Бээжингийн гудамжны зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг бүтнээр нь хаалаа. Өчигдөр оройн 23.00 цагаас эхлэн энэ чиглэл дэх замын хөдөлгөөнийг бүрэн хааж, нэг сарын хугацаанд шугам сүлжээний туннель, зам барилгын ажил хийх аж.
Зам засварын ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Бээжин констракшн инженеринг групп” компани гүйцэтгэж буй бөгөөд дөрөвдүгээр сараас зам барилгын ажил эхэлж, энэ хэсгийн замын хойд урсгалыг хаасан байгаа. Харин Улсын баяр наадмаас өмнө хойд талын урсгалыг шинэчилж нээхээр төлөвлөж буй ажээ. Энэ чиглэлд хуучин дөрвөн эгнээтэй зам байсан бол өргөтгөл шинэчлэлийн ажлаар хоёр урсгалд тус бүр гурван эгнээтэй, нийт зургаан эгнээ бүхий зам болгон шинэчилж байгаа бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам байх юм. Бээжингийн гудамжийн зам барилгын ажил арваннэгдүгээр сарын 30-нд бүрэн дуусч, ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм байна.