Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн дүнгээ танилцууллаа. Шалгалтыг оны эхнээс өнгөрөгч тавдугаар сар хүртэл хийсэн бөгөөд үүнд нийт 18 аймаг, нийслэлийн 239 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн хурлаар үүнээс 118 аж ахуйн нэгжиийг шалгасан дүнг хэлэлцжээ.
Шалгалтаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн барилга, байгууламжид тавигдах шаардлагуудаас бусад үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 28 хүртэл хувиар дээшилсэн байна. Тодруулбал, хүн ам ихтэй нийслэл, Дархан-Уул, Орхон, Дорнод, Хөвсгөл дэх үйлдвэр, цехүүд ажлын байраа зориулалтын дагуу өөрчлөн сайжруулсан, ажиллах нөхцлийг бүрдүүлсэн, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж байгааг шалгалтынхан онцлов.
Шалгалтаар улсын байцаагчид 835 зөрчил илрүүлэн 26 хувийг нь шууд арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Ноцтой зөрчилтэй нь тогтоогдсон долоон үйлдвэр, цехийн үйл ажиллагааг зогсоон, эрүүл ажуй, чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ. Хяналт шалгалтын дүн, танилцуулга, шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд хүргүүлэх юм байна.
Цаашид улсын байцаагчийн гаргасан акт, албан шаардлагыг хэрэгжүүлж, зөрчлийг арилгах, шалгалтад хамрагдаагүй бусад үйлдвэр, цехийг энэ оны гуравдугаар улиралд багтаан шалгах талаар албаныхан мэдээлэв.