Монгол Солонгосын “Сектех”, “MH IGH-TECH” компаниуд хог шатааж хэрэглээний дулаан, цахилгаан гаргах үйлдвэрийг Хэнтий аймгийн Чингис хотод байгуулахаар аймгийн Засаг даргатай нь гэрээ байгуулжээ. Уг үйлдвэрийг байгуулахад зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх аж.
Энэ үйлдвэрийг бага оврын цахилгаан станц гэж ойлгож болох юм байна. Учир нь энэ үйлдвэрийн түүхий эдийн 70 хувь нь хог, 30 хувь нь нүүрс байх аж. Чингис хотынхон өдөрт 15-20 тонн хог хаягдал гаргадаг гэнэ. Тиймээс энэ хэмжээнд тохирсон станцыг Солонгос улсаас оруулж ирэхээр болжээ. Үйлдвэрт тэсэрч дэлбэрэх бодисоос бусад эмнэлгийн хог хаягдал, хуванцар, үхсэн малын сэг зэм гээд шатаж болох бүх төрлийн хог хаягдлыг боловсруулах юм байна.