Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Б.Жамьяндагва: “Учиртай гурван толгой”-г эмгэнэлт хэлбэрээр нь болгоорой гэж Ч.Лодойдамба гуай захисан юм DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВ… Ардын жүжигчин хө­дөлмөрийн баатар Б.Жамьян­­дагватай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Ардын жүжигчин хө­дөлмөрийн
баатар ба­летмейстр Б.Жамьян­­дагватай ярилц­лаа. Тэрбээр ДБЭТ-ын урын сан дахь
бале­туу­даа­саа, хамтран ажиллаж байсан хөгжмийн зо­хиолчдынхоо бүтээ­лийг хэрхэн
төрсөн ту­хай, мөн Сэвжидийн гэж алдаршсан манай үн­дэсний бүжгийн ал­дартай бүтээлүүдийг
хэрхэн тайзны бүтээл болсон талаар дурсан ярилаа.


-Та Ерөнхий балет­мейстрийн ажлаа
өгөөд удаагүй байна. Ер нь балетмейстр, удирдаач нар улаан номын амь­тан шиг ховор
байдгийн учир юу вэ?

-Энэ ажлаас хүмүүс их зугтаадаг юм.
Би тавин жилд ганц хүн олж бэлтгэж байна. Тэр маань Х.Гэрэлчимэг. Бүгдээрээ багш
болно л гэдэг юм. Бэрхшээлээс нь айдаг бололтой. Балетмейстр хүн олон талын маш
их судалгаа хийж, ямар ч асуудлыг их өргөн цар хүрээнд хардаг байх шаард­лагатай.
Балет­мейстр хүн өөрөө маш сайн хөгжмийн редактор, сайн зураач байх ёстой гэдэг
юм.

XVI зууны жүжиг тавилаа
гэхэд зураач нь XX зууныг зураад ирэх нь бий. Хөгжмийн зохиолч юу нь мэдэг­дэхгүй
нэг хөгжим аваад ирнэ. Тэр болгоныг балетмейстр редактор­лодог. Хөгжмийн зохиолчид
мөн ч сонин улс шүү дээ. Сэтгэлийн хө­дөлгөөнөөр баахан ноот бичээд ирнэ. Манай
Мөрдорж надтай нэг балет хийх гэв ээ. Ёстой алаад өгнө өө гэж байна. Маргааш нь
ноотоо аваад ирлээ. Учир нь мэдэгдэхгүй юм биччихэж. Зураачаа, хөгжмийн зо­хиолчоо ажиллуулж чадах
хэмжээнд юм мэддэг байж байж балетмейст­рээс сайн бүтээл гарна. “Ямар ч сайн хөгжмийн
зохиолч байлаа гэсэн зохиолд нь тос, ус хоёр байдаг юм. Усыг нь шахаж сур” гэж оюутан
байхад манай багш хэлдэг байлаа. Том том дуурь, балетын хөгжмүүдээс авчраад тавьчихна. Ус нь хаана байна, тос нь хаана байна гээд л анализ
хийлгэнэ. Тэгээд л би энд тэнд хөгжим хасаж “хөрөөдсөөр” байгаад сурчихсан. Ямар
сайндаа намайг Ансамблийнхан “хөрөө” гээд
нэр­лэчихсэн байгаа шүү дээ. Ансамб­лийн концертыг би олон жил най­руулсан л даа.

-Үндэсний бүжгээ та хэр мэ­дэх вэ. ҮДБЧ-ын урын сангийн бүжгүүдээс хүмүүс хэзээд
уйд­даггүй. Голдуу Чойдог гуайн хөгж­мүүд байдаг. “Жалам хар” бүжгийн талаар та
юу ярих бол?

-Чойдог шиг хөгжим бичдэг хүн байхгүй дээ. Ховдод очиж жил шахуу
судалгаа хийсний хүчинд би ардын урлагийг сайн мэддэг болсон юм. Чойдог гэдэг чинь
ерөөсөө л агуу хүн. “Жалам хар”-ыг нь сайн мэднэ шүү. Ансамбльд дээр үед тавьсан
Сэв­жидийн бүжгүүдийн ихэнхийг нь би редакторлож байсан юм. “Жалам хар”-ыг ч, “Адуучин”-г
ч гэсэн.

-Хөгжмийг нь үү, бүжгийг нь үү?

-Бүжгийг нь. Сэвжид их ухаантай, сэргэлэн хүн байлаа. Шинэ бүжиг
тавина. Намайг дандаа дуудна. Жамьяан, энийг яахав гэнэ. Энийг нь хас, тэрийг нь
хас гэхчилэн ингэж ажилладаг байлаа. Сүүлд “Хатдын бүжиг” нэртэй бүжиг тавьсан.
Намайг дуудлаа. “Энэ ямар байна, Жамьяан” гэж байна. Үүнд чинь би хүрэхгүй ээ, ингээд
байж байг. Гэхдээ юм байна гэлээ. “Аан, юу байна” гэж байна. Нэг л юм байна. Гэхдээ
өөрчлөх хэрэггүй энэ чигээр нь байлгаж бай гэлээ, би. Яг юу байна хэлчих л дээ чи
гээд шалгаагаад байдаг. Чи бүжгээ рит­мээр нь тавьчихсан байна. Цаана чинь ая гарч
ирж байгаа биз дээ гэсэнд “Аа тийм үү” гэж байна. Гэхдээ өөрчлөлгүй тэр чигээр нь
явуулсан. “Адуучин” гэдэг бүжиг хийлээ. Намс­райжавын хөгжим шүү дээ. Яаж хийх талаар
бас ярилцлаа. Дунд нь морь булгидаг хэсэг бий дээ, тэр хэсгээ орос трупээр хийчихэж,
нөгөөдөх чинь. Чи наадахаа боль. Ардын юмыг ардынхаар нь хий л дээ гээд өөр­чилсөн
юм. Тэгж “Адуучин” бүжгийг_ концертод анх оруулж байсан юм. Чойдог “Жалам хар”-ыг
хийлээ. “Яаж гаргаж ирэх вэ” гэж байна. Морины явдлыг чи мэднэ биз дээ. Сайвар морины
явдал, жороо морины явд­лыг мэднэ биз. Аяндаа ритм л гараад ирнэ. Чамд ямар ая байхгүй
гэх биш зөндөө л ая байгаа юм чинь гэсэн. Тэгж анх хөгжмөө бичээд Сэвжид дэглэсэн.
Одоо “Жалам хар” шиг хөгжим бичдэг зохиолч байна уу. Байхгүй шүү дээ. Нэг л их том
том улсууд хөгжим бичдэг гээд яваад байдаг. Композитор гэдэг чинь Мон­голд одоо
бараг алга. Нацагдорж, Шарав гээд л зогсчихож байна. Одоо ганц Шарав үлдлээ шүү
дээ. Харин саяхан Алтангэрэл гэж гайгүй залуу оллоо.

-Балетын цомнолыг голдуу та өөрөө бичиж иржээ. Манайх либ­ретист
бэлдээгүйгээс тэр үү?

-Яг балетад таарсан либреттийг балетмейстр бичнэ л дээ. Би олон
хүний нэр дээр либрет бичсэн. “Нуурын домог”, “Уран Хас” эд нарыг Б.Ширэндэв гуайн
нэр дээр бичиж гаргасан. Үнэндээ Ширэндэв гуай бичээгүй юм шүү дээ. Тэр хүн чинь
балет мэдэхгүй. Балетыг сөнөөчих­гүйн тулд томчуудын нэрээр бичиж байж батлуулдаг
байлаа. Том хүний нэр орчихоор л баталчихдаг юм. Дараа нь Ширэндэв бид хоёр бас
тэрүүхэндээ түр тар хийнэ. Мөнгийг нь хэн авах юм гэж. “Мөнгөн залаа”-г гэхэд Филатова
авгайн нэрээр бич­сэн. Балетыг чинь хаана гээд байхаар нь нэрийг нь бичээд, танай
Хүүхдийн паркийн тухай жүжигтээ оруулна гэж байж хийсэн юм.

-Хэний нэр дээр?

-Филатовагийн нэр дээр. Сэцмаа гэсэн нэр өгөөд гаргасан.

-Та хоёр сайн харилцаатай байгаагүй юм уу?

-Юун сайн харилцаа байх вэ. Би хөдөө малчнаар туугдах гээд, эсгий
гутал дээр үлдэж байсан үе ч бий. Уг нь 1976 он хүртэл гайгүй явсан юм. Хөндийхөндүү
яваад байсан хэрэг л дээ. Тэр хүртэл манай Лхасүрэн төрийн концерт найруулдаг байлаа. 1976 онд Оросоос нэг том найруулагч ирлээ. Төрийн
концерт найруулдаг хүн юм байна. Тэр золиг ирээд “Энэ Жамьяндагваас өөр төрийн концерт
найруулах хүн алга, энэ хүнийг ажиллуулна” гэжээ. Түүнээс хойш би төрийн концерт
найруулдаг болсон юм. Гэтэл концертыг Филатова өөрийнхөөрөө хийлгэх гээд бол­доггүй.
Төрийн концерт болохоор л Филатова өөрийнхөөрөө хийлгэх гээд дайрчихна. Би тэрнээс
нь зөрдөг. Ингээд бид муудалцаж, Цэдэнбал дарга дээр олон удаа орж байсан. Энэ тухай
ярихаа больё. Яривал их юм бий.

-Таны 2005 онд тавьсан “Чой­жид дагина” балетыг маргааш тоглох
гэж байна. Орчин үеийн сонгодог тавилтыг та эн­дээс эхэлсэн үү?

-Яалаа гэж. Чаддаг л юм бол балетад орчин үеийн юмыг хэдийд ч
хийж болно шүү дээ. Би жаран хэдэн онд хийж л байсан. Шостаковичийн таван симфони
нийлүүлж байгаад “Энхийн тойрог” нэртэй орчин үеийн балет тавьсан шүү дээ.

-Тоглохоо больчихсон нь юу­наас болсон бэ?

-Хүн хүрэлцэхгүйгээс тоглохоо больсон. Байгаа бүрэлдэхүүндээ тохируулаад
жижгэрүүлэх ч боломж байхгүй. Яаж ч болохгүй юм гэж байдаг. Ухаандаа, “Парисын дарь
эхийн сүм” зохиолоор хийсэн “Эме­ральдо” гэж балет байна. Миний 1965 онд хийсэн
балет. Тухайн үед нь Ренчин гуай сонин дээр магтаал бичиж л байсан. Жижгэрүүлэх
гэхээр санаа нь алдагдчихаар, яалт ч үгүй том бүрэлдэхүүнээр тоглохоос өөр аргагүй
ийм жүжгүүд байдаг юм. 1966 онд би “Маш нууц” гэж балет тавьсан юм. Хайр дурлалын
сэдэвтэй, сек­суальны амьдралыг харуулдаг юм. Олон янзын дурлалын явдлуудыг харуулдаг.
Яг орчин үеийн хэв мая­гаар найруулсан. Тэгээд хаагдчихсан юм. Орчин үеийн аргаар
хийсэн дэглэлт, санаа зэргээсээ л болохгүй юу. Тэр бол хаана ч тавигдаагүй балет
л даа. Цензур гэдэг ямар хэцүү байсан гэж санана. 1963 онд “Шехерезада”-г тавилаа.
Тэр нэг хаант улсын гүнжийг эцэг нь тушаал өгөөд цэргийн тэргүүн нь алчихдаг шүү
дээ. Синдбад далай­чинтай хайр сэтгэлийн холбоотой учраас, харийн хүнд бузарлагдсан
учраас гэдэг шалтгаанаар. Үүнийг би цэцэрлэгт болж байгаа үйл явдал дээр нь онцлоод
мөн л орчин үеийн аргаар тавьсан юм. Төв хороо, Соёлын яамны хяналт боллоо. “Ингэж
болохгүй. Юу сурталчилж байгаа юм” гэж байна. Лодойдамба гуай их ухаантай хүн байлаа.
“Чи энийгээ арай нэг өөр аргаар үзүүлж болохгүй юм уу. Нэг арга бод” гэж байна.
Харийн хүнд бузарлагдсан гэдгийг өөрөөр яаж үзүүлэх юм гэж тэр хяналт дээр нь хэлээд
ч нэмэр байдаггүй. Ямар драмм биш, үгээр хэлж болохгүй. Үйл явдлаар нь харуулж байж
эцэг хүн охиндоо тийм хатуу цааз шийтгэж байгааг харуулах шаардлагатай гэдгийг нөгөөдүүл
чинь ойлгохгүй байгаа юм чинь. Лодойдамба гуай нэг арга бод гэсэн болохоор тэрүүхэнд
нь гэрлийг нь унтрааж харанхуй болгоод, хөгжим явуулж тэгж аргалж анх гаргасан шүү
дээ.

-Одоо тэр аргалснаар нь явж байгаа юу?

-Хореографийг нь өөрчилсөн.
Гэрэл унтраадаг хэсэг нь хэвээрээ явж байгаа. “Чойжид дагина”-ын хувьд Чойдогийн
хөгжмийг авч хийсэн юм. “Мөнгөн залаа” гэдэг балетын хөг­жим. Мөнгөн залаа бол найрамдлын
тухай юм. Урын санд байхад “най­рамдал” гэсэн юм онц биш. Хасагд­чихаж магадгүй
гэж бодоод авч үлдэхийн тулд сүнсний тухай сэдэв барьж авсан. Баруунд дандаа сүнс­ний
тухай юм хийгээд байна шүү дээ. Манайд бол энэ тухай бурхны зохиол бий шүү дээ.
Тэр зохиолыг ашиг­лаад, Ш.Сүрэнжав бид хоёр ярьж байгаад хамжаад хийсэн юм. Нөгөө
Чой­догийнхоо хөгжмийг редакторлоод дахиж шинэ балетдаа тааруулсан даа. “Мөнгөн
залаа”-д танц болж байгаа хэсгийн хөгжмийг “Чойжид дагина”-ы хоёрдугаар үзэгдлийнхээ
бурхны орны хөгжим болгоод энэ мэтчилэн янзлаад тавьчихсан юм. Тийм хөгжим бичих
хүн одоо байхгүй юм л даа. Тийм учраас Чойдогийнхоо хөгжмийг янзалсан минь тэр.
Эхнийх нь дандаа орчин үеийн хореограф, хоёр дахь хэсэг нь үндэсний бөгөөд сонгодог.
Чойдог чинь агуу. Би Чой­дог­той дөрвөн балет хийсэн юм. Миний ажиллаагүй хөгжмийн
зо­хиолч гэж байхгүй. Билэгийн Дамдин­сүрэнтэй “Нуурын домог”-ийг хийлээ. Мөрдоржтой
хийлээ, Гончигсумлаа­тай “Найз залуус”, “Хошуу наадам” гэж хийж байлаа. Хангалтай
“Эр­дэнэсийн уулс” хийлээ.

-Балет бичдэг хөгжмийн зо­хиол­чид юугаараа онцгой юм бэ?

-Хүний хэл яриа байна шүү дээ. Энэ яриаг хөгжмийн хэлээр хэлүүлж
чаддаг л байхгүй юу. “Сайн хөгжим ярьдаг” гэж оросууд хэлдэг. Зүгээр ноот биччихгүй
тэр хөгжмийг яриулдаг юм. Хоёр хүний яриаг хөгжим бол­гоод биччихдэг байх ёстой.
Ухаандаа “Үйлийн гурван толгой” балет гэхэд Хоролмаа Балган хоёрын яриа. Энэ хэцүү
учраас балетмейстр нь хажууд нь сууж байж бичүүлдэг юм. Намайг хойно сурч байхад
агуу их Проко­фьев “Ромео Жульетта” балетыг бичсэн. Миний багш Лавсровский тавьсан. Прокофьев, Лавровский хоёр нэг өдөр манай ангид
орж ирлээ. Прокофьев хэлж байгаа юм. Би энэ балетыг сайндаа бичсэнгүй ээ. Леонид
Михайлович Лавровский гэдэг энэ хүний ачаар бичлээ. Зарим хөгжим нь энэ хүний хөгжим
шүү. “Ромьео Жульетта” балетыг энэ хүний хөгжим гээд бичсэн ч надад гомдох юм байхгүй.
Би гурван сар Хар далайн эрэг дээр амрахдаа Лавровскийг цуг аваачиж амраагаад, тувт
хажуудаа суулгаж, хэлүүлж байж энэ балетыг бичсэн юм” гэж хэлж байлаа.

-Та Дамдинсүрэн гуайтай “Нуу­рын домог”-ийг яаж хийсэн бэ?

-Хоёулаа хэрэлдэхдээ хэрэлдэж хэлцэхдээ хэлцэж хийнэ л дээ. Дамдиа
нэг юм бичээд ирэхээр нь би голно. Хуучны улс сайхан байлаа. Өнөө хэрэлдэвч маргааш
нь тэв­рэл­дээд явдаг. Зүгээр нэг вальс бичээд ирж. “Энэ балетын хөгжим биш. Наад
хөгжимд чинь ямар ч утга санаа алга. Нийтийн бүжиг эргэх вальс байна” гэсэн чинь
Дамдиа намайг заамдаж аваад “Чи намайг голох болоогүй” гээд булан руу шахлаа. Би
нас залуу ч байсан юм болохоор үүнийгээ засахгүй бол больё гээд бичсэн юмыг нь шидчихгүй
юу. Тэгсэн маргааш нь нөгөөх чинь яг хэлснээр минь бичээд ирж. Авьяастай улсууд
юмаа сайж­руулаад ирдэг юм.

-Наян оноос хойш та хэнтэй ажиллав?

-Хангалттай, Нацагдоржтой ажил­­­лалаа. Хангал бол балетын хөгжимд
хувьсгал хийсэн хүн. “Эр­дэнэсийн уулс” балетын нэгдүгээр үзэгдлийг гэхэд л бараг
гурав дахин бичсэн шүү дээ. Бичээд ирнэ. Арай болохгүй нь ээ гэхээр дахиад бичээд
ирнэ. Тэгээд сайжруулсаар сайж­руул­саар одоо тоглож байгаа энэ хөгжмийг гаргаж
ирсэн юм. Одоо тэгж ажилладаг хүн олдохгүй. Дахиад бид хоёр юм хийх төлөвлөгөөтэй
байсан л даа. Даанч удаан амьдарсангүй.

Урлаг, утга зохиол цаг үеэ тусгаж байх ёстой юм. Хорин нэгэн онд
хувьсгал гарсан. “Улаан туг”, “Шивээ Хиагт” гээд дуунууд гараад ирсэн. Монголд анх онгоц ирлээ.

“Шүгэр шүгэр дуутай

Шувуу шиг далавчтай

Дуутай шуутай

Монголын самалёт” гээд дуу гараад ирсэн. Төмөр зам тавьсан.

“Ган зам зурайн гялалзаад

Галт тэрэг хурдалж явна..” гээд дуу гарсан. Одоо гэтэл ардчилал гараад
ирсэн. Ямар ч уран бүтээл байхгүй. Би эд нарт хэлээд байгаа юм. Ардчилал гээд энэ
том хувьсгал хийлээ. Энэ үйл явдал чинь том театрт урын санд нь үлдэх ёстой гэж
хэлсэн. “Бадарчин ба ардчилал” нэртэй балетын цомнол биччихээд Сосор­барамд хэлсэн.
Та нар ардчилал гээд яриад байна. Амаараа ярьж байхаар балет мэтийн том бүтээл хийчихэж
болдоггүй яачихсан юм гэж. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржид үзүүл гээд цомнолоо Сосорбарамд
өгөөд явуул­сан. Үзүүлсэн юм уу үгүй юу мэдэхгүй.

-“Үйлийн гурван толгой” балет, “Учиртай гурван толгой” дуурь нэг
тайзан дээр хоёр өөрөөр явж байгааг та хэрхэн харж байдаг вэ?

-Жаран хэдэн онд Лодойдамба, Оюун гуай хоёр надад захисан юм.
Энэ “Учиртай гураван толгой”-г анхных нь эмгэнэлт хэлбэрээр нь болгоорой. Чи л чадна.
Үүнийг хувьс­галд тааруулаад баллачихсан юм шүү. Найр наадам хийлгээд дуус­гачих­сан.
Нацагдоржийн зохио­лоор бол эмгэнэлт жүжиг. Бараг л хошин шог болгочихсон. Үүнийг
чи анх­ныхаар нь болгоорой гэж ялан­гуяа Лодойдамба гуай их захисан юм. Олон жил
бодлоо. Судалгаа хийж яваад би учрыг нь олсон л доо. Бал нэртэй хүн байсан. Ная
гаруй настай хүн байсан. Нэг хүүтэй байж. Бал нэртэй тэр хүнийг Нацагдорж Балган гэдэг нэртэй залуу хүн болгоод Сийриймаа
гэдэг хүүхэн байсныг Нансалмаа болгоод, Хоролмаа гэдэг чинь Гармаа гэдэг нэртэй
хүүхэн байсан. Тэгээд Шекспирийн эмгэнэ­лээр жишээ аваад бичжээ. Би судал­гаагаа
хийгээд цомнолоо биччихээд Чимидээр хянуулж ингэж “Үйлийн гурван тол­гой” балетыг
хийсэн юм. Чойжилын Чимэд “онцсайн” гээд биччихсэн бичиг нь одоо надад байдаг юм.
Өөр нэг захьсан юм бий. Ванган надад их хэлж захисан юм. Манай Завханых юм болохоор
надад сүрхий сайн. “Жамьяан чи энэ бадар­чингийн тухай нэг юм хийгээч. Бадар­чингийн
балаг гээд байдаг болохоос энэ чинь огт өөр юм шүү. Шударга үнэний төлөө явдаг хүн
юм шүү” гэсэн. Тэгээд би бас бодсоор яваад “Бадар­чин ба ард­чилал” гэж цомнол бичлээ.
Эхнээс нь хувцас нь солиг­доод байна, хамгийн сүүлд ард­чиллын төлөөлөгч, фрактай,
гэхдээ бадар­чин­гийн малгайтайгаа явж байх жишээтэй. Ийм маягаар хийх юм.

-Хожмын балетмейструудад хэрэг болж юу магад, та ном бичиж байгаа
биз дээ?

-Балетмейстрийн уран чадвар гэсэн ном бичиж байна. Сайндаа ч биш.
СУИС-ийнхан шахаад байх юм. Удахгүй гаргана аа.

-Театрын үндсэн ашиг сонирх­лын
төлөө явдаг мэргэжлийн хү­мүүс нийлээд шинээр театр бай­гуулах боломж ер нь бий
юу?

-Үндэсний театр байгуулъя гэж олон жил яриад байгаа маань энэ
л дээ. Боломж байлгүй яахав. Төр засаг нь дэмждэг бол болчихолгүй яахав. Харин төр
татаас өгөхгүй учраас болохгүй байгаа юм.

-Заавал байшин хэрэгтэй юм уу?

-Барилга хэрэгтэй. Энэ театртаа ч байж болно. Хойд тал нь балетын
театр, урд тал нь дуурийн театр гээд байж болохоор байгаа юм. Шинэ сайд болгонд
би ороод хэлдэг юм. Та нар биеийн тамир спортыг төрөл­жүүлж хөгжүүлж байна. Тийм
учраас амжилтад хүрч байна. Боксыг бок­соор нь, бөхийг бөхөөр нь хөгжүүлж байгаа
нь их сайн юм. Урлаг ч бас олон төрөл байдаг юм шүү. Бас төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй.
Ардын урлагийг ардынхаар нь, орчин үеийнхийг орчин үеэр нь сонгодгийг сонгодгоор
нь төрөлжүүлж хөгжүүлэх ёстой юм гэдэг л дээ. Юу ч өөрч­лөгд­дөгүй. “Өө тийм үү,
Жамьяан­дагва гуай” гээд л болоо. Үг ер авдаггүй юм. Хэлээд ч нэмэргүй. Урьд цагт
дарга нар чинь бас үг авдаг байлаа шүү дээ. Одоо Яаманд нь урлагийн мэргэж­лийн
хүн нэг ч алга. Хэрэг байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *