Categories
мэдээ нийгэм

Бизнесийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалт болно

Шинэчлэлийн Засгийн газрын ЭЗЭН-100 (Эдийн засгийг эрчимжүүлэх нийт 100 хоног)-ийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх хамгийн чухал ажил бол Монголд бизнес эрхлэх  таатай орчиныг  бүрдүүлэх явдал. Ингэснээр Монголын эдийн засагт шаардлагатай  хөрөнгө мөнгийг богино хугацаанд   зах зээл рүү татах боломжтой болно” гэлээ.  Тэрээр өнгөрсөн долоо хоногт эдийн засагийг эрчимжүүлэх чиглэлээр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-д хийсэн айлчлалыг онцоллоо. Эдгээр айлчлал нь ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэж байгаа өргөн цар хүрээтэй, дэлхийн хэмжээний дэд бүтцийн төслүүдэд Монгол улсын оролцоог бий болгоход чиглэгдсэнээрээ чухал ач холбогдолтой юм гэлээ.

Эдийн засгийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн долоо хоногт  бизнесийн орчныг сайжруулах, эдийн засагт учирч буй бэрхшээлийг   давах туулах  талаар 120 гаруй бизнес эрхлэгчтэй уулзаж санал солилцжээ. Уулзалтын үр дүнд “Банкны холбоо”-той хамтран зээлийн эргэн төлөлтийг нааштайгаар шийдэх, банкинд байршиж буй хөрөнгийг эргэлтэнд оруулж бизнесийн салбар болон төсөл хөтөлбөрт зарцуулах асуудлаар зөвлөмж хүргүүлэхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 579 төслийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь бизнес эрхлэгчдэд боломж олголоо. Харин шийдвэрүүдийг богино хугацаанд ажил болгох нь чухал гэлээ.

Ирэх зургадугаар сарын 19-21-ний хооронд “Монголын эдийн засгийн форум”-аас бизнесийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулга уулзалтыг  бизнесийн салбарынхан болон гадаадад байгаа Монголын ЭСЯ-уудтай хамтран хөрөнгө оруулагчдыг татахаар хамтран ажиллаж байна.

Чуулга уулзалтын үеэр  бизнес эрхлэгчид  хөрөнгө оруулалт хайж байгаа төслөө гаднын хөрөнгө оруулагчдад танилцуулах  боломжтой. Одоогоор Герман Турк, Иордан, Итали,  Энэтхэг зэрэг орны компани, хөрөнгө оруулагчид оролцохоо мэдэгдсэн. Цаашид оролцох орны тоо нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *