Олон улсын болон улс, хотын чанартай олимпиад, уралдаанд тэргүүлж, нэрээ гаргасан нийслэлийн 21 тэргүүний сурагчийг өчигдөр Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч, Засаг дарга Э.Бат-Үүлийн нэрэмжит шилдэг хүүхэд шагналыг гардууллаа. Тэдгээр сурагчдын хамгийн бага нь Франц улсад зохион байгуулагдсан төгөлдөр хуурчдын 17 дугаар “Гранд-Прикс” уралдаанаас алтан медаль авсан СБД-ийн “Хобби” сургуулийн II ангийн сурагч Э.Цогт, тус уралдааны дөрвөн гарын хослолын гранпри шагналт ХУД-ийн “Америк” дунд сургуулийн V ангийн сурагч Г.Амарсанаа нар байв. Харин бусад 19 шилдэг сурагч нь бүгд төгсөх ангийн хүүхдүүд байснаараа онцлог байлаа. Эдгээр хүүхдүүдээс дөрөв нь улсын олимпиадад тэргүүн байр эзэлсэн бол, 15 хүүхэд нь өнгөрсөн онд хотын олимпиад, уралдаанд аварга болсон сурагчид юм.