Categories
мэдээ нийгэм

Л.Энэбиш агсаны хөшөөний байршлыг өөрчилнө

Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим хөшөөг шилжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон байна. Энэ дагуу Баянгол дүүрэг 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэхтэй холбоотойгоор   Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болжээ. Тус уулзварыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр ахуйн үйлчилгээний одоо байгаа тойрог замыг өөрчлөн 4 замын уузлвар болгож аль аль тал руугаа шууд гарах боломжтой болох юм.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш  шилжүүлэн суурийг өндөрлөж, харагдах байдлыг илүү сүртэй болгохоор шийдвэрлэсэн хэмээн Нийслэлийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 метр урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 км гүүртэй болох юм. Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Л.Энэбиш агсан болон залуу жанжин Ж.Лхагвасүрэн нарын ар гэрийнхэнтэй хотын ерөнхий менежер уулзан,  бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хөшөөг шилжүүлэх, хаана, хэрхэн буцаан байршуулах талаар санал солилцож зөвшилцсөн гэнэ.