Энэ үдэш та бүхэндээ онгод хийморьтой, цог золбоот яруу найрагчийн ярилцлагыг архиваа уудлан эргэн хүргэж байна.
Б.Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад баян байсан” шүлгээрээ “Болор цом” хүртсэн жил. П.Бадарч, О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо нар айргийн тавд үлдээд байгаа нь. 1999 он
Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтой ярилцахаар гэрийг нь зорилоо. Эрхэм найрагчийнд зочлохуйд төрийн соёрхлын алтан соёмбо энгэрт нь гялалзсан хүрэн костюм хоймрынх нь модон сандал дээр тохоотой байгаа нь юуны түрүүнд харц булааж байлаа. Цагаан сар мэт тавгийн идээ засаад, айраг сөгнөн төрийн шагналыг гэр бүлийнхээ хэмжээнд тийм нэг утга төгөлдөр тэмдэглэж буй нь илт. Найрагчийн гар утас энэ хэд хоног ёстой л улайсч байх шиг байна. “Найрагч нөхөд, эрдэмт мэргэн ах нар минь бүгд л ярьж баяр хүргэж байна. Хөдөө суугаа найрагчид минь аймгийнхаа утга зохиолын нэгдлээс гээд ярих нь сайхан байна шүү” гэж байсан. Тэр зуурт Бавуу найрагчийн ижий нь ирж хүүгийнхээ төрийн хишгээс хуваалцан, алтан соёмбот тэмдгээс нь адис авсан юм аа. “Хоёр хөгшин минь их л баярлаж байна даа. Гэхдээ энэ шагналын нарийн утга учрыг сайн ойлгохгүй байх шиг. Гавьяатаас том шагнал гэлүү гээд гайхаад байх юм” хэмээн аядуу зөөлнөөр өгүүлээд инээмсэглэж байлаа. Тухайн агшинд эл найрагчийн
“Борлог үүлс шуургалаад ирэхээр
Бодлын минь энүүхэнд миний л ижий
Тэрлэг дээлтэй жиндээд ирэхээр
Тэнгэрийн энүүхэнд миний л ижий…” гэх шүлгийнх нь садарсан цагаан аялгуу санаанд бууж, “Намрын цагаан сарны дор” хэмээх олон сайхан бүтээлээ ижийдээ зориулсныг эргэцүүлэв. Найрагчийн дүү Рэнцэнбавуу ижийнхээ хамт ирсэн юм. Авьяас билэгт дархчуудын нэг тэрээр ахынхаа “Монголын их амар амгалан” шүлгийг есөн эрдэнээр ганцхан хувь бүтээж Үндэсний төв номын санд хадгалуулж байсан түүхтэй. Ахтайгаа тун чиг адилхан бас л нэг бавайсан нөхөр байна. Ингээд эрхэм найрагчтай найз нөхөд болоод радиогийнх нь хамт олон ирчихсэн үндсэндээ зочдод даруулчихсан байх ахуйд хөөрөлдсөнөө хүргэе.
А.Эрдэнэ-Очир андтайгаа Равжаа хутагтын нутагт
–Утга зохиол болоод оюун санаа, хэл соёлын хүрээнд нэгэн сайхан баяр тохиосон нь таны бүтээлүүдэд Монголын төр шагналаа хүртээсэн явдал боллоо. Хүмүүс ихэд баярлаж байна. Энэ өндөр шагналыг хүртэнэ гэдгээ та хэдийд мэдсэн бэ?
-Уран бүтээлч
бид бүхэн тэнгэрийн хишиг
гэж аливааг бэлгэшээн боддог.
Түүн лүгээ адил Монголын төр дээдийн хишиг буян, хайр ивээлээ надад өглөө. Миний хувьд их л гэнэтийн зүйл боллоо доо. Улс тунхагласны баярын өглөө уг мэдээг дуулгаж Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярихад нь гайхах, эргэлзэх, балмагдах бүгд л зэрэгцээд явчихсан. Итгэж өгөхгүй байгаа юм. “Энэ чинь одоо юу болоод байна аа” гэж хэсэг сууж ганцаараа бодлоо. Тэгээд бүтээл туурвилын минь буян юм даа хэмээн өөрийн эрхгүй л баяр төрөөд явчихсан. Автайсайн хааны өргөөнд уригдан орох, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж байх агшин, бүтээлүүдийг минь дурдах мөч, Монгол төрийн тэргүүн энгэрт минь төрийн шагналын тэмдгийг зүүж байх хором энэ бүхнийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа. Хэдэн ном минь л сэтгэлд бодогдож “Би чинь ер нь ийм хэмжээний бүтээл туурвисан хүн мөн билүү” гэсэн тийм нэг эмээх зүйл ч мэдрэгддэг юм байна лээ.
–Таныг “Монголын их амар амгалан“, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс“, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж, дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, яруу сэтгэхүйтэй гэдгийг харуулж чадсан хэмээн Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолсон. Үүнийг хэрхэн хүлээж авсан бол?
-Надад
их л ахадсан тодорхойлолт шиг санагдсан даа. Өргөө гэртээ бөхийж ордог шиг тэр том зарлигийн дор мэхийж л зогссон. Би чинь утга зохиолын ерээд оныхны нэгэн төлөөлөл. Ерээд оныхон бол Монголын утга зохиолын нэгэн сонгодог үеийнхний гол төлөөлөл шүү дээ. Хэдхэн шавилхан банди, охид саяхан л орж ирсэн байсан бол утга зохиолын ертөнцөд хорин хэдэн жилийг үдсэн байна шүү. Өөр өөрийнхөө зам мөрөөр давалгаа цалгиа үүсгэсэн байна. Ганцхан утга зохиол ч гэлтгүй Монголын оюун санааны ертөнцөд нэгэн том хуйлралт, шинэ сэрэхүйг өгчээ. Тэр том давалгаа, оюуны тэсрэлт намайг өдий зэрэгт хүргэснийг төрийн хишгийг хүртэж байх агшинд бодож, эрхэм нөхөр А.Эрдэнэ-Очироосоо аваад нандин сайхан найрагчдаа, үеийнхнийгээ хайрлаж байлаа даа.
Данзангийн Нямсүрэн найрагчийн хамт. 1998 он
–Яриагаа таны ус нутаг руу хандуулъя. Та бол Богд Очирваань Отгонтэнгэрийн хүү, олон хутагт хувилгаад төрсөн ариун дагшин нутгийн хүн дээ?
-Тийм
ээ, би Завхан аймгийн Шилүүстэй сумынх. Отгонтэнгэр хайрхан Очирваанийн орон. Очирваань бол тэрхүү хошуу нутгийг бус монголчуудын заяа буяныг даасан бурхан шүү дээ. Тэгэхээр бурхны л орон юм. Ийм ус нутагтай зүрх сэтгэлээрээ холбогдох хувь ерөөлийг өвөг дээдэс минь хайрлажээ. Тэгээд л Отгонтэнгэр хайрхандаа дуу, шүлгээрээ мандал өргөж явна. Очирваанийн эргэн тойронд Монголын арван гурван тамгатай хутагт төрсөн гэдэг. Гэхдээ Богд хааны зарлиг шийдвэрт багтаагүй, тамгагүй хэрнээ олон л хутагт гэгээд увдистнууд тэр ус нутагт аж төрдөг билээ. Би чинь уран бүтээлчийн хувьд Монголынхоо сайхныг мэдрэхсэн хэмээн олон л уулстай золгож, товшуур барьсан өвгөдийн аялгуулан дуулахыг сонсож явлаа. Гэвч Очирваанийн орон болох намайг өлгийдөн авсан ус нутаг арай л өөр шиг санагддаг. Ухаандаа, манай Шилүүстэй суманд Нарванчин гэгээний дөрөв, таван дүр дахин дахин хувилж төрсөн байдаг. Мөн сонин юм шүү.
Шилүүстэйн юунд нь болоод гэгээнтний билиг билгүүн эргэн төрөөд байдаг юм бол гэж бодогддог. Мөн Монголын олон гайхамшигтай судар, шастир зохиосон Агваанлувсанпэрэнлэйжамц хэмээх хувилгаан сууж байсан. Хожуу үеийнхнээс гэвэл Цагаан дарь эхийн бүрэлбаа Андиа гэгээнтэн Цэрэндондов гэж бий шүү дээ. Монголын сүүлчийн хувилгаан гэгддэг хүн.
–Андиа гэгээнтний тухай та шүлэг зохиолдоо багагүй бичсэн байдаг?
-Саяхныг
хүртэл амьдарч байсан. Хүүхэд байхдаа маадаг тоглоод сумынхаа гудамжаар гүйж явахад Андиа гэгээнтэн таягаа тулчихаад л намуухан алхаж явдаг сан. Тэгэхээр төрийн шагналт Бямбажавын Цэнддоо ах бид чинь амьд гэгээнтний дэргэд өссөн юм. Андиа гэгээнтэнтэй би олон удаа уулзаж ер бусын энерги, номын авшиг, сэтгэлийн ариуслыг авахаас гадна найз нөхдөө дагуулж очин мөргүүлж, адислуулж байсан. Үүндээ их бахархдаг шүү. Андиа гэгээнтнийхээ тухай сүүлд нэг зүйлийг ухаарч бодож байлаа. Тэр нь юу байв гэхээр манай нутгийнхан гэгээнтнээ бүхий л насаар нь агент болгосон. Тэгээд айл амьтнаас зайдуухан буулгачихдаг байлаа. Үүний цаана хөгшдийн минь маш том ухаан явж байжээ. Ухаандаа, шуудай гурил хэн нэгнийх нь тэмээнд тэгнээд өгөхдөө сайн сайхныг шившээд, тарнидаад өгнө. Бор цаасанд атга чихэр боогоод өгөхдөө мөн л шившчихэж байх жишээний. Үүнд эрдэмт хүний оюун билиг, нууцлаг ид шид нь оршиж байж дээ. Ингээд бодохоор монголчуудын оюун сэтгэлгээ гэхээр гаднаас хайгаад байх том зүйл биш юм аа. Арагтай аргал шиг, хөхүүртэй айраг шиг, тоононд уясан халтар арвай шиг ойрхон байдаг юм байна. Энэ мэт нутаг орны онцлог гэвэл яриад баршгүй ээ.
А.Эрдэнэ-Очирыгоо “Болор цом” авдаг жил. 2002 он
-“Хоёр хөгшин минь их баярлаж байна аа” гэж та дээр хэлсэн. Аргагүй дээ ийм найрагч хүү төрүүлсэн хүмүүс баярлахаас яахав. Ингэхэд аав тань Архангайн хүн юм билээ. “Арын хангайгаар нутагтай ахан дүүстээ зориулав” гэсэн Арын хангайн нэгэн сайхан уул Цогтсүмбэрийн тухай бичсэн таны шүлэг. Мөн Чулуут голын тухай “Аавын нутаг” сайхан дуу ч бас бий?
-Тийм
ээ, аав минь Арын хангай нутгийн хүн. Тэнд миний ахан дүүс бий. Аавынхаа нутгийг санаж уул усыг нь сэтгэлдээ хадгалж явдаг хүүгийн ёсоор ганц нэг дуу шүлэг тэрлэсэн тал бий. Миний дүү зах зухаас нь хэллээ. Манай ижий аав хоёр бол эгэл жирийн л албан хаагчид явсан хүмүүс. Хүүгийнхээ энэ шагналыг их л том юм гэж бодоод байгаа. Тийм бодол оюун санаанд нь тэнгэрийн солонго шиг л буусан хэрэг.
–Та хэддүгээр ангидаа анхны шүлгээ бичиж байсан бэ?
-Гуравдугаар ангийн сурагч байхад Бөөрөнхий гэж эрдэм боловсролтой сайхан багш минь надад нэг жаахан авьяасын хэлтэрхий буйг олж харсан байдаг. Тэгээд уран зохиолын дугуйланд оруулж байлаа. Тэгэхээр би гэдэг хүн гуравдугаар ангидаа анхны шүлгүүдээ бичиж байжээ. Тэр чинь наяад оны эхэн үе шүү дээ. Авьяас гэдэг их л сонирхолтой зүйл байдаг юм болов уу, анх янз бүрээр илэрхийлэгддэг байх гэж хааяа бодогдох нь бий. Учир юу гэвэл, гуравдугаар ангийн сурагч байх тэр үеэс би сийлбэр хийж эхэлсэн шүү.
–Өө тийм үү?
-Тэгээд
сумынхаа нэлээд олон айлд эвтэй дөрвөн амьтан сийлж өгсөн байдаг. Мөн баахан зураг зурсан байдаг. Тийм үедээ бурхан болоочийн хөрөг олныг зурсан даа. Нэг сонин дуулгая л даа. “Ну погоди”-гийн чонын толгойг цагаан футболкныхоо энгэрт зурчихсан чинь сумын төвийн бүх хүүхэд даяараа цагаан футболкны эрэлд гарч билээ.
–Таныг дуурайх гээд тэр үү?
-Өө
хүүхэд бүр л над шиг энгэртээ чонын зурагтай явахыг хүсэхгүй юу. Тэгээд би бүгдэд нь чоно зурж өгсөн. Хичнээн ч хүүхдийн энгэрт чонын толгой зурлаа даа. Одоогийн хэллэгээр тийм нэг моод анх гаргаж байжээ. Намайг зургадугаар ангид орох жил манайх Улиастайн төв рүү шилжиж ирсэн. Найман жилийн хоёрдугаар сургуульд орлоо. Тэнд Цэрэнцолийн Бадамжунай гэж багштайгаа учирсан. Утга зохиолын нарийн мэдрэмжтэй тэр хүн хичээлийн эрхлэгч маань байлаа. Сүүлд Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө шагнал”-ын эзэн болсон юм. Бадамжунай багш зургадугаар ангийн балчирхан жаалыг аймгийн Утга зохиолын нэгдэлд аваачиж тушаалаа. Тухайн үед манай утга зохиолын нэгдэл Цэдэвдоржийн Цоозол найрагч ах маань байлаа. За тэгээд Хасбайн Лхасүрэн, Хасын Бат-Өлзий Ванчингийн Загдаа, Самдан багш маань байсан даа. Ах нар шинэ шүлгүүдээ уншаад л бужигнана. Утга зохиолын тийм нэг халуун яриа тэнд өрнөж байгаа юм. Би бол юу ч ойлгохгүй жаахан хүүхэд хамгийн арын ширээнд гайхаад л сууж байдаг сан.
Отгонтэнгэр хайрханы бэлд Чилаа найрагчийн хамт
–Адарсүрэн дуучин бас танай нэгдэлд байсан гэж дуулсан юм байна?
-Утга
зохиолын нэгдэлд анх элсэхэд монхордуухан хамартай нэг ах хамт элсэж, үнэмлэх авч байсан нь алдарт дуучин Адарсүрэн байж билээ. Хэдэн сайхан дууны шүлгээ биччихсэн, түүнийгээ уншаад. Омголон л байсаан. Есдүгээр ангийн хүүхэд “Пионерийн үнэн” сонинд шүлгээ гаргачих санаатай, гурван шүлгээ дугтуйд хийгээд явууллаа. Тэгтэл дахиад шүлэг явуулаач гэсэн захиа ирдэг юм. Би чинь бөөн баяр болно биз дээ. Удаа ч үгүй сонины редакцийн зүгээс жижигхэн өмнөтгөл бичээд гаргачихсан байсан. Тэр шүлгүүдийг минь нийтэлж сурагч Бавуудоржийг олонд анх таниулж байсан эрхэм бол хүүхдийн нэрт зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Жамбын Дашдондог ах байсныг бүр сүүлд, хорин жилийн дараа мэдэж билээ.
-“Утга зохиол” сонины “Танай шинэ танил” буланд гаргаж шүлгүүдийг тань өлгийдөн авсан хүн бол Дөнгөтийн Цоодол найрагч. Аравдугаар ангийн сурагч байхад чинь захиа явуулж байсан гэдэг ээ?
-Наад
чинь их л нандин юм байгаа. “Пионерийн үнэн”-д шүлгүүдээ гаргачихсан нөхөр чинь “Утга зохиол” сонинд гарахсан гэж бас бодно шүү дээ. Тэгээд Зохиолчдын эвлэл рүү захиа бичлээ. Таньдаг мэддэг ганц ч зохиолч байхгүй учир “Монголын зохиолчдын эвлэл”-д гээд хаяглаад явууллаа. Гэтэл төд удалгүй хариу захиа ирдэг юм аа. Нэг өдөр хичээлд байж байтал Бавуудоржид Монголын зохиолчдын хорооноос захиа ирлээ гээд өглөө. Би гэдэг хүн хаягийг нь ч уншилгүй шууд л магнайдаа хүргэж адислаад бөөн баяр болж билээ. Хичээл дээр сууж байгаад задлах гэтэл “Завхан аймгийн хоёрдугаар арван жилийн сургуулийн 10А ангийн сурагч Ц.Бавуудоржид Монголын зохиолчдын эвлэл: Д.Цоодолоос” гээд гараар биччихсэн байдаг юм. Түүнийг задална гэсэн гар чичрээд болдоггүй ээ. Цоодол ах тухайн үед Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч байсан юм билээ. Энэ дурсамжтай уялдуулаад нэг нандин зүйлийг сүүлд мэдэж билээ.
–Тэр маань юу билээ?
-Цоодол
ах өнөө захидлыг үзээд шүлгүүдийг минь уншин багагүй тоогоод сууж байтал Сүрэнжав ах ороод ирсэн гэж байгаа юм. Тэгээд хоёулаа ярилцаад “Явуугийн нутгаас нэг сайхан авьяастай хүү төрөх нь дээ. Хоёулаа хэн нь дэмжих үү” гэж ярилцаж байгаад Цоодол ах захиа явуулсныг сүүлд би Сүрэнжав ахаас мэдэрж их баярласан. Аравдугаар ангийн сурагч хүүгийн шүлэг зохиолын тухай утга зохиолын хоёр том аварга яриад сууж байна гэдэг санаанд багтамгүй шүү дээ. Тэгээд “Таны шинэ танил” буланд “Толгод” тэргүүтэй дөрвөн шүлгийг гаргаж өгсөн дөө. Ингэж л Дөнгөтийн Цоодол гэж хүн намайг утга зохиолын ертөнцөд гаргаж ирсэн түүхтэй.
–Таны анхны ном “Бүгээн анир“. Ерээд оны эхээр хэвлэгдсэн байдаг?
-Анхны
номоо ерэн нэгэн онд гаргасан. Тухайн үедээ дөрвөн мянган хувь хэвлэж байлаа. Манай Намсрайн Лутбаяр найрагч маань хэвлүүлж өгсөн. Тэрээр Их сургууль төгсөөд Завханы “Туяа” сонинд эрхлэгчээр оччихсон байлаа. Намайг сониндоо сэтгүүлчээр авч ажиллуулж байв. Миний ажил амьдралын гараа Завханы “Туяа” сониноос тийнхүү эхэлж байсан түүхтэй. Анх Улаанбаатарт ирэхдээ гурван хайрцаг номтой нөхөр л онгоцноос бууж байлаа. Тэгэхэд өнөөдөр яруу найргийн арваннэгэн номтой, “Болор цом”-той, их зохиолч Д.Нацагдоржийнхоо шагналтай, Монгол Улсын төрийн шагналтай болчихоод сууж байна. Отгонтэнгэр хайрханы минь хишиг буян, Андиа гэгээнтэн тэргүүт хутагт хувилгаадын ариун шүншиг л намайг харж, далдаас ивээж өдий зэрэгтэй явна гэж боддог.
“Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг нь хучиж ургадаг…” гэж бичсэн минь ийм л учиртай даа. Мөн ерэн долоон онд байна уу даа Монголын радиогийн босгоор алхахад Пүрэвжавын Баярсайхан ах минь нэг эрээн гэр өгч түүнийгээ Шар хадны эцэст айлын хашаанд бариад манайх гэдэг айл төвхнөж байсан. Өнөөдөр орон байртай хоёр хүү минь зэрэг өсөөд айлын дайтай сайхан явна. Үүнд миний ханийн буян их юм аа. Бид чинь шүлэг зохиолоо л бодож ар гэрт нэг ч гавьяа байгуулдаггүй хүмүүс шүү дээ. За энэ бол яах вэ. Харин нэг нандин дурсамж сөхөхүйд “Бүгээр анир” номыг Данзангийн Нямсүрэн ах өлгийдөж авах учиртай байсан. Анх уншсан хүн нь Нямсүрэн ах шүү дээ. Тэгээд өмнөтгөл үг бичих юм боллоо. Гэтэл мань хүн Завханд долоо хоног манаргаад өнөө өмнөтгөлөө ч бичиж амжилгүй нутаг руугаа явчихсан. Тэгээд ном гаргах болтол өмнөтгөл байдаггүй. Анхны ном байж байдаг. Яг хэвлэлтэд шилжүүлэхийн өмнө Хасвайн Лхасүрэн ахыг шамдуулж байж гурван өгүүлбэр бичүүлж билээ. Монголын оюун санааны нэгэн өндөрлөг, гайхамшигт үзэгдэл тэр сайхан найрагчаар анхны номыг адислуулсан даа их баярладаг юм.
–Нямсүрэн найрагч та хоёрын Отгонтэнгэрийн мөнгөлөг цагаан оргилын наана авахуулсан нэг сайхан зураг байдаг. Ер нь энэ найрагчтай хэдийд яаж уулзсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Ерэн
нэгэн онд Отгонтэнгэр хайрханы төрийн их тахилга болсон юм. Түүнийг тохиолдуулаад зохиолчдыг урилаа. Үндсэндээ манай Лутаа л урихгүй юу. Зохиолчдыг тосох гээд онгоцны буудал дээр бид хоёр нэг муу пааз автобустай, түүнийхээ ард хоёр, гурван авдар архи аччихсан давхиж очиж билээ. Миний ганц хүслэн бол Данзангийн Нямсүрэн гэж хүнтэй уулзаад үнсүүлчих санаатай. “Хаврын урсгал”, “Сэтгэлийн байгаль” номууд намайг ер бус болгож догдлуулж орхисон хэрэг. “Дөрвөн цаг”-аас аваад бүхий л шүлгийг нь цээжээр мэддэг, тэр хүн өчүүхэн миний итгэл бишрэлийн дээд байлаа шүү дээ. Тэгээд Лутаадаа хэллээ. “Миний хөгшин Нямсүрэн ахыг л онгоцноос буух үед найздаа заагаад өгөөрэй” гэж.
–Та бол өмнө нь ерөөсөө хараагүй хэрэг үү?
-Шүлгийг
нь цээжлээд л, өөрийг нь дээдлээд байснаас хараагүй шүү дээ. Лутаа “За Бавуу, цаана чинь Нямсүрэн ах гараад ирлээ” гэдэг юм. Тэгтэл миний төсөөлж байснаас огт өөр, хөгийн нөхөр буугаад ирдэг юм. Би бол нэг л тэнгэрлэг хүн, уулс шиг дүнэгэр амьтан л байх юм бодоод байгаа шүү дээ. Хавчийсан мөртэй, түүндээ таарсан богино савхин хүрэмтэй, индүүдлэгтэй хар өмдтэй тэлээний оронд цэрэг бүс туучихсан, цагаан пүүз углачихсан, бас болоогүй нэг дипломат цүнх барьчихсан ямар ч авцалдаагүй хувцастай сонин нөхөр буугаад ирж билээ. Тэгээд би гүйгээд очиход “Бавуудорж гэдэг чинь чи юу” гээд намайг үнсэж байлаа. Тэр бол давтагдашгүй агшин байсан даа. Дашбалбар ах, Мэнд-Ооёо ах, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Ламжавын Мягмарсүрэн, Жигжидийн Бямбаа гээд аваргуудыг тэгж нэг дор харж баясч байсан юм. Мягаа ах, Пүрэвсүрэн ах нар үнэндээ идэрхэн байж дээ. “Дарьгангын шадар гурав” гэгддэг Балбар ах, Ооёо ах, Нямсүрэн ах нар Явуугийнхаа нутагт ингэж ирдэг байжээ гээд л. Отгонтэнгэрт ер бусаар сүслээд л, Явуугийнхаа шүлгийг уншаад л. Дэргэд нь би гэдэг хүн навсайсан шүдлэн үрээ шиг л амьтан бараадаж явсан даа.
–Таны хэдэн сайхан дуу бий. Ялангуяа Отгонтэнгэртээ зориулсан, за тэгээд хайр дурлалын халуун залуу насны зүрх зүссэн аялгуун шүлэгтэй дуунууд байдаг. Харин анхны дуу гэвэл “Дөрвөн улирлын өнгө” үү?
-Дуу
шүлэг гэж чухам юу байдгийг би сайн мэддэггүй байлаа. “Бүгээн анир” гарсны дараахан Ц.Жамьян (урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч) багш дуудлаа. “Дотор жаахан муу байна аа” гэж байна. Яваад очтол багш төгөлдөр хуурынхаа ард сууж байна. “Бүгээн анир” номыг минь нугалаад арай л урж тасдаагүй харагдана. Номоо хартал сэтгэл сэрдхийгээд явчихаж билээ. “Багш ямар хайр найргүй…” гэсэн юм бодогдоод явчихлаа. Тэгтэл “Дөрвөн улирал” шүлгийн дор ноот бичээд хар бэхтэй үзгээр палийтал зурчихаж. “Чиний номноос багш нь нэг сайхан дууны шүлэг оллоо. “Намрын борооноор цувгүй алхахдаа навчнаас дутуугүй гуниг тээдэг гэж чи ямар гоё хэлсэн юм. Би үүнийг чамд сонсгоё” гээд Батсүхийг дуудаад оруулаад ирдэг юм. Гавьяат жүжигчин С.Батсүх тэгэхэд Завхан аймгийн театрт дөнгөж ороод байсан шавилхан залуу л байсан даа. Ингэж миний анхны дуу төрсөн түүхтэй.
-“Дорнын намуухан Отгонтэнгэр” гэж гоё дуу бий. Мөн хөгжмийн зохиолч М.Хатанбаатарын аялгууг нь тааруулсан нэг сайхан дуу бий дээ?
-“Жаргаж
гуних хүний орчлон” гэж үү. Ийм шүү дээ. Би нэг өөрөө аялаадахъя л даа.
“Аавтай хүн эрдэж туулдаг босго даваатай хүний орчлонд
Аавгүй хүн эмтэрч дуусдаг асга хадтай буурал замлинд
Сэтгэлийн торго минь сэмрээд л байна ай амраг минь
Сэрэвгэр үүлс нь зэрэглээнд ганхах юм ай амьдрал минь ээ…”. Манай Эрдэнэ-Очир (“Болор цом”-ын эзэн яруу найрагч) анх дуулсан дуу шүү дээ. Эрдэнэ-Очир маань их гоё, дууны ая дан, үгийн ид шид, дотоод амьсгал нугалааг нь гаргаж, мэдэрч дуулдаг. Намайг зарим нэг хүмүүс “Дууны шүлэг бичээд байх юм. Их том найрагч дууны шүлэг бичдэггүй л байхгүй юу” гэдэг. Чадал чансаа нь хүрч байвал утга зохиолын бүхий л төрөл жанраар асгарах учиртай юм. Сарны туяа усны мандалд, түүн доторх эрдэнийн чулуунд тусаад буцааж ойж байгаа юм шиг өөрт буй бүхий л гэгээ гэрлээ цацраах ёстой. Дууны шүлэг ч бай, туульсын найраглал ч бай түүнд орсон ганцхан үгийнхээ өмнө яруу найрагч хариуцлага хүлээдэг байх учиртай. Манайхан үгийн өмнө хариуцлага хүлээхээ огт байсан. Юу дуртайгаа ярьдаг, бичдэг болсон.
–Зохиолчийн урлан руу өнгийхийг хүмүүс их сонирхдог. Энэ нь шүлэг зохиолоо хэдий үед бичдэг вэ гэх ойлголт. Ухаандаа, туульсын томоохон найраглалуудаа ямар хугацаанд бичив гэдгийг нь асуумаар байна. Үндсэндээ төрийн шагнал хүртсэн бүтээлүүд ямар хугацаанд төрсөн бол гэдэг хүмүүст сонин байх болов уу?
-Яруу
найргийн томоохон хэмжээний бүтээл туурвина гэдэг үнэндээ амаргүй юм аа гэдгийг мэдэрч л сууна. “Хүннү туульс” хэмээх туульсын томоохон хэмжээний найраглал өнгөрөгч онд хэвлүүллээ. Энэ маань хоёр мянгаад оны үед бичиж байсан “Хүрэл чоно” шүлгээс минь улбаатай юм. “Хүрэл чоно”-оос хойш сэтгэлийн гүнд Хүннүгийн тухай нэг зүйл мэдрэгдчихээд хаягдаж гээгддэг ч үгүй намайг зовоогоод л явсан. Түүний дараахан “Хүннү Яньжи” хэмээх богино хэмжээний найраглалаа бичсэн. Тэгээд өнгөрөгч жил “Хүннү туульс”-аа бичлээ. Тэгээд өнгөрөгч жил “Хүннү туульс”-аа бичлээ. Тэгэхээр “Хүннү тууль”-ийн үр хөврөл миний сэтгэл оюунд арван жил болсон байгаа биз. “Монголын их амар”, “Дорно” тэрг үүт бүлэг шүлгүүдээ харж байхад ямар өгөгдөл байна гэдгийг анзаардаг. Өөрийнхөө зүг чигээ бодож байгаа хэрэг л дээ. Тэгээд л монгол төрхтэй, монгол тархитай, монгол зүрхтэй нэг “юм” туурвих гэж л зүдэрдэг хүн шүү дээ, би. Миний чиг шугам энэ. Надад бол дорнын гэх хандлага их байдаг. Дээрээс нь багш нараасаа дуулсан, өөрийнх өөрөө бодсон бясалгасан юм байна. Энэ маань явсаар байгаад хүн төрөлхтний оюун санааны хамгийн том ай сав болсон дорно хэмээгчид тулж ирээд багтаж байх
шиг. Ер нь тэгээд бидний амьдарч байгаа энэ бүлтгэр замбуулингийн дотоод шүншиг, амь амьсгал нь дорно юм уу даа. Хүн төрөлхтөн өнөөдөр дорно руугаа эргэж байх шиг. Тэгэхээр Монголын оюун санааны мэргэд, зохиолч найрагчид дорнын ай сав руу жаахан өнгийж тэр том өв соёлоос авахыгаа авах ёстой гэж бодогддог шүү.
–Та өнгөрөгч жил гарамгай яруу найраг бүтээснийхээ төлөө олон улсын том шагнал хүртсэн. Их Явуугийнхаа захиснаар дэлхийн найргийн дэвжээнд шүлгэн хүлгээрээ уралдаж байгаа?
-Өмнөд Энэтхэгт ч, Хятадад ч, Мексикт ч найз нөхөд минь байна. Мексикт байгаа найз нөхдөөрөө
дамжуулж испани хэлт утга зохиолын ертөнцөд ганц ном гаргахсан гэж боддог. “Нүүдэлчдийн найрагч танд гүн хүндэтгэлтэй ханддагаа илэрхийлье” гэсэн утга бүхий захидлыг Колумбийн зохиолч бичсэн. Түүний буянаар Испанийн алдартай орчуулагчаар бүтээлээ орчуулуулах хувь надад олдож байлаа. Испани хэлт утга зохиолын ертөнцөд яруу найргийн аваргууд байна уу даа гэдгийг сүүлийн тав, зургаан жил дэлхийн яруу найрагчдын их хуралд оролцож явахдаа мэдэрсэн дээ. Нобелийн шагналт яруу найрагч Бродскийн нарийн бичгээр ажиллаж байсан Америкийн найрагч бүсгүйтэй би ихэд дотно. Тэр бүсгүй надад одоо ингэ тэг гэж хэлж санаа оноо өгч, чиний бүтээлийг тийм тийм хэл рүү орчуулахсан гэж эрмэлздэг гэдэг юм. Бас л хувь ерөөл юм шүү.
One reply on “Ц.Бавуудорж: Зохиол бүтээл минь чиг шугамаа алдалгүй дорнын ай савд багтсан даа”
However, women who fall into the following groups may be more likely to develop endometrial cancer [url=https://fastpriligy.top/]reddit where buy priligy[/url] Replication inevitability was the seventy nine year old It was really tively dependent S episodes although admissions were immediately from diabetic wipe,