Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн нүүрсний экспорт сэргэж эхэлжээ

-“Эрдэнэс Таван толгой” урд хөрш рүү хоногт 300-400 машин нүүрс тээвэрлэж байна-

Сүүлийн үед эрс унасан нүүрсний борлуулалт өнгөр­сөн сараас илт сэргэчихэж. “Эрдэнэс таван толгой”-н Баруун Цанхиас  гэхэд л тавдугаар сард 576 мянган тонн нүүрс урд хөрш рүү  тээвэр­лэжээ. Өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд эдний компани ердөө 100 мянган тонн нүүрс борлуулж байсан бол он гараад эхний гурван сард нэг сая тонн нүүрс экспортолсон байна. 

Биднийг “Эрдэнэс таван толгой” дээр очиход баруун Цанхийн орд дээр олборлолт ид явагдаж байлаа. Өмнө нь очиход эл хуль байсан уурхайд аварга машин техник бужигнаж эхэлжээ.  Нүүрс ачсан машинууд тасралтгүй цувцгаана.  “Эрдэнэс таван толгой” компанийн ордоос өдөрт 300-400 машин тээ­вэр­лэлт хийж байгаа аж. “Баруун Цанхи дээр тээвэрлэлтийн машин дахиад ч хэрэгтэй байна” гэж уурхайн захирал Н.Ням­гэрэл ярилаа. Уул уур­­хайн салбарт 15 жил ажил­ласан ашиглалтын инженер энэ залуу өмнө нь уран, нүүрс, алтны ордуу­дад ажиллаж байж. Австралид мастер хам­гаалаад иржээ. Энэ жилээс уурхайн захирлаар ажиллаж эхэлжээ. 

“Эрдэнэс Таван толгой”-д тээвэрлэлтийн найман ком­пани ажилладаг юм бай­на. “Монголын үндэсний олборлогч”, “Хишиг арвин”, “Мера” компаниудын хамтар­сан “Монгол уурхайчин” нэгд­лийн олборлолт явуулж буй баруун Цанхиас 100 тонноос дээш даацтай машинд нүүрс ачиж байгаа гэнэ. Харин Зүүн Цанхиас буюу “Чалко”-гийн өрөнд өгдөг нүүрсийг 70 тоннын даацтай машинууд тээвэрлэдэг аж. Зүүн Цан­хийн нүүрсийг “Энержи ре­сурс”-ийн барьсан засмал замаар тээвэрлэдэг юм. Замын даа­цаас шалтгаалж ийм хязгаар тавьжээ. Одоогоор “Энержи ресурс”, жижиг Таван толгойн борлуулалт сайнгүй хэвээр учраас замын ачаалал бага байгаа аж. 

Н.Нямгэрэлийн хэлснээр баруун Цанхи дээр олбор­лолтыг нэмэгдүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэнэ.  Зүүн Цанхийн хувьд техникийн бэлэн байдал муу гэсэн шалтгаанаар асуудал гарч байгаа гэсэн тайлбар хэлэв. Олборлолт эрчимтэй явагдаж байгаа нь Баруун Цанхи юм байна. Олборлолтын зардал 25-30 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа аж.  

Одоогоор “Эрдэнэс Таван толгой”-н  агуулахад 2.5 сая тонн нүүрс хадгалагдаж байгаа гэж уурхайн захирал онцлов.  Гаргахад бэлэн нөөц нь 1.5 сая тоннд хүрчээ. Он гарсаар олборлосон хоёр сая гаруй тонн нүүрснийхээ талыг нь борлуулсан гэсэн мэдээг бидэнд дуулгасан юм. 

Оны эцэс гэхэд 10-11 сая тонн нүүрс зарна гэсэн тооцоо гарчээ. Энэ оны төсөвт 30 гаруй сая тонн нүүрс зарж мөнгө олно гээд тусгачихсан гээд бодохоор эдний компани Монголын компаниудын экс­порт­­лох учиртай нүүрсний гуравны нэгийг нь л лав зарчих болол­той.

Шинэ мэдээ дуулгахад “Эрдэнэс Таван толгой” энэ долоо хоногт “Шинхуа”-д нүүрсээ зарж эхлэхээр болж. Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлалын үеэр “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд  хорин  жилийн хугацаанд нэг тэрбум хүртэлх тонн нүүрсийг “Шинхуа энержи” компанид нийлүүлэхээр тохиролцсон юм. Энэ тохиролцооны эхлэл болгож “Эрдэнэс-Тавантолгой”  “Шинхуа”-д энэ сард  450 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болсон билээ. Нэг тонн нүүрсийг “Цагаан хад”-ны нөхцөлөөр буюу 48.5 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцжээ. Тус компани одоогийн байдлаар  нэг тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр 35 ам.доллар,  Цагаан хадны  нөхцөлөөр 48.5 доллар, Ганц модны нөхцөлөөр 57 ам.доллараар нүүрсээ худалдаж байгаа аж. “Шинхуа”-д тавдугаар сард нийлүүлэх нүүрсний  нийт төлбөр нь  21.8 сая доллар болж байгаа гэнэ. Энэ төлбөрийн 17.4 сая ам.доллар нь “Эрдэнэс Таван толгой”-н дансанд оржээ. Тус компанийнхан энэ наймааг “Шинхуа”-тай хийх худалдааны зөвхөн эхлэл нь хэмээн ярьж байв. Нүүрсний үнэ хэлбэлзэлтэй байгаа учраас цаашдаа сар бүр тохироод явахаар ярьжээ. 

“Эрдэнэс Таван толгой” он гарсаар “Шинхуа”-тай нийлээд урд хөршийн найман компанитай нийтдээ 4.25 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцжээ. Нэг тонныг нь хамгийн багаар буюу 35 ам.доллараар зарна гэж бодоход ойрын үед 150-160 сая ам.долларын борлуулалтын орлого олох боломжтой гэсэн тооцоог компанийнхан гаргажээ. 

Н.Нямгэрэл “Нэг үеэ бодвол борлуулалт илт сэргэсэн учраас цаашдаа үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явах боломжтой болж байна” хэмээн ярив.

Баруун Цанхи дээр олборлолт явуулж байгаа үндэсний олборлогчид цалин цуух, төлбөр мөнгөө аваагүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил хаясан ч одоо байдал хэвийн болсон гэнэ. Компанийн зүгээс төлбөрийнх нь ихэнхийг барагдуулж тохироо хийжээ.   

Таван толгойд олборлолт явуулдаг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компаниуд “Шинхуа”-тай хамтарч хил хооронд төмөр зам барихаар тохирсон. Одоогоор 51 хувийг нь манай гурван компани, 49 хувийг нь “Шинхуа” эзэмших “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компани байгуулаад буй. Төмөр замын зураг төслийн ажил хийгдэж байгаа аж. Энэ сардаа багтаагаад бүтээн байгуулалтын ажлыг нь  эхэлчих байх гэсэн тайлбарыг “Эрдэнэс Таван толгой”-нхон өгч байв. Бүтээн байгуулалт нь эхэлчихвэл хагас жилийн дотор хил дамнасан 18 км төмөр зам баригдах нь. Төмөр зам ашиглалтад орсноор жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэх боломж нээгдэх юм. Ачааны машинаар хил дамнуулан тээвэрлэлт хийхэд 8-9 ам.долларын өртөг гардаг бол төмөр зам барьсны дараа тээвэрлэлтийн зардал 5-6 ам.доллараар буух боломжтой гэсэн тооцоо гарчээ. 

“Эрдэнэс таван толгой” нүүрсээ “Энержи ресурс”-ийн баяжуулах үйлдвэрт угааж илүү үнэ хүргэн зарна гэж төлөвлөөд ажиллаж байгаа. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй гэнэ. Хоёр талаас ижил хэмжээний нүүрс нийлүүлж хамтарч угаагаад Хятадын зах зээл дээр хамтран зарах гэрээний төсөл ТУЗ-ийнх нь түвшинд яригдаж эхэлжээ. Тус компани Японы “Нагата инженеринг” компанитай хамтран элс ашиглан хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг туршиж үзэхэд амжилттай болсон талаар салбарын яам нь мэдээлж байсан. Туршилтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Үйлдвэрээ барьтал “Энержи ресурс” компанийн баяжуулах үйлдвэрийг хамтран ашиглахаар төлөвлөөд байгаа гэнэ. 

Таван толгойн хоёр Цанхи ирэх аравдугаар сард нийлчих юм билээ. Зүүн Цанхи 80 метр,  Баруун Цанхи 50 метр гүнтэй байгаа юм байна. Хуулиараа ашигт малтмалыг бүрэн ашиглах үүрэгтэй учраас Таван толгойн орд дээр ажиллаж байгаа компаниудын эзэмшиж буй хэсэг энэ маягаар хоорондоо нийлэх бололтой. 

Зүүн Цанхиас нүүрс авдаг “Чалко”-гийн борлуулалт хүндэрч нүүрс авахаа хязгаарласан янзтай байгаа учраас манай улс өрөө бүрэн дарж дуусаагүй байна. Гэхдээ “Чалко”-гийн зүгээс Зүүн Цанхийн нүүрсийг өөр компаниудад борлуулж өрөө дарах боломж олгожээ. Өмнө нь ийм боломж олгодоггүй байж. Борлуулалт илт сэргэсэн учраас хоёр Цанхиасаа зэрэг олборлож өрөө дарж, ашиг олох боломжтой гэж тус компанийнхан ярьж байв. Уг нь “Чалко” компанитай хийсэн гэрээний дагуу бол “Ганц мод”-ны нөхцөлөөр Зүүн Цанхиас нүүрс нийлүүлэх үүргийг манай улс хүлээгээд байгаа юм. Одоо бол уурхайн амны, Ганц модны, Цагаан хадны гээд гурван нөхцөлийн алинаар нь ч нүүрсээ зарах боломж нээгджээ. “Эрдэнэс Таван толгой”-д  Өмнөговь аймгаас 120 гаруй, Цогтцэций сумаас жар гаруй хүн ажилладаг гэсэн статистикийг тус компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга С.Ганболд хэлж байлаа. 

Дашрамд дурдахад Таван толгойн  ордоос хэдхэн километрийн зайд байрлах Өмнөговийн Цогтцэций сумынхны нэг өрхийн доод талын орлого гэхэд л 500-700 мянган төгрөг байдаг гэнэ. Дээшлээд гурван сая хүртэл орлоготой өрхүүд ч олон бий гэсэн. Гудамж талбайгаар нь хөлхөлдөх машины ихэнх нь жип, “Бродвэй”, “Модерн номадс” зэрэг том сүлжээнүүдийн салбар аль хэдийн нээгдсэн, дэлгүүр, бар, ресторан нэлээд хэд, төвд байрлах хоосон хашаа нэг өрөө байрны ханшаар үнэлэгдсэн гэж ирээд яривал уул уурхай дагасан Цогтцэцийгийн бусад сумаас ялгарах онцлог их. “Энержи ресурс”-ын ажилчдын хотхон гэхэд хажууханд нь нээгдсэн “Орчлон” сургууль, цэцэрлэг, үйлчилгээ энэ тэртэйгээ  нийлээд бараг хороолол болчихож. Цогтцэций муухан аймгийн төвөөс том сум болжээ. Сумын урагшаа коксын үйлдвэр байдаг юм билээ. Нүүрсний зах зээл оргил үедээ байх цагт компаниуд тэр үйлдвэрт нүүрсээ аваачаад коксжуулж дажгүй үнээр зарчихдаг байж. Харин одоо бол үйлдвэрийн ажил зогсчээ. Удахгүй бүтээн байгуулалтын ажил нь эхлэх төмөр замын бетон дэрний үйлдвэр байгуулагдаж байгаа гэж нутгийн иргэд олзуурхан ярьж байсан. Сонирхуулж хэлэхэд Цогтцэцийд  шилжин ирж буй хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэж Засаг дарга нь онцолсон. Сумын иргэд жилд 17-18 хувиар өсч байгаа гэнэ. 

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *