Дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт болох “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр дээр очоод ирлээ. “Бумбат” нисэх онгоцны буудалд буусныхаа дараа кэмп рүү хөдлөв. Биднийг тосч авсан хөтлөгч унаанд суумагц бүсээ зүүхийг сануулж сайтын байрлалыг тайлбарлав. Оюу толгойн бүсэд нэвтрэхийн тулд хүн бүр аюулгүй ажиллагааны сургалтад суух үүрэгтэй.
Биднийг очсон өдөр ханган нийлүүлэгчдийн аюулгүйн ажиллагааны гуравдугаар форум эхэлсэн юм. Уг форумыг хагас жил тутам зохион байгуулдаг аж. Энэ удаагийн форумд 150 орчим хүн оролцлоо. Зуу гаруй нь “Оюу толгой”-той гэрээтэй ажилладаг компаниудын төлөөлөл бол 50 орчим нь “Оюу толгой”-н ахлах менежерүүд аж.
“Оюу толгой”-н ханган нийлүүлэгч болохын тулд “Рио тинто” компанийн болон Монгол Улсын хууль дүрмийг дагаж, шаардсан бүх стандартыг хангах учиртай юм байна.” Тухайн компанийн бүх түүхийг харж байж сонгох эсэхээ шийддэг” гэж Оюу толгой ХХК-ийн ерөнхий менежер Марк Слатер онцоллоо.
Форумын үеэр гэрээт компаниуд хийсэн ажлуудаа танилцуулдаг аж. “Моннис” компани ажилчдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаагаа танилцуулсан бол “Оюу толгой”-г байгуулагдсанаас нь хойш хамтарч ажилласан “Бамбай секурити сервис” ХХК-ийн дэд захирал П.Мягмарсүрэн нийт ажилчид, ханган нийлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладгаа ярьсан юм. Өнгөрсөн онд “Оюу толгой”-н шилдэг ханган нийлүүлэгч болсон тус байгууллагаас тус газар 670 хүн ажилладаг аж. “Оюу толгой”-д өнгөрсөн жил 2336 компани ханган нийлүүлэгчээр ажиллаж 1.4 их наяд төгрөгийн орлоготой ажилласан байна.
“Оюу толгой”-н бүрэн автомат ундны усны үйлдвэртэй танилцлаа. “Energy international” компанийнхан 400 метрийн гүний усыг цэвэршүүлж эрдэсжүүлж гаргадаг болжээ. Гүний усны давслаг байдал нь малчдын уудаг уснаас тав дахин их байдаг аж. Энд эрдэсжүүлсэн цэвэр усаа 18.5 литр баллоноор савлан гаргадаг. Уг үйлдвэрийн хүчин чадал нь 60 метр куб аж. “Оюу толгой” хоногт 500 метр куб ус ашигладаг гэнэ.
Оюу толгойн кампус руу орохын өмнө Соёлын өвийн гэр хэмээх найман ханатай гэрийг сонирхов. Дотор нь дээр үеийн гал тогооны гуулин эдлэлүүд өржээ. Нутгийн хэдэн хөгшчүүл гэрт сууцгаажээ. Биднийг ормогц ингэний хоормогоор дайлж говийн соёлын талаар яриа өрнүүлсэн юм. Энэ гэрт нутгийн хөгшчүүд ээлжлэн сууж ирсэн хүмүүст говийнхоо соёлыг танилцуулдаг гэнэ. Гадаадаас ирсэн зочид энэ гэрээр заавал орж, говийн соёлтой танилцан зургаа татуулдаг гэсэн. Энэ нь “Оюу толгой”-н хэрэгжүүлж буй соёлын өвийн томоохон төслийн нэг аж.
“Оюу толгой”-н уурхайд хүнд даацын 28 машин ажилладаг юм байна. Нэг машин гэхэд л 250-300 тонн хүртэлх ачаа ачих чадалтай. Ганц дугуй нь л гэхэд 10-25 мянган ам.долларын үнэтэй. Дугуйны өндөр нь 3,6 метр, нэлээд биерхүү хүн хажууд нь зогсоход жижигхэн харагдах юм. “Оюу толгой”-г сонирхох гэж ирсэн хүмүүс энэ аварга дугуйны хажууд зургаа авахуулдаг жишиг бараг л тогтчихож. Энэ аварга машинуудыг засах зориулалтын гараашийг ч барьжээ.
Одоогийн байдлаар ил уурхайд 120-130 метр гүнтэй тойрог үүсчээ. Эндээс хүдрээ олборлож баяжуулах үйлдвэр рүүгээ зөөнө. Ажилчид нь 24 цагаар өглөө оройн ээлжээр ажилладаг гэнэ. Хоногт 220 мянган тонн хүдрийн баяжмал олборлож байгаа юм байна. “Тойргийн гүний урт 570-580 метр явна гэсэн тооцоотой ажиллаж байгаа” гэж Уурхайн олборлолтын ахлах ажилтан С.Гантогтох хэллээ. Ил уурхайд долоо хоногт хоёр удаа тэсэлгээ хийдэг гэнэ. Өдрийн ээлжинд зуугаад хүн, шөнийн ээлжинд 70-80 хүн ажилладаг байна. Ил уурхайгаас өдөрт 100 мянган тонн хүдэр олборлож анхдагч бутлуур руу зөөдөг аж. Одоогоор “Оюу толгой”-н далд уурхайн ажиллагаа зогссон ч бүтээн байгуулалтынх нь ажил удахгүй эхэлнэ гэдэг итгэж байгаагаа төслийнхөн хэлж байв.
Сонирхуулж хэлэхэд, Оюу толгойн үйлдвэрийн хэтийн төлөвийн тухайд компани үйлдвэрлэлийн хэмжээгээ нарийн зохицуулж, шаардлагатай үед хэрэглэгчдийнхээ захиалгад нийцүүлэх замаар 2014 оны эцэс гэхэд нөөцийн хэмжээгээ хэвийн түвшинд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд нийт 135.000-160.000 тонн баяжмал дахь зэс, 600.000-700.000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Анхдагч бутлуур руу очсон хүдэр баяжмалын үйлдвэрт туузан дамжуургаар дамжин хүрдэг байна. Хэд хэдэн дамжлагад орж бутлагдсан хүдэр хөвүүлэн баяжуулах хэсэгт ирнэ. Хөвүүлэн баяжуулах хэсгээс гарсан баяжмал агуулах руу ачигддаг. Эцсийн дамжлага нь баяжмалаа савлах. Ингээд л тус бүртээ хоёр тоннын баяжмалтай том шуудайнууд агуулахаас урд хөрш рүү ачигддаг байна. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ нь 5800 орчим тонн байжээ. “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машины цуваа гарч байжээ. Энэ онд 692 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 98.3 мянган тонныг нь үйлдвэрлээд байгаа юм байна. Он гарснаас хойш долоо хоногт 6000 орчим тонн баяжмал экспортолжээ.
“Оюу толгой”-н эрүүл мэндийн паспорт гэж гарснаас хойш ажилчдын 1300 орчим хүн ийм паспорттой болжээ. Энэ хүмүүст эрүүл хооллолтын сонголт хийж өгдөг гэнэ. Тэнд “SOS” эмнэлэг ажилладаг аж. Нэг ээлжинд нь 36 хүн ажилладаг аж. Тус эмнэлэгт өдөрт 50-80 хүн үзүүлдэг байна. Ажилчдын 48 хувь нь 21-35 насныхан, 50-иас дээш насныхан хоёр, гурван л хувийг эзэлдэг учраас архаг хууч өвчтэй хүмүүс бага байдаг аж. Сонирхуулж хэлэхэд “Оюу толгой”-д сэтгэл зүйч тусгай гэрт байрлан ажилладаг болжээ.
Биднийг буцах өдөр говьд бороо орлоо. Төслийн ажилчид “Одоо л зун болж байна” хэмээн олзуурхах нь тэр. “Бумбат” нисэх онгоцны буудалд ирэхэд өглөөнөөс хойш орсон бороо ширүүсч говь нутгийн хөрсийг чийглэсээр үлдсэн юм.
С.Ариунжаргал