Categories
булангууд мэдээ

Н.Гэрлээ: Жамц баяны дүрийг бүтээхдээ нагац ахынхаа амьдралаас санаа их авсан байх

 “Миний аав” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Найдангийн том охин Гэрлээг урьж оролцууллаа. “Хүргэн хүү” киноны Жамц, “Хөдөөгийн баясгалан” кинонд Ширнэн­гийн дүрээрээ алдаршсан Доржийн Найдан гуайг мэдэхгүй хүн ховор билээ. Түүний охин Гэрлээ өдгөө 70 нас шүргэж явна. Тэрбээр аавынхаа тухай ийнхүү дурслаа. 

-Гавьяат жүжигчин Д.Найдан гуайн бүтээсэн дүрүүд монгол хүн бүрийн сэтгэлд их ойр санагддаг. Аав, өвөө минь юм шиг тийм дотно сайхан мэдрэмж төрүүлдэг. Аавынхаа намтрын талаар ярихгүй юу. Бага залуудаа юу хийж байв?

 -Угаасаа миний аав чинь их сайхан хүн байсан юм. Кинонд тоглосон дүр, амьдрал дээр байгаа хоёр нь ялгаа байхгүй дээ. Амьдрал дээрээ тийм аядуу, зөөлөн зантай, уурлаж, уцаарладаггүй. Хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг. Бас их алиа хошин, найрсаг зантай хүн байсан юм. “Хөдөөгийн баясгалан”-д Ширнэн өвөөгийн дүрээр залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, мал маллах нарийн ухааныг харуулж, хөдөөдөө жаргаж байгаа тэр дүр нь яг л гэртээ, хүүхдүүдтэйгээ байгаа юм шиг. Гэртээ орж ирээд цайгаа уугаад сууж байгаа тэр дүр төрх нь одоо ч нүдэнд минь харагдаж байна. Хүүхдэд их хайртай. Хүүхдийг загнана гэж мэдэхгүй тийм хүн байлаа. Тиймээс би Ширнэн өвөөгийн дүрд нь их хайртай байдаг юм.  

Аавын минь бага залуу нас мал дээр өнгөрсөн. 1917 оны долдугаар сарын 13-нд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 21 нас хүртлээ мал маллаж байгаад 22 насандаа ээжтэй маань ханилан сууж, тэр жилдээ цэрэгт явсан юм. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 20 дугаар морьт хо­роонд хуваарилагдаад, цэр­гийн клубт уран сайханчид бүртгүүлэхэд аав маань хам­гийн түрүүнд нэрээ бичүүл­сэн гэдэг. Тэгээд 1941 оноос урлаг руу орсон юм. 1945 онд Ховд аймгийн төвд театрчилсан клуб бай­­гуу­лагдахад аав маань анхны дуучин, жүжигчнээр орж  байлаа. Тэндээ 1969 он хүртэл 24 жил ажилласан юм. 

-Урлагт их дуртай байж дээ?

-Угаасаа урлагт их ойр хүн байсан юм. Бага залуу нас нь мал дээр өнгөрсөн ч өөрөө их авьяастай байж. Монгол ардын уртын дууг их сайхан дуулна. Залуу зандан цагтаа нутаг хошуундаа ган хоолойтой Найдан гэж нэрлэгддэг байв. Их сайхан нарийхан хоолойгоор дуулдаг учраас цэрэгт байхдаа ардын цэргийн клубт дуучнаар орсон. Нутгийн ард түмэн малчин Найдан, дуучин Найдан, ерөөлч Найдан гээд Найдангийн халаасанд мөн ч олон Найдан байгаадаа гэж хошигнодог байсан гэдэг. Өөрөө тамхи их татдаг байсан юм. Тэгээд тамхинаас болоод дуулж чадахаа байлаа гэж  ярьдаг байсныг санаж байна. “Амны тамхи дуучин хүнд их хэрэггүй эд дээ. Намайг уртын дуу дуулж байсан гэхэд одоо хүмүүс бараг шоолно биз.  Юуны ган хоолой байхав, сөөнгө хоолойтой Найдан л гэх байлгүй” гэж хошигнож ярьсан байдаг. Ер нь дууг сайхан дуулахаас гадна сэтгэлээрээ дуулах ёстой гэдгийг аав маань багшаасаа суралцсан. Сэтгэлээсээ дуулдаг байсан тэр мэдрэмж  нь жүжигчин болоход нь дэвсгэр болсон юм болов уу. Ховдын театрт ажиллаж байхдаа их олон жүжгийн дүрийг бүтээсэн. Бид нар аавынхаа тоглосон жүжгийг үзэх гээд театрт очно. “Далан худалч”, “Тожоо жолооч” зэрэг олон драмын жүжиг, С.Гончигийн зохиол Д.Лувсаншаравын хөгжим “Цэцэгт нуурын хошуунд” хөгжимт бүжгүүдэд тоглосон. Тэгээд хот руу орж ирээд кинонд тоглож эхэлсэн юм. Нэг дүү маань өвдөөд Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх шаардлагатай болсон. Хотод ирээд шууд л Улсын драмын театрт жүжигчнээр орж  олон кинонд сайхан  дүрүүдийг бүтээсэн.  Нийтдээ улсад 33 жил ажилласан байна. 

-Залуудаа гавьяат жүжиг­чин цол хүртсэн юм билээ?

-Тиймээ. 1954 онд Ховд аймгийн театрын урлагийн арван хоногоор Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан.  Ардын хувсгалын 50 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд “Хүргэн хүү” киноны Жамцын дүрээр Тусгай шагнал хүртсэн. Бас залуу үеийн хүмүүжүүлэгч, тэргүүний ажилтан зэрэг ойн медаль тэмдэг, сайшаалын үнэмлэх, диплом, баярын бичгээр шагнуулж байсан.  1971 онд Москвад болсон олон улсын кино наадамд оролцсон. Тэнд гадаадын олон урлаг судлаач, үзэгчид ирж Жамцын дүрийг өндрөөр үнэлсэн гэдэг. 

-Аавтайгаа байсан дур­самжуудаасаа хуваалцахгүй юу. Одоо ч санаанаас гардаг­гүй захиас байдаг байх?

 -Аавтай маань холбоотой их олон сайхан дурсамжууд бий. Их завгүй байсан нь санаанаас гардаггүй юм. 1954 онд Ховдын театрынхан Хятад руу ажлаар явсан. Аавыг явсан хойгуур ээж маань алдарт эхийн нэгдүгээр одон авдаг юм байна. Дээр үед орон сууц гэж байх биш. Аавын ах нь манайхтай нэг хашаанд байлаа. Ээж маань одон авч байхад аав байдаггүй. Тэгээд яахав, аавын ах нь ээжид минь баяр хүргэж, чихэр жимс авчирч өгөхөд би нээх их баярлаж билээ. Ер нь тэгээд цаг наргүй ажилладаг байсан даа. Бас нэг өдөр ээж төрөх гээд  гэнэт өвдлөө. Тэгсэн аав ажилдаа яваад байдаггүй. Намайг шалавхан яваад аавыгаа дууд гэлээ. “Ээж төрөх гээд байна” гэж хэл гээд захив. Тэгээд би театр руу очоод аавд сандраад хэлэв. “Ээж төрөх гээд өвдөөд байна” гэсэн чинь “Өвдөх барих юу байдаг юм. Цаашаа очоод улсуудад хэлээд эмчид үзүүлээд төрж бай. Би жүжигт гарах гээд байна. Энэ чухал ажлыг хаяж болохгүй. Очиж чадахгүй” гээд орчихлоо. Ажилдаа дуртайгаас гадна асар их хариуцлагатай байдаг байсан. Тэр үе санаанаас гардаггүй юм.

-Жамц баяны дүрд монголчууд их хайртай байдаг. Энэ дүрээр баян хүн бүр муу биш гэдгийг харуулсан. Дүрээ хэрхэн бүтээснээ юу гэж ярьдаг байв?

-Яг тэр дүрийг ингэж бүтээж байсан гэж хэлж байсныг нь санахгүй байна. Хүүхэд байсан болохоор нарийн ширийн юм ойлгохгүй байсан болов уу даа. Ямар ч байсан их завгүй, хөдөө гадаа явдаг. Шөнөжин суугаад жүжиг, киноныхоо дүрийг гаргах гээд дэвтэр бариад суудаг. Монгол бичгээр их сайхан бичдэг хүн байсан. Аавын маань ээжийн дүү баян Базар гэж хүн байсан юм. Аав тэр ахтайгаа их ойр өссөн байх. Мал хуй ихтэй баян хүн байсан. Тиймээс баян хүний зовлон бэрхшээлийг сайн мэддэг учраас “Хүргэн хүү” киноны Жамцын дүрийг бүтээхэд дөхөм байсан болов уу. “Хөдөөгийн баясгалан”-гийн Ширнэн, “Хүргэн хүү”-гийн Жамцын дүрээс гадна  драмын жүжгийн олон туслах болон гол дүрийг бүтээсэн. Тэгээд 1969 оноос хойш “Эр цэргийн жирийн өдөр”, “Хатанбаатар”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Цэрэг эрийн дууль” гэх мэт кинонд тоглосон.  

-Тэтгэвэртээ хэдэн онд гарсан бэ. Тэтгэвэртээ гараад юу хийж байв?

-1978 оноос өндөр насны тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарсан ч гэсэн урлагийнхаа ажлыг хийсээр л байсан. Тэр нь “Ахмадын цуурай” нэвтрүүлэг юм. Энэ нэвтрүүлгээ хийж, хот, хөдөөгийн хооронд их явна. Нэг ч зүгээр суухгүй байсаар 1990 онд өөд болсон доо.   

-Та ах, дүү хэдүүлээ вэ?

-Би ээж, ааваасаа арвуу­лаа. Аав, ээж маань таван хүү, таван охин төрүүлж өсгөсөн. Одоо амьд сэрүүн байгаа нь зургаа байна. 

-Аав тань ямар хүнтэй ойр байж, хэнийг хүндэлдэг байсан бэ?

 -Үеийнхээ нөхдүүдтэй сайхан нөхөрлөнө. Залуучууд­даа үлгэр дуурайл болж, ахма­дуудыг их хүндэлдэг бай­сан. Манайхаар орж гарсан хүмүүс бүгд л жаажаа жаажаа гээд хүндэтгэлтэй хандана. Цагаан сар, улсын баяраар театр, урлагийнхан бүгд л ирнэ шүү дээ. Тэр бүгдийг тоочоод барахгүй биз. Миний санаж байгаагаар жүжигчин Дамчаа гуайтай их найз байсныг санаж байна. Өөрөө их алиа хошин хүн байсан болохоор аавыг минь явсан газар болгонд бөөн инээдэм ханиадам болдог байлаа.  

Х.ЦЭНД-АЮУШ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *