Categories
мэдээ цаг-үе

“Рио”-гийн 20 тэрбумын гэрээ Гвинейн хувь заяаг өөрчлөх нь

Монголын Засгийн газрыг Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт дээр “Рио”-той учраа ололцохгүй цаг алдаж байх энэ үед дэлхийн уул уурхайн гигант гэгддэг “Рио” Африкийн буурай орны нэг Гвинейн Засгийн газартай хөрөнгө оруулалтын том гэрээ байгуулчихлаа. “Рио тинто” Гвинейн Засгийн газрын хооронд Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг батлаад байгаа юм. Симандоу бол дэлхийд нөөцөөрөө дээгүүрт жагсдаг төмрийн хүдрийн орд. Төслийн нийт өртөг нь 20 тэрбум ам.доллар гэсэн аварга тоо сонсогдож байна.  Төсөл ашиглалтад орсноор “Рио” жилд 95 сая тонн хүдэр олборлож экспортолно. Африктаа нөөцөөрөө тэргүүлдэг төмрийн хүдрийн том ордын буянаар Гвинейн эдийн засагт  жилдээ 7.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орно гэсэн тооцоо хүртэл гарчихаж. Симандоу ордоо ашиглалтад оруулснаар Гвиней Улсын төсөвт жил бүр 1.2 тэрбум доллар рояалти, татварын хэлбэрээр орж ирнэ. Цэргийн дэглэмээс салаад удаагүй байгаа, эмзэг эдийн засагтай энэ улс төмрийн хүдрийн ордоо “Рио”-той хамтран ашиглаж эхэлбэл хөгжихөд асуудалгүй гэж үзэх шинжээч олон байна. Гвинейд хоёр жилийн өмнө  олон улсын тусламжийн байгууллагуудаас 340 сая ам.долларын хандив цуглаж байж. Харин одоо байдал өөрчлөгдөх нь. Гвинейн эдийн засагт гэгээ татсан энэ өдрүүдэд  олон улсын “Мүүдис” агентлаг манай улсын бондын зэрэглэлийн хэтийн төлвийг валютын нөөц нь дуусах гэж байгаа, гадаад өр ихтэй гэсэн шалтгаанаар сөрөг хэмээн тодорхойлоод байгаа.

ГВИНЕЙН ЗАРИМ ИРГЭД ӨНӨӨГ ХҮРТЭЛ БАЛАР ЭРТНИЙ ШАШИН ШҮТДЭГ

 Гвинейн хувьд уул уурхай айхавтар хөгжчихсөн улс биш. Нийслэл нь Конакри. Нийт иргэдийнх нь 70 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбартаа ажилладаг гэж Википедиад онцолжээ. Цагаан будаан тутарга, кофе, хан боргоцой, гадилаа зарж амьдардаг улс юм байна.

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай Африкийн энэ улс Атлантын далайд гарцтай. Хойд талаараа Гвиней-Биссау, Сенегал, Мали, урд талаараа Котд Ивуар, Либери, Сьерра Леоне гэх зургаан улстай газраар хил залгадаг. Арван сая гаруй хүн нь  24 ястанд хуваагдана. Зонхилох ястан нь фула, мандика, сусу нар. Иргэдийнх нь 85 хувь нь исламын шашинтан. 4.6 хувь нь балар эртний шашин шүтэгсэд. Харин 4.3 хувь нь христүүд. Албан ёсны хэл нь Франц. Гэхдээ манинка, сусу, фулар, кисси, кпелле,лома хэлнүүд өргөн тархсан. 

Түүх сөхвөл Гвиней улс IX-XV зууны үед Гана вант улс болон Мали эзэнт улсын нэг хэсэг байж. XV зуунд Португалийн колоничлогчид цөмрөлт хийж, 1885 оны Берлиний хурлаар Францын хүчний хүрээнд оруулжээ. 1893 оноос Францын харьяа Гвиней гэгдэх болж. Энэ улсын иргэд XIХ зууны сүүлчээр вант улс байгуулж Францын эсрэг тэмцлээ эхлүүлж XX зууны эхээр бүр зэвсэгт тэмцэлдээ хүртэл хурцаджээ. Ингээд 1958 оны есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулж Францын хамтын нийгэмлэгт багтахаас татгалзсан байна. Сарын дараа буюу аравдугаар сарын 2-нд тусгаар тогтнолоо зарлаж БНГУ-ыг байгуулж, Ерөнхийлөгчөөрөө Сайгү Дүр гэгчийг сонгожээ. Ерөнхийлөгч нь 1984 оны гуравдугаар сард нас барж, сарын дараа хурандаа Лансана Контегээр тэргүүлүүлсэн цэргийнхэн төрийн эргэлт хийж, төрийн эрхийг авч Гвинейн хоёр дахь бүгд найрамдах улсыг байгуулсан түүхтэй. Энэ улсад олон намын тогтолцоо үүссэн үе нь 1992 он. 1993 оны арванхоёрдугаар сард ардчилсан засаглалын анхны Ерөнхийлөгчийн сонгууль хийсэн аж. Ардчилсан сонгуулиар өмнөх Ерөнхийлөгч нь дахиад сонгогджээ. Лансана Конте 24 жил төрийн эрх барьсны эцэст 2008 оны арванхоёрдугаар сард нас барсан байна. Гвинейн сангийн нөөц Лансана Контегийн эрх барих хугацаанд барагдаж дуусчээ.  Экс Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн асар их эд хөрөнгөтэй гэж гайхагддаг байж. 

Одоогийн Гвинейн  Ерөнхийлөгч Альфа Кондег  2010 онд тангаргаа өргөхөд Францаас тусгаар тогтнолоо зарласны дараа 50 орчим жил захиргаадалтын нийгэмд байсан энэ  улсад түүхийн шинэ хуудас нээх хүн төрийн эрхэнд гарлаа гэсэн мэдээлэл түгж байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Энэ үед Францын гадаад хэргийн сайд асан Бернард Коучнер Гвинейчүүдэд эерэг үлгэр жишээ үзүүлж байгаад нь талархал илэрхийлж байжээ. Уг сонгуулийг НҮБ-аас зарлаж байсан аж. Гол зорилго нь Зааны ясан эрэг гэх мэт Африкийн бусад улсуудад ардчиллын үлгэр  жишээ болгох байж. Альфа Конде Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улсынхаа дэг журамгүй гэдгээрээ алдартай цэрэг армийг шинэчилж, ард иргэддээ боловсрол эзэмшихэд нь анхаарч,  гэрэл цахилгаан, цэвэр усны хангамжийг сайжруулахаа амлажээ. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед Гвинейн парламентийн сонгууль явалгүй удсан байж. Өмнөх Ерөнхийлөгчийн үед парламентийн сонгуулийг хамгийн сүүлд 2002 оны зургадугаар сард л зохион байгуулж байсан гэдэг. Тухайн үед Европын холбоо хямралд орсон энэ улсад “Ардчилсан сонгууль явуулахгүй бол ямар ч тусламж үзүүлж чадахгүй” гэж мэдэгдэж байжээ. Ингээд  Гвиней улс удтал хийгээгүй парламентын сонгуулиа Альфа Кондег Ерөнхийлөгч болсны дараа хийж байж. Сонирхуулахад Альфа Кондег Ерөнхийлөгч болсноос хойш жилийн дараа харш руу нь зэвсэглэсэн хүмүүс дайрсан түүх бий. Хоёр цагийн турш дайралт хийсэн босогчдыг Гвинейн цэргүүд гэж хэвлэлээр мэдээлж байж. Энэ үйл явдлыг төрийн эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн гэх тайлбар дагадаг. 

Энэ улсын Ерөнхий сайд нь Мохамед Сайд Фофана. Гвинейн нэг хүнд ногдох ДНБ 448 ам.доллар. Мөнгөн дэвсгэрт нь гвиней франк. Сонирхуулж хэлэхэд хоёр жилийн өмнө Дэлхийн банк, ОУВС их хэмжээний өртэй ядуу буурай орнуудыг дэмжих бодлогынхоо хүрээнд Гвинейн гадаад өрийн гуравны хоёрыг нь цайруулжээ. Хүчингүй болгосон өр нь 2.1 тэрбум гаруй ам доллар байж. Гвинейн Ерөнхийлөгч энэ дэмжлэгийг эдийн засгийг  нь сэргээх чухал боломж гэж онцолж байсан аж. 

ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ ТЭРГҮҮЛДЭГ ТӨМРИЙН ХҮДРИЙН СИМАНДОУ ОРД

Хөдөө аж ахуйгаас өөр олох орлогогүй Гвинейн хувь заяаг өөрчлөх нь тодорхой болсон Симандоу орд 2.4 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Хүдрийн агуулга нь 62 хувь. 

Өчнөөн жилийн турш яригдаж байж саяхнаас биеллээ олж эхэлсэн энэ төслийг хэрэгжүүлэхэд   “Рио тинто” компани Хятадын “Чайналко”, ОУВС-тай хамтарна. Хөрөнгө оруулагчид ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тохироог хийжээ. Төмөр зам зэрэг дэд бүтцийн асуудлыг нь ч давхар шийдэж өгөхөөр болж. Ордоос Гвинейн Конакри хойд хэсгийн эрэг буюу Conakry хот хүртэл 700 км үргэлжилсэн төмөр замыг хөрөнгө оруулагчид мөнгөө гаргаж тавина. Зарим эх сурвалжид  650 км гэсэн тоо ч харагдаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтад долоон тэрбум ам.доллар зарах тооцоо гарчээ. Хөрөнгө оруулагчдын барьсан төмөр зам 30 жилийн дараа тус улсын Засгийн газрын мэдэлд шилжинэ. Хүдрийг ачаалах боомтын дэд бүтцийн санхүүжилтийг ч хөрөнгө оруулагчид шийдэх гэнэ. Тодруулж хэлбэл “Морбая” эргийн боомт, бусад дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалт Гвинейд өрнөх гэж байна. Төсөл хэрэгжүүлэгчид Симандоугийн баялгийг зөөхдөө Хятад, Европыг холбосон далайн боомт байгуулж, усан онгоцны тээвэр ашиглана.  Боомтод дөрвөн тэрбум ам.доллар, дэд бүтцийн бусад байгууламжид 2.5 тэрбум доллар зарцуулахаар болж. Төмөр замын даац, боомтын ачаалах хүчин чадал нь  жилд 100 сая тонн байх нь. Дээрх бүтээн байгуулалтад 1000 км сайжруулсан зам бас багтаж байгаа.  

“Рио”-гийн төмрийн хүдрийн олборлолтын 30 гаруй хувийг Симандоугийн олборлолт бүрдүүлнэ гэсэн тооцоо байна. Хөрөнгө оруулагчид Симандоу ордод одоогоор гурван тэрбум ам.доллар зарцуулаад байгаа аж. Гвинейн Засгийн газар 3.5 хувийн рояалти татвар, 30 хувийн ашгийн татвар авахаар тохиролцжээ. Симандоу “Рио тинто”-гийн  хэрэгжүүлж буй төмрийн хүдрийн уурхайнуудаас нөөцөөрөө гуравдугаарт жагсах орд аж.  “Рио тинто”  2011 оны дөрөвдүгээр сард Гвинейн Засгийн газартай гэрээ хийн Симандоу төслийг ашиглах зөвшөөрлөө авсан юм. Тэр үеэр  “Рио Тинто”  Гвинейн Засгийн газарт 700 сая ам.доллар төлөх тохироо хийжээ. Мөн ордын нийт хувьцааны 35 хувийг эзэмшүүлэх шийдэлд хүрсэн байна. Сүүлийн мэдээллээр Симандоу уулын төмрийн хүдрийн төслийн найман хувийг Гвинейн Засгийн газар, 47 хувийг “Рио Тинто”, 41хувийг “Чайналко”, үлдсэн таван хувийг Олон улсын валютын сан эзэмшиж байгаа аж. Ойрын хорин жилд Гвиней эзэмшлийн хувиа 35 хүртэл нэмэгдүүлэх  юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд эзэмшлийн хувийг ийм маягаар тусгаж өгчээ. Тодруулж хэлбэл 7.5 хувийг нь  үнэ төлбөргүй, харин 20 хувийг худалдаж авах зарчмаар эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх сонголтыг гэрээнд тусгаад өгчихөж.

1997 оноос Симандоу уурхайг сонирхож эхэлсэн “Рио” Гвинейн төмрийн хүдрийн ордыг санхүүжүүлэхийн тулд  Абу Дабигийн хөрөнгө оруулалтын компани болох “Мубадала” болон Кувейт, Катарын үндэсний баялгийн сангуудтай хэлэлцээ хийж эхэлсэн талаар дөрвөн сарын өмнө хэвлэлээр мэдээлж байв. Үүнээс гадна  Хятадын хөгжлийн банк, Хятадын арилжааны банк болон Хятадын хөрөнгө оруулалтын корпорацитай хэлэлцээ хийж эхэлсэн гэж  “Financial Times” хэдэн сарын өмнө онцлон мэдээлж байсан юм.  Гвинейн Уул уурхайн сайд Керфалла Янсане хөрөнгө оруулалтын гэрээгээ даруйхан хиймээр байна гэсэн мэдэгдлийг сүүлийн үед удаа дараа хийсэн аж. Симандоугийн ордын олборлолтыг 2018 оноос явуулж эхэлнэ гэж хөрөнгө оруулагчид нь төлөвлөжээ. 

Юутай ч манай “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Рио тинто” Африкт  20 тэрбумын өртөгтэй ийм аварга төсөл хэрэгжүүлээд эхэлчихлээ. Харин Монголын “Оюу толгой” төсөлтэй холбоотой сүүлийн мэдээ гэвэл 300 ажилтны цомхотгол л байна. 

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *