Categories
мэдээ нийгэм

Гэр хороолол дунд бичил цэцэрлэгт хүрээлэн босгоно

Энэ зун нийслэлд шинээр нийт 30 мянган метр квадрат талбайд цэцэг, 200 мянган метр квадрат талбайд зүлэг тарьж, 450 мянга гаруй мод, сөөг нэмж суулгах ажээ. Цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх ажлыг энэ сарын 30 гэхэд бүрэн дуусгах  юм байна. Түүнчлэн 16 газрыг тохижуулж, хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын газар болгохоос гэр хорооллын гурван байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөсөн аж.  Тэдгээр  тохижуулах газрын гурвынх нь ажлын явцтай танилцав. Эхнийх нь Сүхбаатар дүүргийн I хорооны дөрөв, тав, 33 дугаар байрны дундах тохижилтын ажил. Энд өмнө нь ямар ч хашаа, хайс, цэцэрлэггүй шороон талбай байжээ. Одоо харин энд мянга гаруй метр квадрат газар зүлэг, мод суулгаж, хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд, явган хүний зам, хашаа, хайс барин иж бүрэн тохижуулалт хийж байгаа юм байна. Хүүхдийн гулсуур, тоглоомнуудын дор хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс резинэн зөөлөвч дэвсэж өгсөн байна. Нийт 260 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн ажил дуусах шатандаа оржээ. 

Дараагийн тохижилтын ажил  Сонгинохайрхан дүүргийн VIII хороонд буюу Баянхошууны гэр хороолол дунд байрлах “Гүнжийн нуур”-ыг тойрсон бичил цэцэрлэгт хүрээлэн. Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ ярихдаа “Цаашид гэр хорооллын дундах тохижилт, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахад анхаарал хандуулан ажиллах болно. Гэр хороолол гэхээр юм бүхнээс хоцроод байдаг тал бий” гэж байв. Тийм ч учраас эхний ээлжинд эл газрыг сонгон авч бичил цэцэрлэгт хүрээлэн барихаар болжээ. “Гүнжийн нуур” нь нийслэл хотод байрлах ганцхан нуур бөгөөд зундаа галуу, цахлай зэрэг усны шувууд ирж зусдаг газар. Нуурын талбай нь 560 метр квадрат, хоёр метр гаруй гүн аж. Тохижилтын хувьд нуурыг тойруулан битүү хашаа барьж, 360 гаруй мод, бут суулган, эргэн тойрон цэцгийн мандал хийж, явган хүний зам, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг, гадна машины талбай, харуул хамгаалалтын байр гээд бүгдийг цогцоор нь шийдэж өгөх гэнэ. Түүнчлэн нуур руугаа орсон 30 метр гүүр  барьж, хүүхдүүдийн хүсэлтээр гадна талбайд сагсны шийд босгох аж. Энэ хавийн газар нь нэлээд намгархаг тул цэцэрлэгт хүрээлэн босгох газар хайрга дэвсэж тэгшилжээ. Нийтдээ 440 гаруй сая төгрөгний хөрөнгө орж байгаа бөгөөд долдугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөх гэнэ. 

Мөн гэр хорооллын голд байх Тасганы овооны тохижилттой танилцлаа. Эндхийн ажил хараахан эхлээгүй бөгөөд одоо зургийн ажлыг хийж дуусгаад гүйцэтгэлийн тендер зарласан байна. Гандантэгчилэн хийдийн зүүн талд байдаг Гэсэр сүмийн Тасганы овооны ойр орчны талбай нь өвс ногоо ургах боломжгүй, маш хатуу чулуулагтай газар. “Эндхийг тохижуулахдаа элдэв тоглоомын талбай байшин сав барилгүйгээр байгалиар нь тохижуулахыг бид зорьж байгаа. Битүү зүлэгжүүлэн, ургамалан буюу модоор тойруулан хашлага барина. Овоонуудыг тойруулан чулуун зам барьж, буддын зан үйл үйлдэхэд тохиромжтой болгон, толгодын бэлд машины зогсоол барьж, Тасганы овоо руу гарах чулуун зам хийх юм байна. Мөн доод хэсэгт хатуу хөрстэй, усжуулалт бордоогүй газар хэрхэн ногоо тарьж болохыг судлах зорилгоор туршилтын найман талбай хийхийг зорьж байгаа ажээ. Эхний ээлжинд тэндээ монос, чацаргана, үхрийн нүд зэрэг моднуудыг тарьж үзнэ” хэмээн Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болортуяа ярьсан. Энэ хавийн газрыг Дэлхийн банкнаас Нийслэлтэй хамтран тохижуулж байгаа бөгөөд бүх хөрөнгийг Дэлхийн банкнаас гаргажээ. Нийт 900 мянган ам.доллар  төсөвлөснөөс 400 мянган ам.долларыг судалгааны ажилд зарцуулаад байгаа аж. Тохижилтын ажил ирэх  аравдугаар сард дуусна. 

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *