“Засгийн газар жил бүр тайлан бичдэг бус хүмүүс эдийн засгийн өсөлтийн үр дүнг мэдэрдэг хэлбэр рүү орох нь Тогтвортой хөгжлийн гол философи” гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл тодорхойлов. Дарга нарын амны уншлага болсон Мянганы хөгжлийн зорилт хэмээх үг ээлж халаагаа өгөх цаг хаяанд иржээ. Учир нь Мянганы хөгжлийн зорилтыг үндсэндээ хэрэгжүүлж дууссан гэж дэлхийн нийтээр үзээд 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодорхойлох ажил өрнөж буй. Тогтвортой хөгжлийн зорилт хэмээх шинэ нэр томъёо гаргаж ирж байна. 2015 оноос хойшхи хөгжлийн асуудал Монголд айлчилж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч захирал Хаолянь Шугийн ярианд олонтаа дурдагдаж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийнхний гол сэдэв болжээ. Энэ сэдвээр Үндэсний зөвлөлдөх уулзалт НҮБ-уудын байранд боллоо. “Тогтвортой хөгжилд жижиг дунд бизнесийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон Хаолянь Шу “Эдийн засгийн өсөлт дангаараа утга төгөлдөр бус. Монгол Улс олборлох үйлдвэрээсээ ихээхэн хамааралтай явж ирсэн байдлаасаа салахын тулд эдийн засгийг солонгоруулах, давуу талаа зөв ашиглах хэрэгтэй. Хотжилтын үр дүнд хотын ядуусын тоо ихсэх болсон. Нийгмийн ийм асуудал бий болж байгааг Монгол Улс анхаарч үзэх учиртай. Тэгш бус байдлыг арилгахад анхаарах ёстой. Тогтвортой хөгжлийг бий болгоход төр, хувийн хэвшил аль аль нь чухал үүрэгтэй” хэмээн тэмдэглэв.
Жижиг дунд үйлдвэр тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч гэсэн үзэл санаа энэ танхимд олонтаа яригдлаа. “ЖДҮ нийт ажлын байрны 30-40 хувийг бий болгодог. Гэтэл уул уурхайн салбар нийт экспортын 80 хувийг бүрдүүлдэг ч ажлын байрны гурван хувийг бий болгодог” талаар хэлэлцүүлэгийн үеэр дурдагдсан. ЖДҮ-ийг эрх мэдэлжүүлэх, хөгжүүлэх шаардлагатай талаар хэлэлцүүлэгт оролцогсод ярив. Иргэн Ц.Ням-Осор “30 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид унадаг ч үгүй, сэхдэг ч үгүй нэг л хэвэнд байдаг. Тэднийг сургах хэрэгтэй. Харин Монголд байдаг бизнесийн сургалт хоцрогдсон” гэв.
UFC группын ерөнхий захирал О.Амартүвшин “Бид 2006 оноос хойш чацарганы бизнес эрхэлсэн. Тариалалт хийгээд, хураагаад, боловсруулахад нэг компани дангаараа хүчрэхгүй. Иймээс бид иргэдийн чацаргана тариалах үйл явцыг дэмжсэн. Бизнесийнхэн чаддаг зүйлээрээ дагнах хэрэгтэй. Бүгд маркетинг, борлуулалт хийхээр өрсөлдөөний явцад үр ашигтай байж чаддаггүй. Төрөлжилт Монголд явагдахгүй байгаа учраас том компаниудад ч хүнд байна. Бизнес эрхэлж байхад бүгдийг хянах боломжгүй. ЖДҮ эрхлэгчийн хувьд зах зээл нь хэрэглэгчид биш том аж ахуйн нэгжүүд” гэсэн юм. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Л.Болормаа “Эмэгтэй бизнес эрхлэгчид найдвартай, банкны хамгийн сайн харилцагч байдаг. Барьцаа хөрөнгө хүрэхгүй байх нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүнд тохиолддог ч эмэгтэйчүүдэд арай илүү тохиолддог. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан баталгааны сан байгуулах талаар ярилцаж байгаа. Монголд мэдлэгээ хувцаалцах эмэгтэйчүүдийн сүлжээ зайлшгүй шаардлагатай” гэсэн юм. Тэрбээр мөн “Миний мэдэхээр ЖДҮ-чид хүнээ маш сайн сургадаг ч Засгийн газар татвараас ч нь хөнгөлдөггүй, үнэлэхгүй байна. Хүн сургавал татварын ямар хөнгөлөлт байж болох талаар бид судлаж байгаа” гэв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Томас Эриксон “Санхүүжилт, барьцааны асуудал зөвхөн Монголд ч бус хаа сайгүй байдаг. Авч байгаа зээл нь их биш гээд банкууд жижиг, дунд бизнест ач холбогдол өгөх нь бага. Удирдлагын арга барил, менежментийн чадавхи маш чухал. ЖДҮ эдийн засгийн үндэс суурь ч төр засаг том татвар төлөгч учраас том бизнесийн дуу хоолойг анхаардаг. Тиймээс эвлэлдэн нэгдэх нь чухал” гэж онцлов.
Б.Янжмаа