Монголын залуучуудын холбооноос “Морьтон Монгол залуу” хөтөлбөрийг санаачлан, сурагчидтай хамт анхны аялалаа хийгээд иржээ. Аялагчид тавдугаар сарын 31-нээс энэ сарын 6-ны хооронд Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур байгалийн цогцолборт газраар аяласан байна. Аялалд “International School of Ulaanbaatar” дунд сургуулийн багш сурагчид оролцсон аж. Хүүхдүүдийн дийлэнх нь өмнө морьтой харьцаж үзээгүй тул тэдэнд морийг хэрхэн унах, уналга, ачлага, тоног хэрэгслийн талаар сургалт явуулсан гэнэ. Тэд нийт 115 км замыг мориор туулж, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцжээ.