Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Д.Ганхуяг Бразилд айлчилж байна

 Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад хийж буй айлчлал 2014 оны 6 дугаар сарын 9-нд Бразилийн Гадаад харилцааны сайд Луиз А. Фигуэйрэдотой уулзсанаар эхэллээ.

Дэд сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Л.Болдын мэндчилгээг уламжлаад Монгол, Бразилийн харилцаанд монголын тал чухал ач холбогдол өгдгийг нотлон хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцов. Сайд Л.Фигуэйрэдо хоёр орны харилцааг өргөжүүлэх өргөн бололцоо буйг онцлоод Монгол Улс Бразилд ЭСЯ-аа нээж буй нь харилцаанд шинэ хуудсыг эхлүүллээ хэмээн мэдэгдэв. Талууд 2007 оноос хойш зохион байгуулж ирсэн ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт нь үр дүнтэй механизм болж чадсан гэж дүгнээд улс төрийн яриа хэлэлцээг дээд, өндөр түвшинд ч явуулж байх боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав.

Үүний дараа Д.Ганхуяг айлчлалын хөтөлбөрийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Хосэ А. Г. Лиматай хамтран ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг удирдан хийв. Монголын талаас Монгол Улсаас НҮБ-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч, Америк, Африкийн газрын захирал Б.Чулуунхүү нарын ГХЯ-ны төлөөлөгчид, бразилийн талаас тус улсын ГХЯ болон Геологи, уул уурхай, эрдэс боловсруулалтын яам, Спортын яам, Боловсролын яам, Хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, худалдааны байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон уг уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшний ололт амжилтыг дүгнэн цаашид өргөжүүлэн хөгжүүлэх салбар, чиглэл, арга замын талаар санал солилцов.  

Талууд хоёр орны Засгийн газар хооронд байгуулахаар тохирсон спорт, боловсролын салбарт тус тус хамтран ажиллах тухай, хоёр орны бүх төрлийн паспорттай иргэд тодорхой хугацаанд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрүүдийн ач холбогдлыг онцлон ярилцаад Бразилийн хууль, журмын дагуу гарын үсэг зурах эрхийн асуудал шийдэгдмэгц ойрын хугацаанд байгуулахаар тохиров.    

Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэх үүднээс холбогдох яамд хоорондын хэлхээ холбоог дэмжих, харилцан айлчлал хэрэгжүүлэн туршлага солилцоход бэлэн буйгаа талууд цохон тэмдэглэв. Түүнчлэн олон улсын байгууллагын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалаа улам бататган хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайдын айлчлал 6 дугаар сарын 10-нд Бразилийн Конгресс дахь Бразил, Монголын бүлгийн удирдлага, гишүүдтэй уулзах, тус улсын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх судалгааны корпорацид зочлох зэргээр үргэлжилнэ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *