УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Газрын тосны тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуралдаанаар хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонх дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг томилов. Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ.