Categories
мэдээ улс-төр

Ногоон хөгжлийн үндсийг тавина

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар Ногоон хөгжлийн бодлогод анхаарал хандуулав. 

 “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан төслийг товч танилцуулсан.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Иймд манай улсын хувьд ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарч байгаа гэдгийг Байнгын хорооны дарга онцолсон юм.

Хэлэлцүүлгийн шатанд Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар Байнгын хороонд оруулж буй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” гэсэн нэр томьёог нэгтгэн “Ногоон хөгжлийн бодлого” болгон өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжлээ. “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд стратегийн зургаан зорилтыг тодорхойлсон байна.

Бодлогын зорилго нь ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болоход оршиж байгаа аж.

“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хоёр үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Нэгдүгээр үе шат нь Ногоон хөгжлийн үндсийг тавих үе буюу 2014-2020 он, хоёрдугаар үе шат Ногоон хөгжилд шилжих үе буюу 2021-2030 он хүртэлх хугацааг хамрах юм. Ингэснээр нэгдүгээр шатанд, өөрийн орны нөхцөлд тохирсон ногоон хөгжлийн загвар, хэм хэмжээг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт бий болгож, ногоон хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлнэ. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшиж, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмаар байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Хоёрдугаар шатанд, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн байна. Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжих зорилт тавьжээ.

Хуралдаанаар тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа төслийг бүхэлд нь дэмжих саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулахаар болов. Тус байнгын хорооны хуралдаанаар мөн  “Малын индексжүүлсэн даатгал”-ын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.