Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийн хэрэг шүүхэд шилжжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэж цоллуулаад буй Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид  өнгөрсөн гуравдугаар сараас хойш саатуулагдаж байна. Г.Сарангэрэл охины хүсэлт гаргасаны дагуу өмгөөлөгч Г.Батбаяр түүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Г.Батбаяр нь “Хэрвээ Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллавал О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжилнэ” хэмээн ярьж байсан билээ. Түүнээс гадна нэг өмгөөлөгч байгаа аж.

Өмгөөлөгч Г.Батбаяр одоо хэргийн материалтай танилцаж байгаа бөгөөд Г.Сарангэрэлийн хэрэг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ зүйл ангид “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заасан байдаг аж. Энэ зүйл анги Эрүүгийн хуулийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд ордог юм байна.

Г.Сарангэрэл хоригдоод гурван сар болчихсон бөгөөд хорих хугацааг нь ирэх сарын 2-ныг хүртэл сунгасан байна. Тиймээс ямар учраас үргэлжүүлэн хорьж байгаатай танилцаж, гомдол гаргаж батлан даалтад гаргахаар хөөцөлдөнө гэдгээ өмгөөлөгч нь хэлсэн юм.