Замын цагдаагийн газраас ирүүлсэн судалгаанаас үзвэл өнгөрсөн жил улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртжээ. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд энэ чиглэлээр тандалт судалгаа хийн дүнгээ гаргалаа. Иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклийн обуд нь хагарч цууран осолддог байна. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол 35 хувь нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас, үлдэх нь бусад осол гэсэн ангилалд багтжээ. Осолд өртөгсдийн 251 хүн буюу 76 хувь нь тухайн үедээ хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 93 хүн буюу 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдлоо. Осолдсон мотоцикльтэй эздийн 72 хувь нь мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар аваагүй зөрчил ч гарсан байна.
Аймгуудад мотоциклийг хүн тээврийн зориулалтаар ашиглах нь элбэг. Тухайлбал Дорнод, Баян-Өлгий, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн төвд 258 мотоцикль үйлчилгээнд явж байгаа. Өнгөрсөн онд хүн тээвэрлэж явсан мотоцикльтэй иргэд осол гаргасны улмаас 10 хүн амь насаа алдсан байна. Манай хуульд мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учир Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломж хомс. Гэхдээ аймгуудын Мэргэжлийн хяналтынхан тухайн орон нутгийн Замын цагдаагийн байгууллагатай хамтран осол, зөрчлөөс сэргийлэх, мотоциклоор хүн тээвэрлэж байгааг зогсоох шаардлага тавьж, зөвлөмж зааварчилгаа өгөх зэргээр боломжтой бүх арга хэмжээг авч байна.
Цаашид импортоор оруулж ирж байгаа мотоциклийн стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикль оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн хяналтын байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах зэрэг саналаа Зам, тээврийн яаманд хүргүүллээ. Мөн шат шатны Засаг дарга нар иргэдийнхээ мотоциклийг улсын бүртгэлд оруулж, улсын дугаар өгч хэвших, аюул, осолгүй эзэмшиж, ашиглах талаар сурталчилгаа, таниулга, зөвлөмж, санамж өгч байхыг санал болголоо. Өнгөрсөн онд улсын хилээр 37 мянга орчим мотоцикль орж ирсний 36713 нь БНХАУ-д, үлдсэн нь Энэтхэг, БНСУ, АНУ, Япон зэрэг 17 улсад үйлдвэрлэсэн байжээ.