Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, Колумби улсын Гадаад яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 5-6-нд Богота хотноо амжилттай болж өндөрлөв. Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Колумбийн талаас Гадаад хэргийн дэд сайд Патти Л.Харамилио нар тэргүүлэн оролцсон уг уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн боломжийн талаар ярилцан санал солилцов.

Уулзалтад Колумбийн уул уурхай, хөдөө аж ахуй, төлөвлөлт, худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлал хариуцсан яамдын өндөр албан тушаалтнууд оролцон мэдээлэл хийж, тухайн салбартаа хуримтлуулсан туршлагаа Монголын талтай цаашид хуваалцан хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн буйгаа илэрхийлэв.

Хоёр тал дэд сайд Патти Л.Харамилиогийн 2012 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш хоёр орны харилцаа идэвхжиж, уул уурхайн яамд хооронд ажил хэргийн хэлхээ холбоо тогтсонд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчноо хамгаалах, соёл урлаг, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг талууд мөн онцлов. Иргэд хоорондын харилцааг дэмжин ажиллахаа харилцан илэрхийлж, Колумбийн тал хоёр орны хооронд байгуулсан Дипломат, албан паспорттай иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг соёрхон баталсан тухай ноотыг гардуулав.

Түүнчлэн чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын талаар холбогдох яам, байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлагаа хуваалцахаар ярилцав. Колумбийн ГХЯ Зүүн Ази, Латин Америкийн орнуудын форум (ФЕАЛАК)-ын шугамаар хэрэгжүүлдэг Испани хэлний сургалтдаа Монголоос эхний ээлжинд аяллын хөтөч, сэтгүүлчдийг хамруулахад бэлэн буйгаа мэдэгдэв.

Талууд улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, олон улсын байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж ажиллахаар мөн тохиролцов.

Зөвлөлдөх уулзалтад манай талаас Америк, Африкийн газрын захирал Б.Чулуунхүү, Колумбийн талаас Ази, Африк, Далайн орнуудын газрын захирал Сандра С. Росас, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Андреа Албан, Соёлын харилцааны газрын захирал Наталиа Суескан нар оролцов.