Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ц.Доржготов: Инээгээд байгаагийн цаана эмгэнэл нь байх жишээтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: УНШИГЧ ТАНД ЕСӨН ЖИЛИЙН ӨМНӨ ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ Ц.ДОРЖГОТОВТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА


Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовтой ярилцлаа.


-Та “Улаан орхимжны давалгаа” зохиолоороо төрийн шагнал
хүртэж байв. Таны өвөг дээдсийн амьдралд, зүрх сэтгэлд тань цаг үеийн үлдээсэн
ул мөрөөс үүдэлтэй юу. Ер нь өвөг дээдэс, аав ижий тань ямар амьдрал туулсан
хүмүүс вэ?

-Миний
аавын үед одоогийнх шиг сургууль соёл байсангүй ээ. Хүмүүс хаана төрөв тэр
нутагтаа малаа маллаж амьдарч байв. Ер нь ах дүү нар маань цугаараа тийм. Тэр
дундаас Лхасран гэдэг гавж л байсан юм. Тэр хүн гучин дөрөвхөн насандаа
баригдаад үрэгдсэн. Тэр хүний амьдралын ерөнхий нурууг нь аваад би гучин долоо
найман оны үеийн хэлмэгдүүллийн сэдвээр бичсэн юм. Багаасаа ижий ааваасаа сонссон,
настайчуудаас сонссон, уйлж унжсан улсаас сонссон тэр дурсамжаас үүдэн миний
сэтгэлд тийм нэг өмөөрөл, өширхөл яваад байсан хэрэг л дээ. Их л муухай юм
болсон юм байна лээ гэсэн дурсамж. Монгол Улс их муухай ажил хийсэн шүү дээ.
Тэр явсаар байгаад “Улаан орхимжны давалгаа” гэдэг зохиол бичихэд хүргэсэн. Эрт
үед бол бид нар хэлмэгдэж байсан. Залгуулаад бид мэхлэгдсэн. Одоо ч миний
дэргэд мэхлэгдсэн улсууд хуучин социалист нийгмийг өмөөрөөд, хуучин ганц намын
дарангуйллыг өмөөрөөд, нийгмийн өмчийг өмөөрөөд өөрсдөө ардчиллын хүчинд
хувьдаа байртай, газартай, малтай болсон мөртлөө тэгээд байдаг юм. Тэгээд би
сүүлийн үед тэрийг буруу даа, энийг өмөөрөөд байх юм байгаагүй шүү дээ, би
туулаад ирсэн хүний хувьд мэднэ, хуучин дэглэмээсээ салаасай гэсэн үүднээс би бичдэг
юм. Одоо бол ийм үүднээс бичиж байгаа юм.

-Мэхлэгдсэн гэдэг нь?

-Баабарын
сайт, нийтлэлчдийн клубт намайг бүртгэж аваад би бичихгүй юу. Ардчиллын эхэн
үед “Тоншуул”-ын өрөөнд Баабар бид нар цуглаад тэр үеийн хэллэгээр бол цуурдаг
байсан үе ч бий. Би бичихдээ
мэхлэгдсэнийг нь хэлэхээр өмөөрөөд байдаг улс коммент бичээд л байх юм. Их
муухай үгээр харааж зүхсэн бүдүүлэг коммент бичицгээдэг.

-Комментоор таныг хэтэрхий их бөмбөгдсөн. Тэр болгоныг та
яаж хүлээж авч байв. Цочирдох үе байв уу. Ер нь больё гэж бодов уу?

-Уг
нь миний бичсэн зүйлийн тухай маргах учиртай л даа. Ямар санаа дэвшүүлэв, тэр
санаа нь зөв үү, буруу гэж мэтгэлцэхийн оронд “хятадын эрлийз”, “зөнөг” энэ тэр
гэж дуудаад байдаг юм. Бидний үе “хүнийг гэгээрүүлнэ” гэсэн нэг лоозонтой явлаа
л даа. Одоо ч гэсэн энэ байх л байх. Ард түмнээ гэгээрүүлье гээд, улс төрийн
бодлого ч хүнээ чанаржуулъя гэж байна. Төрийн тийм бодлогыг л би амьхандаа
дэмжиж иргэнийхээ үүргийг биелүүлэх гээд байгаа хүн. Миний бичсэн санааг олонх
нь дэмждэг юм. Уншсан хүний тоог харахад өчнөөн, гуч дөч тавин мянга, бүр зуун
мянга ч хүрсэн байдаг юм. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг би дотор нь хуваасан
юм. Ямар ч байсан дал наяад хувь нь миний дэвшүүлж байгаа санааг зөв гэж үздэг,
намайг дэмждэг юм аа. Арав хорин хувь нь буруутгадаг. Тэдний нэг хэсэг нь
харанхуй хулигаанууд байдаг. Тэднийг бол авч үзээд ч яахав. Нөгөө хэсэг нь
хуучин тогтолцооны үед нэлээн гайгүй алба хашиж амьдарч байсан, нам засагтаа
зүтгэж байсан хүмүүс болон тэдний үр удам байдаг. Тэд бол өнөөгийн амьдралд
дургүйцээд байдаг юм. Цаагуураа дургүйцсэн уураа жиргээгээрээ надад гаргадаг.
Ганц надад биш Баабар, Цэнддоо эд нарт гаргадаг л юм байна лээ. Тэр харанхуй
хулигаанууд, хуучныг далдуур шүтэн бишрэгчдээс болоод бичихээ болих юм бол
дэмжиж байгаа дал наян хувь маань уншиж чадахгүй болчихно шүү дээ. Ер нь
коммунист дэглэм буруу гэдгийг мэдсэн улс хоногийн тоогоор олшроод л байна. Энэ
сайн хэрэг. Гэхдээ зах зээл гэдэг бол Шамбалын орон шиг юм биш шүү дээ. Үүнийг
дагаад зах зээл дотор шургаад орчихсон өөдгүй нөхөд зөндөө байна. Тэд нар
ардчиллыг гутаах болж. Монголчууд
өөрийгөө ариусган хүмүүжүүлэх бурхны шашныг олон зуун жил ашиг хонжоо олох арга
болгосон шиг ардчиллыг монголчууд бузарлачихсан. Тэдэн дотор ардчиллынхан
өөрсдөө ч бас байгаа юм. Тэгэхээр ардчилал монголчуудад гологдов уу, эсвэл
монголчууд ардчилалд гологдов уу гэдэг асуулт гарах нь.

-Ерээд онд хөдөөгөөс нийслэл рүү чиглэсэн их нүүдэл өрнөж
байв. Тэр үед та зөрөөд хөдөө Архангайн Хашаат сум руугаа яваад өгсөн. Ямар
учир шалтгаан байв аа. Очоод та яав?

-Урьд
нь би наян онд Хархорины сангийн аж ахуйд хоёр жилийн томилолтоор ажиллаж
байсан юм. Хархорины сангийн аж ахуйн наахна залгаад манай Хашаат сум байдаг.
Ер нь Хашаат сум намайг татаад л байдаг байсан юм. Аав ээжийн малаа маллаад
амьдарч байсан тэр нутаг. Бид багадаа дураараа амьдарч байсан гэж аав ээж минь
бахархдаг байлаа. Тэр үед нь нэгдэл гэж байсангүй. Нэгдэл үүсээд хүмүүс ялтай мал хариулж байна,
зовж байна, эрх чөлөөгүй байна гэж үглэдэг байсан юм. Би үүнийг нүдээрээ үзсэн
хүн. Дөчин долоо найман онд би долоо наймхан настай байж. Аравхан жилийн өмнө
гучин долоо найман оны их дайчилгаа хэлмэгдэл болоод өнгөрсөн. Ойр дотнынхоо
хүмүүсийг алдчихсан алуулчихсан улсын уйлаан майлаан дунд би юмны учир олж
ухаарч эхэлсэн хэрэг. Нэгдлээс өмнө сайхан
байсныг би мэднэ, мэдэрнэ. Нэгдэлд ороод эрх чөлөөгүй болсныг ч мэднэ. Тэгэхээр
аав ижийн ярьсныг зөвхөн үгээр нь үнэмшээгүй. Бодит амьдрал дээр нүдээр харсан
юм. Тийм л амьдрал надад их сонирхолтой санагдаад байдаг. Тэгээд явсан.

Улаанбаатар
хотод картын бараанд орсон хүнд хэцүү үе. Би тэр хүнд хэцүүгээс зугтаагаагүй
ээ. Хүмүүс конторт ширээний ард суучихаад утсаар яривал ярьчихаад юу ч
бүтээхгүй ажиллаж байсан үе. Түүний оронд хэдэн мал өсгөж бойжуулаад өөрөө
өөрийгөө тэжээе, хүүхдүүд маань ч бие дааг гэж бодоод явчихсан. Яг аав ижийнхээ
амьдарч байсан тэр нутаг, тэр жалга довонд амьдарч, тэнд тэнгэрт хальсан аав
ижийгээ миний ингэж амьдарч явааг мэдэрч байгаа бол баярлаж байгаа даа гэсэн
урмаар би амьдарсан. Би тийшээ малчин болох гэж яваагүй. Зохиол бичих гэж
явсан. Конторт суугаад орой гэртээ ирээд зохиол бичдэгээ өөрчлөөд өдөр малаа
харж, орой нь зохиолоо бичдэг болсон.

-Нөлөө нь юу байв?

-Яг
дунд нь орж амьдраад, хар бор малчидтайгаа хутгалдаад явахаар огт өөр шүү дээ.
Хөндлөнгөөс харахад арчаагүй ч юм шиг, бүдүүлэг ч юм шиг харагддаг ч дотор нь
ороод хутгалдаад ирэхээр асар ухаантай янз янзын улс байдаг. Тэнд амьдардаг
олон хүн миний зохиолд яг монгол хүний дүрээр бууж ирсэн. Монголын уран зохиолд
монгол хүнийг дүрсэлсэн миний нэг дүр байгаа. Тэр нь голдуу малчид.

-Гүрсэд, Барамсай гэдэг ч юм уу хамт нэг дор явсан
зохиолчдынхоо тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хүмүүс
намайг шог зохиолч гээд байдаг юм. Миний зохиолын хорь гучин хувь нь хошин шог
өгүүллэг бий. Бусад нь өөр. Гэхдээ би уншигчдынхаа дур сонирхлыг татахын тулд
зохиолдоо янз бүрийн арга хэрэглэсэн байгаа нь мэдээж. Уянга, ёжлол егөөдөл аль
алийг нь хэрэглэнэ. Энэ утгаараа намайг шог зохиолч гэцгээдэг байх.
Нөгөөтэйгүүр, намайг насаараа “Тоншуул” сэтгүүлд ажилласан болохоор шог зохиолч
гэж ойлгодог шиг байна.

-“Тоншуул” сэтгүүл тухайн цаг үедээ үнэн хэрэгтээ сондгой
фигур байсныг он жил өнгөрөх тусам хүмүүс илүү ойлгож байх шиг байна. Тэнд
ажиллаж байсан зураач, зохиолчдын оюун санааны нөхөрлөл, хөгжилтэй хоржоонтой
хамтын он жилүүд нь өнөө эргээд сонсоход сонин байх сан?

-“Тоншуул”-д
тав зургаан хүнийг авахдаа юуг нь харж авсан бэ гэвэл, хошин шогийн дөртэй юм
уу үгүй юу гэж шилж шигшиж авсан шүү дээ. Улсаас шигшигдээд ирсэн тав зургаан
хүн чинь хошин шог талдаа хоосонгүй л улс байхгүй юу. Хошин шогийг бол нам
засаг дэмжиж байсан. Учир нь социализм байгуулах их үйлстээ тээр саад болж
байгаа хуучин феодалын нийгмийн бурангуй явдлыг биднээр зуруулж бичүүлэхийн
тулд. Тэгж хүмүүжүүлэхийн тулд. Тэр замаар явах замдаа бид социализмын явцгүйг,
нийгэм нь өөрөө буруу юм гэдгийг бид нар мэдсэн байхгүй юу. Энэ үед нам засаг
биднийг хардаж эхэлсэн юм. Тоншуулыг сүүлдээ Намын төв хороо юу гэж үзсэн
гэхээр, ажилладаг хүмүүс нь сахилгагүй, дураараа, ухамсар дорой, хөрөнгөтний
үзэл рүү халтирч болзошгүй гэж үзэж бинийг хянадаг болов. Хянадаг нэг дарга
дээр нь тавьчихсан. Бидний бичсэн зурсан юмыг нөгөө нөхөр нь дураараа өөрчилдөг
байв. “Тоншуул”-ынхан бол далд утгаар нийгмийг шүүмжилж байсан. Тэгэхээр хүн нь
буруутай болохоос биш нийгэм буруугүй юм шүү нөхөр минь. Нийгмийг шүүмжилж огт
болохгүй, хүнийг л шүүмжил гэдэг байсан. Хүн шүүмжил гэхээр нь бид өнөө малчид,
ажилчдыг шүүмжилнэ. Хургаа үхүүлсэн хүнийг, муруй байшин барьсан хүнийг
шүүмжлээд л явж байсан. Гэхдээ энэ бол миний хувьд хоёр дахь ажил байсан. Гол
чухал ажил маань зохиол. Тийм учраас би наян онд томилолт авч хөдөө явсан, ерэн
гурван онд ажил төрөл, цалингаа хаяад хөдөө явсан. Ер нь монгол хүн хошин шогийн мэдрэмж нь
хөгжсөн юм уу, хөгжөөгүй юм уу гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний дунд бас л нэг
чухал үзүүлэлт болж байгаа юм. Гадаадын орнуудыг аваад үзэхэд, хошин шог нь их
ухаалаг болчихсон, хөгжчихсөн улсууд байхад зарим нь хошин шогийг бараг
мэдрэхгүй шахуу, тийм унтаа байдалд байдаг. Энэ үүднээс аваад үзвэл, Монгол Улс
хөгжихдөө барилга байшин дэд бүтцээс гадна хошин шогийн мэдрэмжтэй бол урагшилж
байгаагийн шинж. Хошин шогийг мэдэрч байна гэдэг бол тэр бурангуй, шүүмжлэл
дагуулж байгаа асуудлыг өөрсдөө үүсгэдэггүй, хийдэггүй улс гэсэн үг юм л даа.

-Амьдралын бодит үнэн нь эмгэнэл, инээдэм хоёрын завсарт
оршдог гэдэг. Хошигнолын жинхэнэ амт нь эндээ байдгийг та хэрхэн үздэг вэ?

-Намайг
залуу байхад Ш.Гаадамба, Ч.Лодойдамба хоёр “Ламбугайн нулимс”-ыг нэг нь шог
зохиол гээд, нөгөө нь эмгэнэлт зохиол гээд олон сонин дамнаж өрнүүлсэн маргаан
гарсан юм. Тэндээс их зүйл тодордог юм. Тэр лам чинь эмгэнэлт дүр юм уу,
инээдмийн дүр юм уу гэж маргаад сүүлдээ эмгэнэлт инээдмийнх гэж зөвшөөрцгөөсөн
юм. Би А.Чеховын зохиолыг их үздэг л дээ. Чеховын сүүлийн зохиолууд нь их төлөв
эмгэнэлт хошигнол байдаг юм. Зарим хүн нарийн учрыг нь мэдэхгүй инээгээд
байдаг, цаана нь гол юм нь эмгэнэл байх жишээтэй.

-“Тоншуул” сэтгүүлийн уран бүтээлчид, таны болон таны
доод үеийнхний фэнүүд хэр байв?

-Нэлээн
юм бий шүү. Нам засгийн даалгавраар малчин, бухан бяруу, хуцан хурга шүүмжилж
байсан гэж ярихын хажуугаар тэр дотор нь чухам юу байв аа гэдгийг харах
хэрэгтэй. Ер нь ардчилсан эсэргүүнүүд дуугардаг байсан “Тоншуул” сэтгүүл чинь
энэ ардчиллынхантай нэлээн холбоотой байсан юм шүү.

-Өнөөдөр инээдмийн өдөр. Хошин шогийн хамтлагууд
хөдөөгийн оршин суугчид, эмгэд, хөгшдийг их элэглэх юм гэсэн шүүмжлэл ч байх л
юм?

-Тийм.
Эрэгтэй хүн эмэгтэй хүн болж их тоглолоо шүү дээ. Харахад дургүй хүрч байгаа
юм. Нэг юмыг анзаарахгүй өнгөрч болохгүй. Тэд чинь бизнес хийж байгаа. Үзэгчдийн
танхим дүүрэх л тэдэнд чухал. Эрэгтэй хүн эмэгтэй болж тоглож байгааг үзэх,
үзээд инээх дуртай улс олон байна аа даа, манайд. Тэр улсыг тэнд бараг
очдоггүй, огт өөр өндөр соёл хүссэн тийм л үзэгчид болгоход зохиолч, зохиол
явах хэрэгтэй гэж би бодох юм. Нэг нь тоглож, нэг нь үзэж л байгаа юм чинь
тэрнийг шүүмжлээд ч хэрэггүй л дээ.

-Тэр хамтлагууд зохиолчид та бүхэнд хандаж байв уу. Санал
бодлоо хуваалцаж байв уу?

-Бидний
зохиол таардаггүй юм шиг байна лээ. Манайд яваад байгаа чинь шоу юм даа.
Марзаганах нь их. Харин зохиолын хувьд бол тусдаа явах хэрэгтэй. Бидний яриад
байгаа эмгэнэлт инээдийг бол хүн тайзнаас авахгүй. Өөрөө ганцаараа барьж уншиж
байж авна шүү дээ. Задарновын маш үнэд хүрсэн нэг өгүүллэг байдаг. “Ерөнхий
нарийн бичгийн дарга” нэртэй. Тэр зохиолоо Задарнов ерээд оны эхээр телевизээр
уншаад, оросууд ёстой татаж унатлаа инээлдэж байлаа. “Хонх”-ын С.Цогтсайхан тэр
үед надтай ирж уулздаг байлаа л даа. Чи юм бичих гэж байгаа бол энийг нэг
орчуул гэсэн. Нөгөөхийг орчуулаад, “Тоншуул”-ын дэргэд “Учиртай инээд” гэдэг
хамтлаг байгуулсан юм. Үйлдвэрчний соёлын төв ордонд баахан хүн цуглуулж
байгаад жүжигчин Цэвээнравдангаар уншууллаа. Цэвээнравдан бол Задарновоос илүү
л уншсан уу гэхээс ер дутуу уншаагүй. Тэгэхэд үзэгчид хүлээж аваагүй.
Оросуудаас бид нар хэдий хэр доор байна гэдэг нь тэгэхэд харагдсан.

-Баабарын сайтаас таныг уншигчид зуун мянга элбэг байдаг
юм байна. Харин номыг тань хэр авах юм?

-Миний
ном цөөн хэдэн зуун хувь хэвлэдэг юм. Нэг мянгаад шахуу. Тэрийг авдаг хэдэн хүн
байх шиг байгаа юм. Авчихдаг. Тэрнээс олныг хэвлэвэл авахгүй. Болдогсон бол
англи юм уу хятад хэлээр орчуулаад гадаадын зах зээлд хэр сонирхол татах нь вэ үзэх юм сан гэж
боддог юм. “Улаан орхимжны давалгаа” зохиолыг маань Өвөр Монголчууд хэвлээд
гаргачихсан, дорхноо гүйчихсэн байна лээ.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *