Categories
булангууд мэдээ цаг-үе эх-орон-сумаас-эхэлнэ

Чулуут голын цуурай


“Циркчин” сарлаг

Төв Азийн өндөр уулархаг нутаг, Балба, Бутан, Монгол, Хятад, ОХУ, Пакистан, Энэтхэг зэрэг улсад сарлагийг өсгөн үржүүлсээр иржээ. Үүнээс хамгийн олон сарлагтай нь Хятад улс юм. Харин манай улс 700 мянга орчим сарлагтайгаараа дэлхийд хоёрт ордог.

Энэ жилийн мал тооллогын дүнгээр Архангай аймгийн Чулуут сум 38321 үхэр тоолуулж үхрийн тоогоор улсад хоёрдугаар байр эзэлсэн ба бүх үхрийн 93 хувь сарлаг бөгөөд энэ үзүүлэлтээр улсын хэмжээнд хамгийн олон сарлагтай сум болсон юм. Энэ ч үүднээс Хангайн нурууны салбар, Хатан Чулуутын ай сав нутгийг “Сарлагийн орон” гэж хэлэлцдэг. Одоо тус суманд 400, 500 сарлагтай айл цөөнгүй бий.

Урьд Шиваа ширээтийн хүрээнд жил бүрийн зуны дунд сард Майдар бурхан эргэж, шашны цам дэглэхэд “сургуультай” сарлагийн цагаан, хар бухыг цамын дэгэнд гаргаж сүсэгтэн олныг гайхуулж бишрүүлдэг байсан тухай Чулуут нутгийн ахмад буурлууд хуучилдаг байсан нь маш сонирхолтой юм.

Гэтэл Монгол Улсад орчин үеийн циркийн урлаг үүсч хөгжин, анх сарлагийг тоглуулахад Чулуут сумаас авчирсан “Хургаа” гэдэг бөртэ цагаан сарлаг таарсан нь санамсаргүй хэрэг биш бололтой. Ерөөс сарлагийг ачилга уналгад өдөр тутам хэрэглэж, “сургаж” ирсэн энэ нутгийн ард түмний арга ухаан уламжлагдсан нь лавтай.

Энэ тухай 2004 онд улсын циркийн амьтан маллагчаар 30-аад жил ажилласан Бүрээгийн Дашбал гуай “Одоо манай циркт Билүүт, Асгат, Уянга гэдэг хоёр сарлаг, нэг хайнаг тоглож байна. Урьд нь Архангайн Чулуут сумаас авчирсан Хургаа, Их тамир сумын үржлийн станцаас авчирсан Тайхар гэдэг хоёр сарлаг байлаа. Энэ хоёр сарлаг бөгсөөрөө суудаг, бөмбөг түрдэг, бүжиглэж буй мэт тойрч давхидаг үзүүлбэр үзүүлдэг. Орос, Чех, Польш, Дани зэрэг улсад тоглож байсан. Манай Хургаа их номхон, ягаандуу бөөртэй цагаан сарлаг байсан юм” гээд тухайн үед Хургаагийн Оросын хэвлэлд гарсан зургийг надад үзүүлж билээ.

Нөгөөтэйгүүр, Сарлагийн сүү шимээр амь амьжиргаагаа залгуулдаг энэ нутгийн ард түмний бахархалт амьтан, бэлгэ тэмдэг бол яахын аргагүй сарлаг юм.

Баян Гочоо дайчингийн “зэрлэг” явсан түмэн бор сарлагийн удам улам улам, түм түмээр үржих болтугай

“Чулуут Чулуут” гэхийн учир

Эртнээс Сайн ноён хан аймгийн Цэцэн чин ван (Чулуут)-гийн мэхээртэй тос, Шивээ ширээт (Чулуут)-ийн ааруул хурууд, Далай чойнхор вангийн шар тос, Сүжигт бэйс, Ачит гүн, Зоригт гүний хошууны гүний айраг амт чанараараа нутаг усандаа төдийгүй хот хүрээ, зах зээлийн газраа их алдартай байжээ.

Социалист нийгмийн үед, Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгд­лийн саальчид нэг үнээнээс 464-507 литр сүү саахын зэрэгцээ сүү тосны заводод тос масло боловсруулж төлөвлөгөө нормыг цаг тухайд нь давуулан биелүүлсэн амжилтаараа улс аймагтаа тэргүүлж байв. Мөн нэрт үхэрчин Ш.Ядамсүрэн ЗХУ(тухайн үеийн нэрээр)-ын “Алатау” үүлдрийн үхрийг сарлаг, хайнагийн үнээтэй эрлийзжүүлэн малын жин, сүүний гарцыг 70-80 хувиар нэмэгдүүлжээ. Ш.Ядамсүрэн гуайн, сарлаг, хайнагийн үнээг Алатау үүлдрийн бухаар хээлтүүлж, төлийнх нь мах сүүний гарцыг нэмэгдүүлж болох эсэхийг туршиж санаачилсан нь, манай улсад сарлаг үхрийг өндөр ашиг шимтэй үхэртэй эвцэлдүүлэх эх үүсвэр болсон юм.

Улмаар 1980-аад он гэхэд Чулуут сум түмэн сарлагтай болж, Шинэ-Амьдрал нэгдэл аж ахуйн хувьд бэхжиж, иргэдийн ахуй амьдрал сайжирч, манай улсын тэргүүний нэгдэлд тооцогдох болсон нь яах аргагүй энэ нутгийн ажилсаг түмний нөр их хөдөлмөрийн үр шим билээ.

Одоо ч Чулуутынхан энэхүү сайхан өв уламжлал, арга технологио алдалгүй сарлагийн өтгөн шаргал сүүгээрээ 30 гаран төрлийн цагаан идээ бэлтгэж, сарлагийн сүү, цагаан идээ үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлж, жил бүр нийслэл хотноо үзэсгэлэн худалдаа гаргаж хөдөлмөрчин олныхоо хүнс, цагаан идээний хэрэгцээг хангадаг сайхан уламжлалтай болжээ.

Энэ жил сумынхаа 90 жилийн ойд зориулж, сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл “Чулуут-90” цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн сайхан ажил боллоо.

Малчид цагаан идээгээр гурил будаа, хувцас хунар зэрэг ойрын хэрэглээний зүйлээ худалдан авахын зэрэгцээ илүүчлэн хураасан идээ цагаагаа зарж борлуулахад дундаж айл жилд 10 орчим сая төгрөгийн орлого олж байна.

Сүүлийн үед, цагаан идээг гэр ахуйн хүрээнд хийгээд зогсохгүй Чулуут суманд цагаан идээний жижиг дунд үйлдвэрлэлүүд буй болсон нь нэн чухал юм. Үүний нэг, Ч.Чимэддэлэг захиралтай “Ар Тусгалт” нөхөрлөл сүүлийн арав гаруй жилийн хугацаанд жилд дунджаар 30 гаруй тонн хэвийн болон хорхой ааруул үйлдвэрлэн аймаг нийслэлчүүдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ нутгийн залуусыг ажлын байраар хангах, амьдрал ахуйг дээшлүүлж буй шиг сайн жишээ улам олон болтугай.

Тал эвдэрвэл тамын ёроол сахина

Бараг л Чулуутынханд үлдсэн нэгэн биет бус соёлын өв бол эртний монголчуудын анд бололцох ёсны ул мөр болох “Тал бололцох ёс” юм.

Анд бололцох (тал бололцох) гэдэг нь төрөл садан бус боловч дотно итгэлцсэн хүмүүс хоорондоо ах дүү барилдах ёсыг хэлдэг байна. Тухайлбал:

“Бум-Эрдэнэ” туульд: Хажир хад, Бум-Эрдэнэд

“Хоёр төрсөн чи бид хоёр салах бүү хэл

Нэг төрсөн эрүү толгой хоёр салдаг” гэж,

Бум-Эрдэнийн эх Хажир хард

Алтан уургийг

Ариун цагаан хундганд хийгээд

Хар нүдний минь хараа болсон

Халуун зүрхний минь цусан болсон

Харах үрийн минь мах болсон

Хайрт сайн үр минь

Миний үртэй адил сайн үр болж

Алтан шар уургийг минь ид ид……гэж

МНТ-ны 181 дүгээр зүйлд: Тэмүүжин Сэнгүмд

Дээлтэй төрсөн хөвүүн би ажгуу

Нүцгэн төрсөн хөвүүн би ажгуу хэмээн хэлдгээс анд бололцох ёсны утга учрыг илүү ойлгох биз ээ.

Тал бололцох ёсыг үйлдэхдээ: Урьдаар тэдний аав ээж төрөл садангийн хүмүүс зөвшөөрч, өдөр судраа тохирч, товлосон өдөр аль дүү нь ахмадынхаа гэрт түрүүлэн очиж андын тангараг өргөж монгол ёс дагуу хоёул гарынхаа эрхий хурууг улаан утсаар холбон боож, эмээлийн тохмон дээр өвдөг нийлүүлэн суулгаж,

Тал эвдэрвэл тамын ёроол сахина

Сал эвдэрвэл далайн ёроол сахина хэмээх андгайн үгийг хэлж Эвийг засах хуурай Эвлүүлж наах даавуу Татаад тасрахгүй сур, морь (улаан ногттой цагаан зүсмийн) тэргүүтнийг солилцож тангарагладаг. Мөнхүү ёсыг гүйцэтгээд өргөн дэлгэр найр үйлддэг.

Бие биеэ “тал аа, тал ах аа”, талынхаа аав ээжийг “талын аав”, “талын ээж” гэж авгайлан дуудаж ажил төрөл, амьдрал ахуйдаа харилцан туслалцдаг ах дүүс манай нутагт олон. Энэ бол Чулуутынхны бие биеэ дэмжиж ирсэн нэгэн онцлог юм.

Чулуут голын цуурай, их хөдөлмөрийн уриа

Чулуут гол хангай нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч, Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч “Чулуут гол” болон 415 км урсаж, Идэр голын баруун талд очиж нийлнэ. Чулуут гол Тээлийн голын адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 50-60 м орчим хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Үүнийг Чулуутын хавцал гэж нэрлэдэг.

Чулуут гол, Чулуутынхны тухай нутгийн үргэлжилсэн үгийн зохиолын нэрт авьяастан О.Цэндийн “Эгийн саарал” роман, “Дулмаа олонтой нутаг”, Идээ сайхантай нутаг”, Чулуут голоор” өгүүллэг, Сарлагийн тухай дуу (Л.Ванганы хамт), Ардын уран зохиолч С.Эрдэнэ “Чулуут голын цуурай”, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн “Чулуут голынхон”, Б.Бааст “Ар булангаар нутагтай ангууч Бэлэгтийнд”, зохиолч Ч.Уламбаяр “Хурал болох нутаг”, Жамцын Шагдар “Цэвэлдорж” зэрэг нийтлэл тэмдэглэлээс гадна А.Самбалхүндэв, Ч.Мягмарсүрэн, Ц.Бавуудорж зэрэг яруу найрагчдын шүлэг нутгийнхан төдийгүй нийтийн дуртай дуу болон хүн ардын сэтгэлд уянгалсаар байна.

Чулуут гол, Чулуут сумынхаа нэрийг үеийн үед цуурайтуулж яваа Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Доржпалам, Д.Дашжоо, Р.Зинээмэдир, гавьяат багш Н.Биндэръяа, хүний гавьяат их эмч Г.Дуламжав, В.Пунцаг, Д.Дагвасүмбэрэл, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Намбар, гавьяат механикжуулагч Х.Самбага, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ренчинсамбуу, төрийн соёрхолт хүний их эмч Б.Батчулуун, төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, Улсын аварга малчин Т.Маргид, Ш.Ядамсүрэн, Д.Дашжоо, Б.Авирмэд, Д.Гунгаабуу төлчин Б.Дуламжав, эрдэмтэн доктор Г.Ренчинсамбуу, Б.Бэхтөр, Б.Дамдинсүрэн, Г.Буянтогтох, Н.Аминдаваа, Г.Ёндонгомбо, В.Дагвийхорол, Ц.Эрдэнэчулуун, Б.Пүрэвдорж, Ц.Чимэдлхам, зохиолч О.Цэнд, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Монгол Улсын арслан С.Лундаажанцан, улсын заан Н.Мэнтэг, П.Ванчигжав, Д.Ванчинсүрэн, Д.Даваасүрэн, Т.Зундуй, улсын начин Г.Сүхбаатар, П.Моломжамц, Б.Амарзаяа нараараа нутгийн ард түмэн бахархаж явдаг юм.

Мөн Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Бүх цэргийн жанжны нэгдүгээр орлогч, Улс төрийн газрын дарга, Бүх цэргийн ерөнхий комиссар, Цэргийн яамны дэд сайд О.Дашчирав, Дотоодыг хамгаалах газрын орлогч дарга, партизан Сэрээнэнгийн Гиваапил, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Ой мод, аж үйлдвэрийн яамны орлогч сайд асан Д.Сэд-Очир, Үйлдвэр худалдааны сайд асан С.Баярбаатар, УИХ-ын гишүүн Б.Болор нарын зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд энэ голынх оо.

МУИС-ийн багш Ч.БАТТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *