ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС… Кувейт улсаас хийсэн аян замын тэмдэглэлийг дахин нийтэлж байна.
-КУВЕЙТИЙН ТЭМДЭГЛЭЛ-
Эмирийн
ордны титмэн дээр Арабын тэнгэрт наран мандахыг харлаа. Зуны өглөө хадан хавцлын дор цэцгийн шүүдэр дэвсэж хэвтэхүйд уулсын цаанаас асгаран гийх нарны туяа эрвийн сэрвийх хадан цохионы наагуур цаагуур сүлжилдэн, орчлон дэлхийг булхан байдаг сан. Эргэн тойрон чимээ аниргүй дүнсийх ордны цэцэрлэгт үүрийн гэгээнээр алхахуйд тийм л сэтгэгдэл төрж, цасны зөөлөн будраагаар даллан хоцорсон Улаанбаатарын өглөө бодогдох авай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Кувейт улсад хийж буй албан айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Эмирийн ордны гадуур эрхэмсэгхэн алхаж буй минь энэ ээ. Цардмал замын хажуугаар жигдхэн ургуулсан далдуу мод алгуурхан сэвэгнэнэ. Зуны ид халуунд тавин хэдэн хэм хүрч энд тэндхийн алтан гулдмай нь хайлмагтан урсмаар бэрх нөхцөлд сэрүүн газрын мод, цэцэг навчийг хэрхэн ингэж ургуулдаг байна хэмээн өөрийн эрхгүй бодохоор. Гэвч Кувейтэд болохгүй гэсэн бүхнийг болгож, манайхны хэлдгээр цементэн дээр цэцэг ургуулж очсон бүхний нүдийг орой дээр нь гаргадаг байна шүү. Тэрхүү ангамал цөлд бий болгосон бүтээн байгуулалтыг нь нэгд нэгэнгүй тоочно гэвээс барагдахгүй. Сонины энэхэн зайд ч үл хүрэлцэх буюу. Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хэрхэн ёс төртэй угтсан хийгээд ямархан хэмжээнд хүлээн авсныг хэлэх нь зүйтэй.
Ерөнхийлөгчтэй Кувейтийн Ерөнхий сайд, Үндэсний Ассамблейн дарга, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирал, Хөрөнгө оруулалтын газрын захирал тэргүүтэй албаны олон хүн уулзаж, гэрээ хэлэлцээр хийсэн талаар өмнө нь мэдээлсэн учир дахин давтах нь илүүц биз ээ. Харин Шүрэнгийн усан цахилгаан станц барих, Хөвсгөлийн Тариалан-Мөрөнгийн хатуу хучилттай зам тавих төслүүдэд Кувейтийн сангийн зүгээс хөнгөлөлттэй зээл олгох болсон зэрэг айлчлалын үр дүнгийн мэдээллүүд энгийн иргэдэд ч хүрсэн байна лээ. Төрийн зарим нэг айлчлал сүржин нэртэй даржин боллоо гэдэг шиг ааг амьсгаа нь оволзон байдаг ч ачир дээрээ улс орны ирээдүйд ямар ч үр дүнгүй байдаг. Зүгээр л нэг, дарга сайд нарын шоу болоод өнгөрдөг шиг билээ. Тэгвэл Булангийн орнуудад хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал арай өөр байв уу даа, анзаараад байх нь ээ. Үүнийг Кувейтийн Эмирээс аваад албаны бүхий л хүмүүсийнх нь уулзалт гэрчлэх буй за. Миний бие айлчлал дагасан албаны сурвалжлага бичихгүйг эрмэлзсэн ч зарим нэг зүйлийг тэмдэглэлгүй өнгөрч болохгүй нь жам юм хойно доо.
Айлчлалын
бүрэлдэхүүнийг Монголын талаас угтаж авсан хүн нь Элчин сайд К.Сайраан. Хэдхэн жилийн өмнө Баян-Өлгий аймгаас Их хуралд сууж байсан эл эрхмийг гурван жилийн өмнө Кувейтэд анх удаа Монголын Элчингээр томилогдсоныг манайхан гадарлаж байгаа. Тэрээр Монголынхоо төрийн тэргүүнийг Элчингийн нөхдийнхөө хамт угтсан. Мэдээж эрхэм дээд Эмир болоод угсаа залгамжлах хунтайж зэрэг Арабын Шейхүүд угтсан нь ойлгомжтой. Онгоцны буудлаас Эмирийн ордон Баяан руу хөдөллөө. Хүн бүр л нэг машинд сууж байгаа юм. Сэтгүүлчид хоёр, гурваараа суугаад авав. Тэгтэл бидний суусан машин цуваанаасаа хоцорчихдог байгаа. Жолооч залуу маань замд өөр машины жолоочтой, мөн замд таарсан цагдаа нартай ярьж байгаад хоцорчихсон хэрэг. Өөрөө цэргийн хүн юм байна л даа. Үгүй ээ, мөн хэнэггүй байгаа юм шүү. Ерөнхийлөгчийн цуваанд явж байж. Тэгтэл бөглөөнд орчихож байгаа юм. Долоон цаг нисээд үдийн нэг цаг өнгөрч байхад Кувейтэд газардсан. Нэг цаг гучин минутын орчим Баяан буудал руу зорьж яваа минь тэр. Замын бөглөөнд орсон нь учиртай. Үдийн хоёр цагт албан байгууллагуудын ажил тардаг юм байна. Ажил тарах үед замын ачаалал ихэсдэг аж. Түүнээс бусад үед гайгүй юм билээ. Замын хажуугаар явган хүн харагдаагүй. Мэдээж бүх хүн машинтай. Манайхан шиг зам дагаад алхаж байдаг, эс бөгөөс такси унаа гээд өвлийн хүйтэнд нэгнээсээ өрсдөг ойлголт тэнд үнэндээ алга аа. Ажлын таван өдөртэй. Тав дахь өдөр амралтынх, бүтэн сайн ажлынх. Дөрөв дэх өдрийн үд гэхэд ажлаа тарчихаад кувейт залуус гадны орнууд руу аяллаар явчихдаг гэж байгаа.
Бензин
монгол
мөнгөөр
гурван
зуун төгрөг. Шатахуун түгээх станц дээр очсон машин банкаа дүүргэж аваад л хөдөлнө. Төдөн литрийг авна гэсэн ойлголт бас үгүй. Ерөөсөө л халигуулж цалгиулаад л хөдөлнө шүү дээ. Нефть нэвт олгойддог улсад тэгэхээс ч өөр яах билээ. Нефть нэвт олгойддог гэснээс онгоц газардахын өмнөхөн өнөө савтай зүйлүүд дээгүүр чинь нэгэнтээ эргээд авч байгаа юм. Тэрхэн мөчид “таргийн нэрмэл мэлтэлзэнэ дээ, мэлтэгнэнэ дээ…” гэсэн дууны бадаг санаа бодолд долгион булаагаад л орж ирнэ билээ. Үнэхээр ч “тагш”-аар нэг мэлтэлзэж байсан даа. Арванхоёрдугаар сарын дунд үе бол Кувейтийн хамгийн сайхан улирал гэнэ. Нар тэгтлээ улайсдаггүй, зөөлөн сэвэлзүүр салхитай. Тэсгим өвлийн хүйтэн тачигнасан цаг дор очсон бидэнд гэв гэнэтхэн улирал солигдсон мэт сонихон мэдрэмж төрж байсаан. Эмирийн Баяан ордон бол ёстой нэг үлгэрийн гэмээр л санагдсан шүү. Чулуун шат довжоо, орчин үеийн загвар бүхий хийц,
эртний
гоёмсог
чамин хээр хуар, гаднах цэцэрлэг, араб маягийн чимэглэл бүхий ойр тойрны орчин нь нүд булаам хээнцэр. Цаанаа утга агуулгатай.
За тэгээд Кувейтийнхэн толгой дээгүүр, ихэмсэг бардамхан аж төрдгийг нь хэлэлгүй өнгөрч боломгүй. Үндсэн харьяат иргэд нь аливаа албан байгууллагын дарга, захирал цаад тал нь ерөнхий менежерээс доош ажил хийх эрхгүй. Зүгээр суух аваас хувийнх нь хадгаламж руу өдөр бүр доллар урсах бүлгээ. Харин Энэтхэг, Бангладеш, Индонез, Непал, Филиппиний иргэдийг зарцална шүү дээ. Эмирийн ордны цэцэрлэгт хүрээлэнгээр алхахуйд дандаа л дээрх улсын залуучууд гүйлдэж байгаа юм. Ордон дотор ч ялгаагүй. Тэд л үйлчлэгчийн ажил
эрхлээд
боол шиг зүтгэнэ. Давхар бүрт хоёр гурван ресторантай. Хэдийд ч орсон үйлчлэгчид нь бөхөлзөөд угтаж байгаа юм. Хоолны газар ихэвчлэн филиппинчүүд ажилладаг юм билээ. Харин хар ажил, шал шавхай угаахад непал, энэтхэгчүүд гүрийнэ. Тэд цалин хөлс харьцангуй бага авдаг тухай хэлж байсан. Кувейтүүд өөрсдөө өндөр цалин авдаг хэмээн үнэнээ хэлж байсан.
Айлчлалын
эхний өдрийн орой эрхэм дээд Эмир Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэж зоогт урилаа. Эмирийн хүлээн авалтын өргөө, танхим том ч гэж жигтэйхэн, гоёмсог чамин гэж жигтэйхэн. Зүгээр нэг сандлынх нь юм уу, танхимынх нь гэрлийн чимэглэлийн үнэ гэхэд л замбараагаа алдсан байлгүй. Бүх зүйл нь алт гэж хэлэхэд юу юм. Гэхдээ үнэт шигтээ, чимэглэл, хийцийг нь хараад дуу алдмаар шүү. Оройн зоогт Кувейтэд суугаа Элчингүүд бүгд уригдсан байлаа. 100 гаруй Элчин төлөөлөгчөөс 90 орчим нь ирлээ гэсэн албан мэдээ дуулдсан. Уул нь яг тэр үеэр Кувейтийн шинэхэн томилогдоод байсан Ерөнхий сайдын урилгаар ямар ч билээ дээ, нэг орны Засгийн газрын тэргүүн уригдсан байсан. Даанч манай Ерөнхийлөгчийн айлчлалын сүрд дарагдаад чимээгүй өнгөрөх шиг болсон доо. Зоогийн хүндэт танхимын өмнө ноён Эмир Элбэгээ Ерөнхийлөгчийн хамт зогсоод бүх зочдоо угтан авч байлаа. Тэр хоёр хичнээн ч хүнтэй гар барьсныг бүү мэд. Харин нэг зүйлийг онцлоход, энэ олон зочдын дундаас дөрвөн хүн монголоор мэндэллээ гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэлж байсан. Бас үг шүү.
Эрхэм дээд Эмир, Монгол Улсын Ерөнхийлөгчийг онгоцны буудал дээр хүндэтгэн угтан авахаас аваад хоёр улсын дээд хэмжээний уулзалтын мөч оройн зоог гээд бүхий л үйл явцад гүн хүндэтгэлтэй хандаж, ихэд дээдлэн буй нь мэдрэгдэж байсан юм. Хоорондын яриа хөөрөө нь тун энгийн байсан. Тэр тухай дараагийн тэмдэглэлдээ өгүүлэх буюу.
Албан бус тоогоор хоёр зуу гаруй зочид цугласан хүлээн авалтын танхимд сонгодог хөгжмийн аялгуу эгшиглэснээр зоогийн үйл ажиллагаа эхэлсэн. Энэ зуур нэг зүйлийг бас дуулгаад авъя. Кувейтчүүд ерөөс Арабынхан ихэд халуун дулаан хүмүүс юм билээ. Хоорондоо ярьж хөөрөх нь мөнчиг аялгуутай шүү дээ. Шашны мөргөлөө үйлдэж байгаа юм шиг л уянгалуулаад ярина. Зэ тэгээд уулзахаар үнсэлцэнэ гэж элгийг нь авна шүү дээ. Нүүр ам нь битүү сахал самбаа болсон, тэргүүндээ цагаан саарал алчуур ороосон эрчүүд хацар, дух, уруул дээрээ шов шов хийтэл үнсэлцэнэ. Их дотнын хүмүүс бүр олон дахин үнсэлцээд байх шиг.
Сахалтай
харчууд
хацар дээрээ нялуун гэгч үнсэлцэхийг дэргэдээс нь харахад эхэн үедээ эвгүй юм билээ. Үйлчилгээний газар, зоогийн танхимд бүсгүй хүний бараа харагдаагүй. Эмирийн ордонд ч Кувейт бүсгүйн бараа хараагүй шүү. Дэлгүүр болон олон хөлийн газраар бол бүсгүйчүүд явна. Хар өнгийн хувцастай. Нүүрээ гивлүүрээр тас бүтээчихнэ. Зарим нэг нь хоёр нүдээ ч ил гаргахгүй. Нүүгэлтсэн хар юм л гунхана даа. Хадамд гараагүй бүсгүйчүүд нь хар гивлүүртэй яваад байна уу гэсэн үгүй юм билээ. Ерөөс бүгд л гивлүүртэй юм билээ. Гэхдээ тэдгээр бүсгүйчүүд дэлгүүрт ууц нуруу, хүзүү цээж нь ил гарсан даашинз сонгоод зогсож байхыг хараад амжсан шүү. Бас л сонин байгаа биз. Хурим хийж буй айлд манай Элчингийн бүсгүйчүүд зочилсон тухайгаа хэлж байсан. Хуримлаж буй хосууд тусдаа баяраа тэмдэглэдэг гэж байгаа. Яг тэрхэн мөчид хүүхнүүд нь гивлүүрээ бүр хувцсаа тайлдаг гэж байгаа. “Хувцсаа нимгэлэхээрээ ямархан юм бэ дээ, кувейт хүүхнүүд” гэхүйд, их ялдамхан юм билээ. Бие хаа нь тэгш, нүд хөмсөг гэж “тасархай”, шилбэ, бэлхүүсийг нь нарийн ажихуйд зураг шиг даа гэж дуу алдсан. Хүүхнүүд тэгж дуу алдахыг бодоход өв тэгш санагдсан даа. Хувцасных нь цаанаас бол жаахан махлаг юм
уу даа гэсэн бодол төрсөн. Ер нь бүсгүйчүүд нь гэлтгүй кувейт эрчүүд тун өндөр биерхүү, махлаг хүмүүс юм билээ. Холоос алхаад ирж буйг нь харахад таахага таахага гээд л мөн ч явж ядна. Энэ мэт Эмирийн ордныг эзэгнэсэн өдрүүдийн тэмдэглэл цааш үргэлжлэх юм аа.
Үргэлжлэл бий