Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Улс төр ба хөлбөмбөг

Австрийн нийслэл Вена хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн талаар зургаан улсын гэрээ хэлцэл явагдаж байлаа. Иран болон “том зургаа” (ОХУ, АНУ, Герман, Франц, Хятад, Их Британи) –гийн хооронд явагдаж байсан энэ гэрээ хэсэг хугацаанд завсарласан. Завсарласан гол шалтгаан нь Ираны төлөөлөгчид хэсэг хугацаанд алга болсонтой холбоотой. Алга болсон төлөөлөгчид тусгай өрөөнд Нигер-Ираны шигшээ багуудын тоглолтыг үзэж байлаа.

Коста-Рика улсын ерөнхийлөгч Луис Гильермо Солис Бразилд очиж чадаагүй. Гэхдээ тэр жинхэнэ латин америк хүний ёсоор улсынхаа шигшээ багийг гэртээ сууж дэмжсэн гэнэ. Хөлбөмбөгийн хэмжээсээр их л жижигхэнд орох тус улсын баг Уругвайтай тоглохын өмнө Гильермо Солис “Манай баг 2:1-ээр өрсөлдөгчөө ялна” хэмээн “төлөг буулгаж” буй байдал.

Харин тэдний баг Уругвайн шигшээг 3:1-ээр хожсоны дараа Ерөнхийлөгчийн аз жаргалд хязгаар гэж үгүй байлаа. “Чин сэтгэлээсээ хүсэхэд бүтэхгүй зүйл гэж үгүй, эх орон нэгтнүүд ээ. Бууж өгч болохгүй. Эцсээ хүртэл тэмц. Хүсэл биелдэг гэдгийг үзүүлсэн та нартаа чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн фэйсбүүктээ эрхэм Ерөнхийлөгч бичжээ.

Нидерландын хаан Уиллиам-Александр, хатан хаан Максима хоёр хөлбөмбөгт хачин дуртай гэдгийг бүгд мэднэ. Тэд улсынхаа шигшээ багийн тэмцээнийг алгасахгүй үзэх дуртай. Харин энэ удаа тэдний хайртай баг Австралийн шигшээ багийг 3:2-оор хожиж хэсгээсээ шалгарах нь ойлгомжтой болоход эрхэмсэг хаан, хатан хоёр тэвчсэнгүй, хувцас солих өрөөнд орж нүцгэн шахуу хөлбөмбөгчидтэй зургаа татуулж баяраа хуваалцлаа.

Дуулианы эзэн Жулиан Ассанжийг санаж байна уу. “Wikileaks” сайтыг үндэслэгч тэрбээр одоо Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яамнаа орогнож байгаа. Тэгэхээр тэр ямар улсыг дэмжих нь ойлгомжтой, тийм үү.

“Ноён Обама, ноён Путин, ноён Ким Чен Ун нараа, дайн хэрэггүй, хайр дурлал, сэтгэлийн баясал гэдгийг мэдэрч амьдраач. Мишель Башелийн (Чилийн эмэгтэй ерөнхийлөгч) өгзгийг атгаач”. Чилийн шигшээ багийн хөгжөөн дэмжигч өөрийнх нь баг хэсгээсээ шалгарсны дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж барьсан хуудас.