УИХ Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцуулав.
Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг батлан хэрэгжүүлсэн боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн хяналт хангалтгүй байна. Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд “Энэ хуулийн төсөл өмнө нь нэг удаа буцсан. Ингэхдээ гол нь хуулийн агуулга бус нэр томьёог өөрчлөх саналыг гишүүдийн зүгээс гаргаж байсан. Уран гоё нэр томьёо өгснөөр сайн байдаг бол сайн л байна. Иймд хуулийн төслийн нэрийг өөрчлөх асуудалд цаашид анхаарал хандуулах уу” гэж асуув. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, энэ хууль гарснаараа төсөвт бүх байгууллагууд хамрагдах ёстой. Ингэснээр цахим хуудсанд өөрийнхөө төсвийн зарцуулалт, дансны гүйлгээг ил тодоор харуулж байх хэрэгтэй болж байна. Манай орны хувьд бүх сум интернэтэд хамрагдаж чадсан уу. Хэрвээ хамрагдсан бол хичнээн нь интернэтэд холбогдож цахим хуудсаа нээх боломжтой вэ. Хуулийг хэдийнээс эхэлж хэрэгжүүлнэ гэж тооцож байна. Цаашид хуулийн хэрэгжилт нэг мөр байж чадах уу гэдгийг тодруулсан юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан эдгээрт хариулахдаа “Хууль буцсан нь дан ганц хуулийн төслийн нэр томьёотой холбоотой байгаагүй. Шилэн данс гэсэн нэрэнд ямар нэг гоёчилсон зүйл байхгүй. “Ил данс”, “Тунгалаг данс”, “Ил тод данс” гээд нэрний талаар олон саналууд гарч байсан. Шилэн данс гэдэг нь оноосон нэр бус “тунгалаг” гэсэн үгтэй дүйсэн үг. Хамгийн гол нь нэр гэхээсээ илүүтэй агуулга чухал.
Өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанд хөндөгдсөн асуудлын нэг нь мэдээллийг цаасаар нийтэд мэдээлэх заалт байсныг үрэлгэн байна, их хөрөнгө мөнгө зарцуулна гэж шүүмжилсэн. Иймд хуулийн төсөлд эдгээр байдлыг харгалзан үзэж мэдээллийг цахим хуудастай газар цахим хуудсандаа байршуулах, цахим хуудасгүй бол байгууллагынхаа үүдэнд самбар байршуулж олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байгаа. Энэ хууль батлагдсанаар цахим хуудаснаас үл хамаараад хэрэгжих боломжтой гэсэн тайлбарыг өглөө.
Хуулийн төсөлтэй холбогдуулан төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Хүрэлбаатар, Ж.Батзандан нар үг хэлсэн. Харин хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр сууринаас үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 61 гишүүний 55 нь буюу 90,2 хувийн саналаар дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.