй дээ.

-Прокурорын байгууллагаас тодруулахад  энэ тухай мэдээлэл алга гэх юм?

-Тодорхой хэмжээгээр нууцын зэрэглэлд хамаардаг. Тэгэхээр мэдээллийг нь хамаагүй өгөх боломжгүй л дээ. Тодорхой хэмжээний л мэдээллийг албан ёсоор өгөх боломжтой.

-Эдийн засгийн яамнаас гээд байгаа яг хаанаас нь чагнах төхөөрөмж илэрсэн хэрэг вэ?

-Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн гэсэн.

-Хууль ёсны  дагуу  тавьсан  чагнах төхөөрөмж юм болов уу?

-Үүнийг судалж байгаа болохоор удахгүй тодорхой болох байх. Мэдээж хууль ёсных байх гэж үзэж байгаа. Дөнгөж энэ талаар шалгаж байгаа тул хэлэх боломжгүй. Мөн  нууцын зэрэглэлд ордог тул ярих ч эрхгүй.

-Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал яригдаж байгаа болохоор  нийгмийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх гэж чагнах төхөөрөмж гэсэн шоу хийж байна гэх юм. Ийм сенсааци дэгдээх боломж байх уу?

-Арай ч үгүй байлгүй дээ. Олон нийт юу гэж үзэж байгааг мэдэхгүй. Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу л ажиллана шүү дээ. 

-Яаманд аль хуулийн байгууллагаас чагнах төхөөрөмж тавьсан нь тодорхой болсон биз дээ?

-Авлигатай тэмцэх газраас яаманд чагнах төхөөрөмж тавьсан бололтой гэсэн хариултыг өгсөн юм. Хуулийн хүрээний эх  сурвалжууд ч АТГ чагнах төхөөрөмж тавьсан гэж хэлж байв. Харин  албан ёсны  мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа. Сайд Н.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар болон Эдийн засгийн яамны эх сурвалжуудаас  энэ талаар  тодруулах гэсэн боловч утсаа авсангүй. Утсаа авсан нэгэн нь энэ талаар хариулт өгөх боломжгүй гэсэн тайлбар хэлсэн юм. Юутай ч УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. “Н.Батбаяр сайдын удирддаг Эдийн засгийн хөгжлийн яамны зарим өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн байна”, үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд өрөөндөө бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг цуглахыг хүсээд байна” гэсэн аж. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцоогүй гэнэ. Түүний оролцоогүй шалтгааныг  Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар болон тагнуулын байгууллагын албан хаагчдын хамт “чагнах төхөөрөмжийн учрыг олохын тулд гадуур ажиллаж байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлсэн гэнэ. Үүнээс өөрөөр албан мэдээлэл хэвлэлээр гараагүй байгаа юм.

Бусдыг тагнах, чагнах зориулалттай төхөөрөмжийг Тагнуулын ерөнхий газар, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газар, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газар, Эрүүгийн цагдаагийн газар, ШШГЕГ- ын Гүйцэтгэх алба, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд гүйцэтгэх ажлын шугамаар ашиглах эрхтэй юм байна. Мөн манай улс  хил, гаалиар чагнах төхөөрөмж оруулж худалдахыг  хатуу хориглодог. Энэ үйл явдал­тай холбогдуулан чаг­нах төхөөрөмжийн хэрэг­сэл манайд хэр элбэг байд­гийг сонирхлоо. Таг­нах зориулалттай төхөөрөм­жүүдийг  хууль бусаар оруулж ирэн энгийн иргэдэд зарж байсан тохиолдол нэг бус удаа гарч байсан байна. Ялан­гуяа  орон нутгийн болон УИХ-ын сонгууль дөхөөд ирэхээр чагнах төхөө­рөмж хууль бусаар зарах тохиолдол багагүй гардаг гэнэ. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь Тагнуулын хэлтэс тус аймаг дахь худалдааны төв, дэлгүүрүүдэд гэнэтийн шалгалт хийж, тагнах, чагнах зориулалттай найман төрлийн техник хэрэгсэл хураан авч байжээ. Энэ явдал өнгөрсөн оны тавдугаар сард илэрч байсан аж. Манай улсын дөрвөн иргэн дээрх тоног төхөөрөмжийг зарж байсан бөгөөд мэдүүлэг өгөхдөө “Ашиг олохын тулд авчирч зарсан мөн бусдын захиалгаар авчирсан техник хэрэгсэл ч байсан. Сонгууль дөхөхөөр ийм төхөөрөмжийн захиалга, борлуулалт эрс нэмэгддэг. Гадаадын иргэд заримыг нь тусгайлан захиалж авчруулдаг” гэжээ.

 Манай улсад орж ирж байсан төхөөрөмжүүдийг  сонирхвол нууцаар дүрс бичлэг хийх аппарат, дуу хураагч, камертай цаг, түлхүү­рийн оосор, үзэг, флаш, товч, нүдний шил, үнсний сав болон гар утасны сим карт ашиглан, бусдын яриаг зайнаас сонсох зориулалттай техник зэрэг зүйлс  түгээмэл байдаг гэнэ. 

Монгол Улсад амьдарч байгаа ямар ч иргэн амар амгалан амьдрах нь хуулиараа зохицуулагдсан байдаг. Хоёр тохиолдолд  мөрдөх, тагнах эрх хуулийн байгууллагад байдаг.  

Д.МАРГАД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *