Categories
мэдээ улс-төр

Улсын өрийн хэмжээ 2015-2017 онуудад хуульд заасан 40 хувийн хязгаараас хэтрэхгүй гэв

 Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон нар танилцуулав.  Эдгээр хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааанаар хэлэлцэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй учраас төслүүдийг Засгийн газарт буцаасан. Гэвч дараа оны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөллийн тухай хуулийг тухайн оны 6 дугаар сарын 1-ний дотор батлах хуулийн заалттай учраас Засгийн газар төслүүдийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн дахин өргөн барьсныг Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн юм.

 Сангийн сайд Ч.Улаан илтгэлдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016- 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Түүнчлэн уг хуулийн 19.3-т “энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр ордын ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж заасан. Улсын өрийн хэмжээ 2015-2017 онуудад хуульд заасан 40 хувийн хязгаараас хэтрэхээргүй байна гэдгийг дурдав.

  Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Энхболд, С.Дэмбэрэл, Н.Энхболд, Ц.Оюунбаатар нар Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улсын 2015 оны болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэж байгаа. Тухайлахад, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх; эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох; тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаадаг байх; төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгох; хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зарчим баримталж байгаа гэлээ. Мөн улсын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаахын тулд 2015 онд хөнгөлөлттэй зээл авах, бонд, баталгаа гаргах зэргээр шинээр өр үүсгэх боломжгүй болж байна. Иймээс хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарласан бодлого оруулж ирж байгаа гэдгийг хэлэв. 

Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Зоригт, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар үг хэлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 42 нь буюу 80.8 хувь нь дэмжлээ. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *