Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Айзам яруухан дууны хорвоод ахин дахин төрмөөр байх юм аа” DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН ЗАГДЫН ТҮМЭНЖАРГАЛЫН ТАЛААР ӨГҮҮЛСЭН НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монголын сор болсон найрагч­дын нэгэн, Их утга зохиолын наяад оныхны гол төлөөлөгч, Монголын дууны шүлгийн нэрт мастер, соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалыг дуунд хайртай ард түмэн дууных нь аялгууг сэтгэлдээ бөмбөрүүлэн эгшиглүүлсээр сүүлчийн замд нь үдлээ. Сүү, нулимстай үдлээ.

Урины шувууд нуурандаа чуулалдан ирсэн хаврын энэ л торгон цагаар Түмээ ах минь бид­нийгээ, өөрийнх нь дуунд хайртай ард түмнээ, Монголын утга зохио­лыг хайрлан дээдэлдэг бүхнийг үүрд орхин одлоо. Загдын Түмэн­жаргал гарамгай найрагч, нэрт зохиолчоос гадна Монголын сэтгүүл зүйд өөрийн зам мөрөө үлдээсэн бичгийн сод нэгэн бай­лаа. Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ээс сэтгүүл зүйн бүтээлүүдээ туур­виж, дараа нь “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэ­дэхүйн албаны даргаар ажил­лаж байсан. Халуун сэтгэлтэй, жинхэнэ уран бүтээлчдэд хайртай, залуусыг чин сэтгэлээсээ дэмждэг хэн бүхнийг номоо гаргахыг зөвлөдөг, ерөөс залуусын номыг өөрөө хэвлүүлээд өгдөг буянтан байсныг утга зохиол болоод сэт­гүүл зүйн үе үеийнхэн дуу нэгтэй­гээр хэлнэ.

Түмэнжаргал найрагчийн буянд олон ч авьяаслаг залуус анхны номоо гаргаж, бүтээл туурвилдаа өсөн өндийж, эрийн цээнд хүрч, их утга зохиол, сэтгүүл зүйн талбарт өөрийн гэх нэр мөртэй болсныг хүн бүр халуун дулаанаар дурсдаг билээ.

Нэрт зохиолчтой салах ёс гүйцэтгэх ёслол өчигдөр өглөөний 07 цагт Соёлын төв өргөөнд байрлах Хүүхдийн номын ордонд болсон. Найрагчийн үр хүүхэд, ангийнхан, утга зохиолынх нь анд нөхөд, бичгийн мэргэд болон Монголын ард түмэн сор болсон найрагчтай салах ёс гүйцэтгэхээр хүрэлцэн ирсэн байв.

Номын өргөөний гадаа энд тэнд ганц нэгхэн шувуудын жиргээнээс өөр анир чимээгүй. Хүүхдийн номын ордны хаалгаар ороход

“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм…” хэмээх хүн бүхний сэтгэл зүрхэнд хадаатай явдаг дууных нь мөр бадаг санаанд өөрийн эрхгүй ургаж байлаа. Эл бүтээл Монголын ард түмний хүүхэд ахуй цагийнх нь сүлд дуулал болж, уг дуугаар бүгд хүмүүжсэн гэхэд болох юм. Хүүхдийн номын ордны хоёр давхрын танхимын хойморт түүний хөргийг болон наад талд нь чандрыг нь байр­луулсан байв. БСШУЯ-наас тусгай комисс гарган ажиллуулсан байна. Танхимд цугларагсад гунигтайхан нүдээр зохиолчийн хөргийг шир­тэн нулимсаа арчиж байсан юм. “Зүүн хүрээ” Дашчойлин хийдийн лам нар хойтын буянд нь зориулж ном хурж байлаа. Бүүдгэр гэрэл­тэй танхимд хүмүүс багтахгүй цуглажээ. Танхимын зүүн талаар үзэг нэгт нөхөд, най­зууд, шавь нар нь зогссон байв. Баруун жигүүрт төрөл төрөгсөд, ахан дүүс нь хүрэлцэн ирсэн бай­лаа. Лам нарыг ном хурж дуусмагц ууган хүү Т.Дүүрэн нь түүний шарилд хүндэтгэл үзүүлэн түүний араас цугларагсад хүндэтгэл үзүүлсэн юм. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, ардын уран зохиолч Т.Галсан, төрийн шагналт зохиолч Б.Догмид, утга зохиол судлаач доктор, гавьяат багш Д.Галбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч С.Оюун, Г.Мэнд-Ооёо, Т.Баасан­сүрэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Б.Гал­сансүх, МЗЭ-ийн шагналт зохиолч О.Сундуй, Д.Батжаргал, М.Эрдэнэ­бат, Б.Золбаяр, Я.Бадам­сүрэн болон Н.Сүхдорж, Ч.Наран­цэцэг, Батын Лхагвасүрэн нарын хүүхдийн зохиолчид ирцгээжээ. Мөн БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзун, төрийн шагналт, урла­гийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од тэргүүтэй хөгжмийн зохиолчид хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байв.

УДЭТ-ын хийлийн дөрвөл Норвегийн нэрт хөгжмийн зохиолч Э.Григийн “Смерть озе” хэмээх аялгууг тоглож байлаа. Хийлийн намуухан аялгуу, зулын гэрэлд хүмүүс салах ёс гүйцэтгэн нулим­саа арчин чимээгүйхэн танхимаас гарцгаасан юм. Үнэндээ л өнөөдөр шиг хүнд өдрүүд цөөхөн тохиол­доосой гэж бодогдож байлаа.

Гашуудлын цуваа 07:30 мину­тад Хүүхдийн номын ордноос Алтан Өлгийн зүг хөдөлцгөөсөн юм. Олон машинтай явахгүй гээд хоёр “ПАЗ” автобус гаргажээ. Хоёр автобусанд хүмүүс суучихаад байхад цаана 20 гаруй машин дүүрэн хүмүүс буяны ажилд орол­цохоор явлаа. Нийслэлийн цаг­даагийн хоёр машин цувааг ахалж, замын уулзвар бүр дээр замын цагдаа нар саадгүй зорчин өнгөрөх бололцоог бүрдүүлэхээр ажил­лацгааж байсан юм. Цуваа өнгөрө­хөд таарсан хүмүүс гараа хавсран залбирч байсан нь Загдын Түмэн­жаргал ард түмний хайртай найрагч билэг авьяаст нэгэн байс­ныг илтгэж байсан. Тэр Монголд төдийгүй Францад эх хэлээ зааж байсан нэгэн билээ. Түүний амжилт бүтээл ганцхан Монголдоо байгаа­гүй гэдгийг өнөөдөр ирсэн хүмүүс бүгд ярьцгааж байсан юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр Оросоос, хөдөө гадаанаас найз нөхөд нь ирсэн нь олон түмэндээ хэрхэн хүндлэгдэж явсны илэрхийлэл биз ээ.

Найрагчийг Алтан-Өлгийд нутаглуулахад том хүү Т.Дүүрэн эхлээд аавынхаа тухай дурсан ярив. Дараа нь ардын уран зохиолч Т.Галсан сэтгэлийн үгээ хэлсэн. Тэрээр “Загдын Түмэнжар­гал төрснөөс дутуугүй дүү, шавь минь байлаа. Анх 18 настай бор хүү хадаг барин надад шавь орж байсан юм. Их авьяаслаг, ухаантай шавь байсан. Шинэ орсон цасан дээр болжморын мөр гарах шиг утга зохиолд орж ирсэн. Олон арван ном бүтээл туурвиж ард түмэндээ үлдээлээ. Түүнийг билэг авьяасыг, сор болсон уран бүтээлийг нь Монголын ард түмэн мартахгүй ээ. Мөчир нь бүтэн мод байдаггүй, элэг нь бүтэн хүн байдаггүй хорвоо хойно миний шавь энхжингийн орондоо амгалан нойрс доо” гэв.

Түүнийг нутаглуулсан энэ газар УИХ-ын гишүүн Ц.Төмөртогоо, нэрт алиалагч гавьяат жүжигчин Д.Батсүх, зохиолч Ж.Пүрэвээс эхлэн ахмад дайчдын шарилыг өлгийдсөн газар байсанд хүмүүс “буянтай хүмүүс ингэж л таардаг байх” хэмээн өөр хоорондоо ярил­цаж байсан. Талийгаачийн хөшөө­ний чулуун дээр “Улс гүрэн нь олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв дээ” хэмээх шүлгийн мөрийг сийлсэн байв. Ийнхүү Монголын сор нэгэн найрагч эх нутгийнхаа зөөлөн хөрсөнд нойрс­лоо. Нэрт найрагчийн “Дууны хорвоо” хэмээх бүтээлд

Аргадаж гэгэлзсэн аялгууг сонсоход

Асгартал уйлмаар болдог­гүй л бил үү

Алдаа онооны хатуухан үнэнийг

Атгахан зvрх дэнсэлдэггүй л бил үү

Эгшиг яруухан дууны хорвоод

Эмзэг сэтгэл бөмбөрдөөд байх юм аа

Идэр омголон насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй л билүү

Эндүү андуугийн халуухан харгуйг

Эргээд санахад харамгvй л бил үү

Уянга яруухан дууны хорвоод

Удаан амьдармаар санагдаад байх юм аа

Мөнгөн сарны уйтан замбуулинг

Мөнхийн юм шиг санаагvй л бил үү

Сүүдэр гэрлийн алагхан заяаг

Сүүмэлзээд өнгөрөхөд гунихгvй л бил үү

Айзам яруухан дууны хорвоод

Ахин дахин төрмөөр байх юм аахэмээн өгүүлдэг, ард түмэн дуулдаг билээ л. Монголын ард түмний хайртай хүү, нэрт найрагч, бичгийн их хүмүүн, бид бүхний эрхэм дотнын нөхөр минь ээ, айзам яруу дууны хорвоод ахин дахин төрөх болтугай.

Н.ГАНТУЛГА

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *