Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.
Тэр хуулийн наймдугаар зүйлд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй
болгоно. (8,1) хуулийн этгээдийг татан буулгана. (8,7.1) хувьцаа, хөрөнгө, орлогыг
хураан авч төрийн өмчид шилжүүлнэ. (8,7.2) гэж заажээ. Энэ нь ардчилал зах зээлд
шилжиж орсноос хойш гарч байгаа хамгийн харгис хууль болох нь тодорхой байна.
Харгис байгаад зогсохгүй Нэгдсэн Үндэсний байгууллагаас гаргасан Хүний эрхийн
түгээмэл тунхагийн 17 дугаар зүйлд заасан “Хүн бүр дангаараа болон бусадтай
хамтран өмч эзэмших эрхтэй. Хэний ч өмчийг дур зоргоороо хураан авч болохгүй”
гэсэн заалтыг зөрчиж байна. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхагийг энэ байгууллагын
гишүүн орнууд ягштал мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг. Мөн баталж байгаа хууль журмаа
түүнд тохируулан гаргах ёстой. Тэгвэл Монгол Улс Үндсэн хуульдаа “хөдлөх үл хөдлөх
хөрөнгө шударгаар олж авах” мөн “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг
хориглоно” гэж оруулсан байдаг. Эдгээр өмч хөрөнгийн тухай Үндсэн хуулийн заалтууд
нь Хүний эрхийн түгээмэл тунхагийн дээрх заалтуудыг зөрчөөд байгаа юм. Түгээмэл
тунхагт өмч эзэмших эрхтэй л гэж заасан. Түүнээс заавал шударгаар олж авах гэж
хэлээгүй. Энэ шударгаар гэдэг үг бол их хийсвэр үг. Шударга гэдгийг хэн тогтоох
вэ.
Юуг шударга
гэж үзэх вэ гэдэг нь цаг үеэ дагаад үргэлж өөрчлөгдөж байдаг эд юм. За яахав шударга
гэдгийг шүүх тогтооё гэж үзье. Тэгвэл манай нөхцөлд шүүх нь тухайн цагт эрх барьж
байгаа хүчинд үйлчлэх нь илүү магадлалтай байдаг нь нууц биш. Хэрэв шүүх ингэж
улс төржиж юм уу захиалгаар энэ хүний хөрөнгө олж авсан нь шударга биш байна гэж
үзвэл тухайн хүний хөрөнгийг төр хурааж авах бүрэн боломжтой юм. Жишээ нь
“МАК” компани гэж байдаг. Манай хамгийн том компаниудын нэг болохоор нь жишээ
авлаа. Тэр компанийн эзэн тусгай байгууллагад уул уурхайн чиглэлээр ажиллаж
байсан гэдэг. Тэгвэл шүүх захиалгаар энэ нөхөр төрийн байгууллагад ажиллаж байхдаа мэдээ мэдээлэл ашиглан хөрөнгө
олж авсан байна гэвэл яах вэ. Тэгээд энэ үйлдэл шударга биш гэж тогтоовол яах вэ
л гэж хэлээд байна. Бас нэг жишээ авъя. Сү.Батболд гэж манай том бизнесмен байдаг.
Ерөнхий сайд байсан гэхээр хүн бүр мэднэ. Тэр БНМАУ-ын гадаад худалдаанд ажиллаж
байсан. Тэнд ажиллаж байхдаа мэдээллээ ашиглаад “Чингэс” зочид буудлыг худалдаж
авсан байна. Энэ шударга биш гэж үзвэл бас л хураах уу гэх жишээтэй. Үндсэн хуулийн
нөгөө нэг заалт нь хууль гаргаж байгаад хүний хөрөнгийг хурааж болно л гэсэн заалт
шүү дээ. Эдгээр заалтууд нь Монголд хувийн өмч үүсч бий болоход саад болж эхэллээ.
Урьд өмнө нь бид Үндсэн хуулиар хувийн өмч хамгаалагдсан гээд додигор байдаг байлаа.
Тэгээд ч ардчилал зах зээлийн нийгмийн үндэс нь хувийн өмч учир ингэж хууль гаргаж
байгаад хураана чинээ санасангүй. Тэгвэл сүүлийн үед улстөрчдийн ганц ярьдаг
зүйл нь хөрөнгө хураах, хувийн өмчийг хууль гаргаж өгөөд бусдад тараах, нийгэмчлэх
гэж л ярьдаг болов. Энэ бүх ярианы үндэс нь дээрх Үндсэн хууль дахь өмчийн тухай
хоёр заалт юм. Уг хоёр заалтыг даруйхан Үндсэн хуулиас авах хэрэгтэй байна.
Хувийн өмч бол ардчиллын үндэс суурь билээ. Харин ардчилал нь манайх шиг жижиг
буурай орны хувьд оршин тогтнох үндэс суурь юм. Ардчиллын амин сүнс нь чөлөөт хэвлэл
гэдгийг бид бүхэн мэднэ. Тэгвэл энэ ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг
устгах ажиллагаа маш ухаалгаар аажуухан эргэлт буцалтгүйгээр явагдаж байна.
Монгол Улсыг хорлох гэсэн энэ санаа хаанаас гараад ямар мэргэн цэцэн бүр атаархмаар
ухаалаг явагдаж байхыг хараад гайхаш тасрах юм. Монгол Улс бол жижиг орон. Тийм
ч учраас хүн ард нь их хартай байдаг. Биднийг хагалан бутаргах биднийг хуучин
юуны ч биш нийгэмд нь буцаан хаях гэсэн монголчуудад дургүй орнууд байдаг бол тэд
үнэн нарийн бөгөөд алсын бодолтой юм гэж хардахаас өөр арга алга. Монголчуудыг
ардчиллын замаас нь гаргах ганц зөв арга бол чөлөөт хэвлэлгүй болгох юм. Тэгвэл
тэр хүчин чөлөөт хэвлэл рүү довтолсон. Эзэн, сэтгүүлч, хөрөнгө оруулагч гэж хагаралдуулсан.
Эзэн та нарыг боолчилж байна. Мөнгө өгөхгүй байна. Турааж аллаа. Хэвлэлийн эрх
чөлөө алга. Хэвлэл мэдээлэл нэг хүний гарт байх ёсгүй. Хөрөнгийг нь тарааж сэтгүүлчдэд
өгнө. Сэтгүүл зүйд хөрөнгө оруулагчид бол адгийн амьтад, тэд энэ нийгмийн дайснууд.
Алт ухахгүй, архи нэрэхгүй, хэвлэл байхгүй бол цэвэр гартай, цэвэр сэтгэлтэй гэсэн
ойлголт нийгэмд бий болгосон. Энэ нь Монголын чөлөөт хэвлэл болох хувийн хэвлэл
мэдээллийг саармагжуулж хүчгүйдүүлж, хэвлэлийн магнатуудыг бизнесээ хаях, тоохгүй
болгоход хүргэж байна. Хэрэв Монголд дургүй энэ хүчин ялах юм бол хэвлэл мэдээлэл
хэний ч өмч биш болно. Харин өөрсдөө өмчгүй болсон хэвлэлийн эрхлэгч нар нийгмийг
тэр чигт нь өмчөө тараахыг уриалж эхэлнэ. Яагаад гэвэл хүн өөрөө хохирвол өрөөлийг
ч бас хохироохыг чармайдаг нь жам юм. Миний хөрөнгийг тараачихаад яагаад “АПУ”-гийн
хөрөнгийг ажилчдад нь өгдөггүй юм. “Алтан тариа” олон жил ажилласан ажилчдадаа
хувь өгөхгүй байна. Түүнийг хураа, “Мах импекс”-ийг малчдад өг гээд л хэвлэл мэдээллээр
уриалж турхирч эхэлнэ. Энэ нь нийгмийг бутаргаж давхаргуудын хооронд дайн дэгдэхэд
хүргэх болно. Үр дүн нь юу болох вэ. Хэний ч биш өмчтэй, юуны ч биш нийгэмтэй,
хоёр хүчирхэг дарангуйлагч орны дунд дэлхийгээс хаягдсан дорой буурай орон болно.
Лав л ардчилсан биш орон болно. Тэр бол баталгаатай. Нөгөө Орос, Хятад хоёрт
гайхуулдаг ардчилал, дэлхийд танигдсан гэж нүүрээ тахалж тодордог ардчилал устан
үгүй болно. Харин энэ дашрамд хэлэхэд нэг газар удаан ажилласан юм гээд тэр газраасаа
цалин авч байсан хүнд хувь хөрөнгө таслан өгч байсан түүх манай дэлхий дээр л лав
байхгүй. Тэгээд бүр төр нь хууль гаргаад хувийн хөрөнгө мөнгийг нь тасдан өгсөн
түүх. Нийгмийн сэтгэл зүйн ийм л инженерчлэлийн өмнө бид тулж ирээд байна. Үүний
тод илрэл нь энэ Гэмт хэргийн тухай хуульд байгаа хөрөнгө хураах тухай заалт юм.
Гэвч эдгээр заалтын талаар хэн ч дорвитой тайлбар өгөхгүй байна. “Олон дахин гэмт
хэрэг үйлдвэл” гэсэн тайлбар сонссон. Лав л хэвлэл мэдээлэл бол нэр төр сэргээх
талаар шүүхийн зарлан олон удаа авч байдаг. Тэгэхлээр хамгийн түрүүн сонин, сайт,
телевизийн тусгай зөвшөөрөл хураагдаж таарах болов уу гэсэн айдас мэдрэгдэж байна.
Цаашдаа чухам хэрхэх талаар энэ хуулийг хийж байгаа нөхдөөс учрыг нь сонсмоор
байна. Эцэст нь хэлэхэд хувийн бизнес эрхэлж байгаа нөхдүүдээ сонор соргог байгтун.
Хуулийн заалтаар хөрөнгөө хураалгахгүйн төлөө нэгдэн ажиллагтун хэмээн уриалж
байна. Та бүхэн хувийн хэвлэл мэдээлэлтэй нэгдэж хувийн өмчөө хамгаалагтун. Хувийн
өмчгүй хүнд ч хувийн өмч хамаагүй ашигтай байдаг. Тиймээс хувийн өмчид хүн бүр
санаа тавих хэрэгтэй. Иргэд хувийн өмчөө
хамгаалснаар эрх чөлөөтэй болно. Та эрх чөлөөтэй байснаар энэ Монгол Улсад ардчилал
баталгаажна. Ардчилал баталгаажсанаар тусгаар тогтнол маань баталгаатай болно.
Энэ бүгдийг чөлөөт хэвлэл хоточ нохой мэт манана.
Ж.САНДАГДОРЖ