Categories
мэдээ цаг-үе

Монголчууд Prius-ээс өөр машин дийлж унахаа байжээ

Монголын автомашины дистрибьютерүүдийн ассо­циаци гэж бий. Тус газраас “MAДA” нэртэй автомашины үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тус үзэс­гэлэнд “Вагнер ази автомотив”, “Таван богд моторс”, “Монгол хьюндай автомотив”, “Киа моторс”, “Моннис моторс” гэсэн таван газар оролцож буй ажээ. Нэгдсэн үзэсгэлэн худалдаа болохоор худалдан авагчдад таатай нөхцөлүүд санал болгож. Автомашины үнээ хямдруулахаас эхлээд банкны лизинг, даатгалд хамруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, баталгаат засвар үйлчилгээгээ танил­цуулах, оргиналь сэлбэгийн хямдралтай худалдаа зэр­гийг нэг дор сонирхох боломжоор хангаж өгчээ. Хьюндай дээр л гэхэд 2013  оноос хойш үйлдвэрлэсэн машинууд байна. Бүгд 2014 оны загварууд гэсэн. Аксент, элентра, соната, азера, таксон, старекс зэрэг 16 төрлийн машин байв. Бас эмнэлгийн, сургуулийн хүүхэд зөөх зориулалттай, давхар кабинтай ачааны, хөргөгчтэй гэхчлэн тусгай зориулалтын машинууд ч байлаа. Эднийх БНСУ-ын Хьюндай мотор компанийн албан ёсны  дистрибьютер учраас эх орныхоо цаг агаар, орчинд тохируулсан автомашин захиалан оруулж ирдэг юм байна. Эдний машинууд 34.5-138 сая төгрөгийн үнэтэй байсан. 2014 оны аксент 34.2 сая, элентра 40.5 сая, велостер 45.8 сая, таксон 55.9 сая төгрөг ажээ. “МАДА” үзэсгэлэнд зориулаад ачааны Портер машиндаа 1-1.5 сая төгрөгийн хямдрал зарлажээ. Хэрэв эднийхээс машин худалдаж авбал лизингд хамрагдаж болно. Урьдчилгаа төлбөргүй, гурван жилийн хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй гэсэн. Бас даатгалд хамрагдах бол “Практикал” даатгалынхан 30 хувийн онцгой хямдралтайгаар үйлчлэх ажээ.

Вагнер Азийнхан ч бас Форд, Ланд Ровер машинуудаа хямдралтай үнээр борлуулж байна. Фордын нэг машин авбал дараагийн машиныг нь 50 хувь хямдруулж өгөхөөр болжээ. Харин Ланд Ровер брэндийн машинуудаа 10 сая төгрөгөөр хямдруулжээ. Эднийхээс машин авах хүсэлтэй хүмүүс урьдчилгаа 10 хувиа төлөөд таван жилийн хугацаатай лизингд хамрагдаж болох юм байна. Хэрэв “Хаан” банкны лизингээр авбал сарын 1.4-1.7 хувийн хүү төлөх ажээ. Гэхдээ машины үзэсгэлэнгийн эхний өдөр үйлчлүүлэгч харьцангуй бага байв. Борлуулагчтай уулзахад “Өнгөрсөн есдүгээр сараас машины борлуулалт муудсан. Гэхдээ өндөр үнэтэй машины борлуулалт хэвээрээ байгаа. Дундаж үнэтэй машины борлуулалт бага зэрэг муудсан” гэж байлаа. Эднийд байгаа хамгийн хямд машин Форд рэнжер. Үнэ нь 55 сая гэсэн. Харин Форд раптор 140 сая, “Land rover discovery” 212 сая, Рэнж ровер спорт 229 сая төгрөгийн үнэтэй байсан юм.  

Харин монголчуудын хамгийн их унадаг Японы “Тоёота”-гийн албан ёсны дистрибьютор компани болох “Таван богд моторс”-ынхон Land Cruiser-200, Прадо, Хайлюкс, RAV-4, Camry зэрэг машин оруулж ирдэг. Эдгээр машин нь манай орны нөхцөлд тохирсон тусгай тоноглолтой. “Land Cruiser-200” 116-176 сая төгрөгийн хооронд байв. Харин “Camry” 80 сая, “Hilux” 72 сая, “Land Cruiser Prado” 103-110 сая төгрөгийн үнэтэй ажээ. Эднийд 200-гаад төрлийн машин бий гэсэн. “Land Cruiser-200” л гэхэд бүх загвараас нь, бүх өнгө нь байгаа ажээ. “МАДА” үзэсгэлэнгийн хүрээнд “Volkswagen”-ы машинаа таван хувь, “Тоёота”-гийн машинаа нэг сая төгрөгөөр хямдруулж байгаа юм байна. Бас урьдчилгаа төлбөргүй, сарын 1.4-1.7 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай лизингээр авч болох ажээ. Дунджаар 140 сая төгрөгийн үнэтэй “Land Cruiser-200” авлаа гэхэд сар бүр 2.6 сая төгрөг төлнө гэсэн үг. Өдөрт дунджаар 86 мянган төгрөг. Эдийн засаг хямарсан үед иймэрхүү зээл авч машин авах хүн ховор байгаа нь үзэсгэлэнгийн үеэрх хөл хөдөлгөөнөөс мэдэгдэж байлаа. Үнэтэй машинуудын үзэсгэлэнгээс гараад циркийн хажуугийн автомашины худалдааны зогсоолоор орлоо. Энд дандаа жийп машин зардаг байсан. Тус зогсоолд автомашин зардаг С.Баяраатай уулзлаа. Тэрээр “Манай эндхийн зогсоолд жижиг машин зардаггүй. Дандаа жийп буюу үнэтэй машин зардаг. Гэтэл сүүлийн үед машин зарагдахаа байлаа. Эдийн засаг хямарч байгаа нь аль ч салбарт мэдрэгдэж байна. Уг нь өдөрт биш юмаа гэхэд долоо хоногт гурав дөрвөн машин зарчихдаг байсан. Гэтэл миний хувьд л гэхэд өнгөрсөн гуравдугаар сараас хойш ганц ч машин зарсангүй. Манай эндхийн хүмүүс Америкаас машин оруулж ирдэг. Одоо бол Япон явъя, Prius оруулж ирье л гэж ярьж байна. Эдийн засаг хямарчихаад байгаа өнөө үед хүмүүс 20-30 литр шатахуун зарцуулдаг машин унаж чадахгүй байна” гэлээ. Энэ үеэр түүний найз Л.Галбадрах ярианд оролцов. “Би Лексус-570-тай. Хот дотор 20 литр бензин иддэг. Хөрөнгө санхүү муудаж байгаа үед машинаа унаж чадахгүй байна. Машиныхаа бензинийг дийлэхээ байсан. Эдийн засаг энэ чигээрээ унаад байвал “Prius-20” авч уная гэж бодож байна. Үнэхээр хаа, хаанаа хэцүү байна шүү дээ” гэлээ.

“Хүлэг” авто худалдааны төвийн борлуулалтын менежер Б.Магнайтай холбогдоход мөн л машины борлуулалт эрс муудсан талаар ярив. “Үнэтэй жийп машинуудын хувьд ярилтгүй. Угаасаа зарагдахгүй болоод удаж байна. Уг нь дулаараад, зун эхлэхээр жийпүүд зарагддаг байсан. Гэтэл энэ жил асууж байгаа ч хүн алга. Жижиг япон тэргүүд л ганц нэг зарагдаж байна. “Prius-20” л гайгүй борлуулалттай байх шиг байна. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа учраас бензин бага иддэг машин л сонирхож байна. Уг нь суудлын тэргээс Mark-2 гайгүй зарагддаг байсан. Гэтэл бензин их иддэг гээд авахаа больчихлоо. Ер нь хүмүүс бензин 10 дотор иддэг машин л сонирхдог болсон” байна гэлээ.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *