-Өмгөөлөгчид шүүх, шүүгч, прокурорыг энэ хэрэг дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд татгалзсан юм-
Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, Ц.Чандмань нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр Урьдчилан хорих 461 дүгээр ангид эхэллээ. Уг шүүх хурал энэ сарын 21-нд товлогдсон байсан ч шүүгдэгч Н.Отгонболдын өмгөөлөгч О.Сарангэрэл үл таних этгээдэд зодуулснаас үүдэж хойшлоод байсан юм. Өчигдөр шүүх хуралдааныг Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгч Б.Батболор даргалж шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Батгэрэл, улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурал эхэлсэн юм.
Шүүх хурлын ирцийг танилцуулсны дараа Д.Амарсайхан агсны өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүн, улсын яллагчаас татгалзах саналтай байгаагаа хэллээ. Тэрбээр “Талийгаач Д.Амарсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эмчилгээ хийлгэх хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэвч улсын яллагч үргэлжлүүлэн хорих санал гаргаж, шүүгч Б.Батболор тэр хэвээр нь баталсан. Эмчилгээ хийлгээгүйгээс болж миний үйлчлүүлэгч нас барсан. Үүнд шүүгчид, прокурор ямар нэгэн байдлаар буруутай. Тиймээс энэ бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байна” гэсэн юм. Д.Амарсайхан агсныг хорих байранд амиа алдсан хэрэгт холбогдуулан нэр бүхий хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа. Мөн Хүний эрхийн үндэсний байгууллагад хандсан. Тиймээс одоогийн бүрэлдэхүүн хэргийг шүүх үндэслэл байхгүйг өмгөөлөгч хэллээ. Мөн талийгаач Д.Амарсайханыг яллагдагчаар татаж, гарын үсэг зуруулсан баримт хавтаст хэрэгт байхгүй гэдэг асуудлыг өмгөөлөгч нь гаргаж тавилаа. Яллагдагчаар татаагүй байхад шүүх хэргийг хүлээн авч процессын алдаа гаргасан учраас шүүгч энэ хэргийг шүүх үндэслэлгүй гэж үзжээ. Дээрх байдлаар шүүгч, прокурор шууд болон шууд бусаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж өмгөөлөгч нь үзэж байгаа аж. Бусад шүүгдэгчдийн өмгөөлөгчид ч ийм саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал, жил шахам цагдан хоригдож байгаа Х.Анхбаярын өмгөөлөгчид “Х.Анхбаярын биеийн байдал муу. Шаардлагатай шинжилгээ хийлгэж, эмнэлгийн үйлчилгээ авах хүсэлтийг удаа дараа тавьсан ч прокурор эсрэг санал гаргадаг. Шүүгч хэвээр нь баталдаг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байгаа шалтгаанаа гүйцэтгэх ажлын хүрээнд нотлох баримт цугласан гэж тайлбарласан. Гэвч хавтаст хэрэгт тийм баримт байхгүй байна. Энэ бол шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүйгээр хүний эрхийг зөрчиж байна гэсэн үг. Хэт яллах талыг барьж байгаа гэж үзэх үндэслэл байгаа учраас ийм бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжгүй байна” гэлээ. Шүүгдэгч Н.Отгонболд, Ц.Чандмань нарын өмгөөлөгчид ч ийм саналтай байгаагаа хэлсэн юм. Ц.Чандманийн өмгөөлөгч Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс татгалзаж, өөр шүүхээр хэргийг хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа мөн хэллээ. Өмгөөлөгчид “Бид та бүхнээс татгалзах санал тавих биш хүний амь нас эрсэдсэний төлөө та нар энэ хэргээс татгалзмаар юм. Ийм хүн ёсны асуудал ярьж байхад шүүх хэтэрхий гүргэр байгаад гайхаж байна” гэдэг асуудлыг ярьж байлаа.
Ингээд шүүх хурал завсарлаж өмгөөлөгчдийн тавьсан хүсэлтийг хэлэлцээд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II Шүүхийн ерөнхий шүүгчтэй зөвшилцөхөөр болсон. Шүүх хурал 15.00 цагт үргэлжилж өмгөөлөгчдийн тавьсан хүсэлтийг хүлээж авсангүй. Харин шүүгдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч өөр хуралдаантай гэх шалтгаанаар шүүх хуралдааныг ирэх сарын 5-ныг хүртэл хойшлуулсан юм. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс татгалзсан өмгөөлөгчийн хүсэлтэд ямар нэгэн хариу өгсөнгүй. Ингэснээр ирэх сарын 5-нд дээр дурдсан шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэж, нас барсан хүнийг шүүхээр болж буй юм. “Өдрийн сонин” шүүхийг гөжүүд биш ухаалаг байгаач гэж бичиж байсан. Гэвч шүүх гөжүүдэлсээр байгаагаа энэ удаагийн хуралдаанаар харууллаа.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тухайд талийгаач Д.Амарсайханыг шүүгдэгч Х.Анхбаяраас байр авлигад авсан. Үүнд шүүгдэгч Ц.Чандмань, Н.Отгонболд нар зуучилж, авлигыг нуун далдалсан гэж яллагдаж буй. Мөн Х.Анхбаярыг бусдаас тусгай зөвшөөрөл худалдаж авахдаа 30 хувийн татварыг нь суутгаж авч үлдээд улсад төлсөнгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар яллаад байгаа юм.
Авлигын гэх байрны тухайд Газрын тосны газраас зарласан нээлттэй тендерт “Тэнгэри холдинг” компанийг шалгаруулсныхаа хариуд Зайсангийн “Роял Грийн Вилла” хотхон дахь 160 метр.кв талбайтай орон сууцыг гараашийн хамт авлигад авсан. Ийм авлигыг “Тэнгэри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр Д.Амарсайханд өгөхдөө түүний ахынх нь хүү болох Ц.Чандманийн нэр дээр шилжүүлсэн. Орон сууц шилжүүлэх гэрээг “Тэнгэри холдинг” компанийн ерөнхий менежер Н.Отгонболд хийж, авлигыг халхавчилсан гэж байгаа. Гэхдээ Газрын тосны газраас зарласан гэх тэр тендерийг 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зарлажээ. Уг тендерт аль нэг компани шалгарч, ямар нэгэн ажил гүйцэтгээгүй. Тухайн үед явцын дунд замхарсан тендер аж.
Харин дээр дурдсан Зайсангийн “Роял Грийн Вилла” хотхон дахь орон сууцны тухайд шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Өдрийн сонин”-д “Тэнгри Холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр Хас банкинд салбарын захирлаар ажиллаж байсан Ц.Чандманийг компанидаа ажиллах санал тавихдаа машин, байр авч өгнө гэж амласан байдаг. Ер нь компанийнхаа гол ажлыг нугалах дөрвөн залуугийн байр, унааг шийдсэн. Тэдний нэг нь Ц.Чандмань. Гэхдээ Ц.Чандманьд өгөх байрыг Х.Анхбаяр өөрөө амьдрахаар авчихсан байсан, нэлээд үнэтэй орон сууц. Тиймээс 100 мянган ам.долларыг төлж байж тэр байрыг ав гэсэн байна лээ. Ингээд Ц.Чандмань 100 мянган ам.долларыг төлж орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед Х.Анхбаяр гадаадад байсан учраас ерөнхий менежер Н.Отгонболд итгэмжлэхээр нь орон сууцны бичиг баримтыг Ц.Чандманийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Ц.Чандмань хотын төвд байртай учраас Зайсан дахь орон сууцандаа ороогүй юм билээ. Ингээд Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан тэдний Зайсан дахь байрыг түрээслэхээр болж.
Тэр үед Д.Амарсайхан агсан гэр бүлийн шалтгаанаар байр хайж таарсан юм билээ. Ингээд ахынхаа хүүгийн байрыг түрээслээд амьдарч байтал Х.Анхбаярын хэргийг шалгасан мөрдөн байцаагчид Ц.Чандманийн нэр дээрх байранд Д.Амарсайхан агсных амьдарч байгааг мэдсэн” гэж тайлбарласан билээ. Ингээд Д.Амарсайхан агсныг амьдарч байгаа орон сууцаа авлигад авсан гэж шалгаж эхэлжээ.
Шүүгдэгч Х.Анхбаярыг авлига өгснөөс гадна татвар төлөхөөс зайлсхийж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол оногдуулсан гэх хэрэгт яллаад байгаа.
Тэрбээр 12 тэрбум төгрөгөөр ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл худалдаж авчээ. Ингэхдээ орлогын албан татвар болох 3.6 тэрбум төгрөгийг суутган авч төсөвт төлөөгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллажээ. Тусгай зөвшөөрлөө худалдаж байгаа хүн өөрөө орлогоо тодорхойлоод татвар төлөх хуультай. Харин худалдаж авч байгаа хүн өмнөөс нь татвар төлөх хуулийн үндэслэл байхгүй гэдгийг өмгөөлөгчид нь тайлбарласан билээ.
Ц.Өрнөх